Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ноцтой мэдэгдэл хйисэн. Тэрбээр "Зарим намууд мөнгө цагаан, нүд улаан болж жагсаалтын эхний тавыг 10-15 тэрбумаар зарж байгаа мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор бизнесийн байгууллагуудаас мөнгө цуглуулж буй асуудал авагдаж байна. Жагсаалтыг худалдаж, баялаг бүтээгчдээс мөнгө авч байгаад гардуулбал битгий харамсаарай" гэх мэдэгдлийг хийсэн юм.
Энэ мэдэгдлээс харахад, хуулийн байгууллагуудад намтай холбоотой мэдээлэл авагдсан бололтой. Аль нам бэ гэх асуултад хариулт нэхэж эхэллээ. Тодруулбал, УИХ-д суудалтай гурван намаас гадна улс төрийн идэвх өндөртэй нам, эвслүүд ч байж болзошгүй байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хувь хүн болон бизнес эрхлэгч том ААН-үүдэд жагсаалтын эхний байруудаа 10-15 тэрбумаар арилжиж буй намыг АН гэдэг мэдээлэл гарч эхлэв. Бүр тодруулбал, үүнд нэр бүхий томоохон банк, 3-4 групп компаниуд өөрсдийн төлөөллийн хүнээ жагсаалтын эхний байрт бичүүлэхээр тохирсон гэх "бор шувуу" саарал ордонд хөвөрч байна.
Хэрвээ ингэж жагсаалтын эхний байруудыг зарсан нь тогтоогдвол тухайн группүүдэд асуудал үүсэхээс гадна аль нэг нам эвслийн сонгуулийн нөхцөл байдал хүндрэх юм.
Анзаарч болох нэг өнцөг нь ХЗДХ-ийн сайд ийм ноцтой мэдэгдлийг чуулганы индэр дээрээс баримт, нотолгоогүйгээр олон нийтэд шууд мэдээлэх ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл худлаа мэдээлэл тараасан тохиолдолд Хууль зүйн сайд төдийгүй, хуулийн байгууллагын нэр хүндэд муугаар нөлөөлөх эрсдэлтэй юм.