Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу СЕХ 2024 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргах ёстой. Энэ хүрээнд өнөөдөр нийт 152 нам эвслийн нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан билээ. Тэгвэл шалгуур хангасан нэр дэвшигчид эхнээсээ баталгаажих юм. Ингэснээр 6 дугаар сарын 10-нд нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн үнэмлэх олгох ажиллагаа эхэлснээр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ.
МАН-ын хувьд нэр дэвшигчдээ албан ёсоор баталгаажуулж, өнгөрсөн мягмар гарагт хариуцлага ёс зүйн гэрээ байгууллаа. Тус намын жагсаалтад багтсан нэр дэвшигчид дунд, УИХ, Засгийн газрын гишүүн, хуучин улстөрчдөөс багтаагүй, бүгд тойрогт хүч үзэхээр болоод буй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 4 жилд хийсэн ажлынхаа дүнг тавиулна. Тиймээс зарим тойрогт нэлээн хүч тавьж байгааг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас харж болох юм.
Тухайлбал, сонгуулийн хоёрдугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт нар мандатаа хадгалж үлдэж чадсан. Шинээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабал, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, ХҮААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар нэр дэвшсэн билээ.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нарын хувьд өмнөх сонгуульд нэр дэвшин сонгогдож байсан Завхан аймгийг хамарсан тойрогтоо нэр дэвшсэн юм. Мөн УИХ, Засгийн газрын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт нар нэр дэвшээд буй юм. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд Говь-Алтай аймгийн угшилтай хүн учраас аль эртнээс аймгаа налж, энэ удаагийн сонгуульд өрсөлдөхөөр горилсон нь тодорхой байсан бөгөөд тэрбээр нам дотроо нэр дэвшигчдийн тэргүүн эгнээний хүн юм.
Харин Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал мөн 2-р тойрогт нэр дэвших эрхээ авсан бөгөөд түүнийг татварын хуулиудтай холбоотой шинэчлэл, татварын албаны бүрэн цахимжуулалт, татварын орлого давж биелсэн, Оюутолгойн гэрээг шинэчлэх ажлын хэсэгт ажилласан, Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр зэрэг ажлын үзүүлэлтээр энэ жагсаалтад багтаасан гэж буй.
Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа залуус, эмэгтэйчүүдийн төлөөлөл болж орж ирсэн. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хувьд энэ тойрогт шинэ хүн. З.Мэндсайханы хувьд түүнийг Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн гэж ярьдаг.
Тэгвэл АН-ын хувьд дотоод хэрүүл нь намжаагүй, фракциудын дунд зөрчилдөөнтэй хэвээр байна. Намын дарга Л.Гантөмөр “Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт, тогтоолыг нэгийг л хүргүүлсэн” гэж байгаа ч жагсаалтын хэрүүл үргэлжилсээр байгаа аж.