Зургийн тайлбар: Уг цахим бугуйвч нь дотроо метал ган тросстой бөгөөд таслах боломжгүй юм.
Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хорих ял биш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж цахим бугуйвч зүүлгэхээр боллоо. Эрүүгийн хуульд заасан уг ял нь 2021 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх ба олон давуу талтай. Үүнд:
1. Цахилгаан бугуйвч зүүлгэж, зорчих эрхийг хязгаарласнаар сурч, ажиллах боломжийг олгоно.
2. Цахим бугуйвч хэрэглэснээр улсын төсөвт хорих ял эдлүүлэх зардлаас гурван тэрбум төгрөг хэмнэгдэнэ.
3. Цахилгаан бугуйвчийг тайлах, таслахыг оролдвол хорих ял болгон хүндрүүлж шийтгэнэ.
Энэ тухай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 197 заалтад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар өөрчилсөн. ХЗДХ-ийн яам зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх тухай 2020 оны 7-р сараас эхлэн суурь судалгаа тооцоог хийн ЗГ-ын хуралдаанд танилцуулсан. Энэ хууль хэрэгжснээр хүнийг заавал нийгмээс тусгаарлаж хорих биш цахим бугуйвч зүүж, зорчих эрхийг нь хязгаарлах замаар сэтгэл зүйн дарамтад өртөхөөс сэргийлж, сурч, хөдөлмөрлөх боломжтой байдлаар засан хүмүүжүүлэх боломж бүрдэнэ.” гэлээ.