"Хүүхдийн-100" орчимд байрлах "Хангай" зочид буудлын барилгыг цаашид хэрхэх асуудлаар нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг газар дээр нь ажиллаж, мэдээлэл өгч байсан. Тодруулбал, олон жилийн хугацаанд огт татвар төлөөгүй бөгөөд зөрчлөө арилгах үүрэг өгсөн байдаг.
Тэгвэл нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг "Барилгын тухай хуулиар барилга байгууламжууд 15 жил тутамд аюулгүй байдлын дүгнэлт гаргуулдаг.
Харамсалтай нь, “Хангай” зочид буудлын хувьд өнөөдрийг хүртэл нэг ч удаа аюулгүй байдлын дүгнэлт гаргуулж байгаагүй. Тиймээс бид дүгнэлт гаргуулах хугацаатай үүрэг даалгаврыг хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Тиймээс цаашид энэ зочид буудлыг ашиглах боломжтой юу гэдэгт бид улсын байцаагчийн дүгнэлт гаргуулна.
Хоёрдугаарт, татварын өрийн асуудал бий. Өмнө нь 2010 онд тус барилгыг 600 сая төгрөгөөр үнэлүүлж байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн дагуу 2024 онд ногдох татвар нь зургаан сая төгрөг.
Гэвч 2010 оноос хойш татвараа төлөөгүй. Бид зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн ч өмчлөгч хуулийн дагуу хариу ирүүлээгүй учраас барилгыг битүүмжилнэ. Хэдийгээр барилга хувийн өмчид шилжсэн ч хууль тогтоомжийн дагуу стандарт шаардлагыг хангах ёстой.
Хувийн өмч гээд орчны аюулгүй байдлыг хангахгүй, өмчөө гэмт хэргийн уурхай болгож болохгүй. Тиймээс бид холбогдох арга хэмжээг авна" гэж мэдэгдлээ.