Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч М.Дуламсүрэн, жолооч Д.Энхжаргал нарын алсын дуудлагын баг энэ сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймагт ажиллаж, авто ослын улмаас цээжний хөндийн битүү гэмтэл болон олон хавирганы тогтворгүй хугарал, дотор эрхтний гэмтэл хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүллээ.
Тодруулбал, ГССҮТ-ийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал Р.Гантуяа тэргүүтэй зөвлөлийн шийдвэрийн дагуу тус алсын дуудлагын баг бүрэлдэхүүн Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч Маргулан, Бауыржан, мэдээгүйжүүлэгийн эмч Сураужан, Бибигул, мэдээгүйжүүлэгийн сувилагч Армангул, мэс заслын сувилагч Нургул, Хуаныш, асрагч Нуржанар нартай хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.
Өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасгаас шилжин эмийн эмчилгээ хийлгэж буй бөгөөд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг нийслэл рүү буцах замдаа авто ослын дөрвөн ч тохиолдолтой таарч, бэртэж гэмтсэн иргэдэд яаралтай тусламж үзүүлжээ.
Урин дулааны цагт хөдөө орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа энэ үед авто ослоос урьдчилан сэргийлж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, аюул эрсдлийг тооцож замын хөдөлгөөнд оролцохыг эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.