УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2024.05.03)-ийн хуралдаанаар УИХ-ын Н.Энхболд нарын 13 гишүүн санаачлан, өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд тавив. Тэрбээр илтгэлдээ,
-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа 2050” бодлогод хүн амын бүлгүүдийг дэмжих, мөн ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээний нэгдсэн цогц тогтолцоог бүрдүүлэх зорилтуудыг тусгасан болон 2017 онд шинэчлэн найруулсан Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, үүний дотор ахмад настанд зөвлөгөө өгөх явуулын үйлчилгээ, өдрөөр эмчлэх, асран сувилах зэрэг шинэ төрлийн үйлчилгээг бий болгохоор тусгасан ч санхүүжилт дутмаг, зохицуулалт сулаас хэрэгжихгүй байгаа, мөн нийт хүн амын дотор ахмад настны эзлэх хувь өсөж байгаатай холбогдуулан тэдэнд үзүүлэх урт хугацааны цогц тусламж, үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шаардлага тулгарч буй зэрэг хуулийн төсөл боловсруулах нөхцөл шаардлагуудыг дурдсан юм.
Мөн тэрбээр, сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл өсөн нэмэгдэж байгааг тоо баримт дурдан өгүүлж, үүний дотор эдийн засгийн хүчирхийлэл 36 хувийг эзэлж буй талаар онцолсон юм.
Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Ахмад настны нийгмийн халамжийн тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг 10 гаруй хуулийн төслийг боловсруулсан байна. Төслүүдэд, ахмад настанд үзүүлэх цогц тусламж, үйлчилгээ, асаргааны хувилбарт үйлчилгээ, асрамжийн болон сэргээн засах үйлчилгээ, эдгээрийн мэргэжлийн удирдлага зэрэг нэр томьёог шинээр тодорхойлж, үнэ тариф, үйлчилгээ үзүүлэх журам, зааврыг эрүүл мэндийн болон ахмад настны асуудал хариуцсан Засгийн газрын гишүүд хамтарч батлах, зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, орон нутгийн төсөв, мөн ахмад настны өөрсдийнх нь оролцоотойгоор санхүүжүүлэхээр тусгажээ.
Түүнчлэн, төрийн болон орон нутгийн өмчит барилга, байгууламжид ахмадын өргөө, төв, сэргээн засах нэгж, идэвхтэй насжилтийг дэмжих болон дасгалын клуб, олон нийтийн төв ажиллуулж байгаа бол тухайн барилга, байгууламжийн ус, дулаан, цахилгааны зэрэг ашиглалтын, мөн засварын зардлыг орон нутгийн төсвөөс хэсэгчилж болон бүрэн хариуцахаар тусгасан байна.
Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай ахмад настанд жилд нэг удаа түлш худалдан авах, орон сууцны хөлс төлөхөд дэмжлэг үзүүлэх, протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн хөнгөлөлтийг таван жилд нэг удаа үзүүлж байгааг гурван жил болгох, зөвхөн рашаантай цөөн хэдэн сувилалд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр сувилуулж байгааг магадлан итгэмжлэгдсэн сувиллууд болгон өргөжүүлэх, асрамжийн үйлчилгээний нэр төрлийг нарийвчлан зааж, тэдгээрийг иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагаар дамжуулан төлбөрийн хувилбарт нөхцөлтэйгөөр үзүүлэх, мөн байнгын асаргаа шаардлагатай ахмад настныг асарч байгаа иргэний ачааллыг үнэлж, дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг хуулийн төсөлд тусгажээ.