Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газраас татвар төлөөгүй, оношилгоонд хамрагдаагүй, өндөр торгуультай тээврийн хэрэгслийг RF ID буюу телекамерын ухаалаг системийг ашиглаж хотын төв рүү оруулахгүй байх зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна. Энэхүү телекамерын ухаалаг системийг ирэх аравдугаар сарын дундаас нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Тухайлбал замын хөдөлгөөнд оролцож байгаа машин дээр чип суурилуулж ухаалаг камерын тусламжтайгаар ямар нэгэн асуудалгүй тээврийн хэрэгслүүдийг л нийслэлийн төв рүү (Бага тойруу, Их тойруу) нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зөрчил гаргаж, торгуулиа төлөөгүй 4.5 сая гаруй тохиолдол байна. Энэхүү ажлыг эхлүүлснээр эдгээр торгуулийг түргэн хугацаанд төлж барагдуулах хөшүүрэг болж өгөх юм. Үүнийг дагаад жолооч нар дүрмээ баримталж явдаг, татвараа цаг хугацаанд нь төлдөг болно гэж Нийслэлийн удирдлагууд үзэж байгаа юм байна.