Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: “500 метр дотор нэг эмийн сан байна” гэдэг зохицуулалт хасагдсан нь эмийн сангийн тоо нэмэгдэх үндэслэл болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
11 минут 54 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан боллоо. Хуралдааны төгсгөлд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны сонсголын тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төслийг хэлэлцсэн. Хянан шалгах түр хорооны тайлангийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хийв. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2023 оны 60 дугаар тогтоолоор байгуулагдсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, Хянан шалгах түр хорооны тайланг гаргасныг дурдаад Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажилласан гэв.

Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгууллаа. Энэ нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хэрэгжсэнээс хойших гурвах дахь удаагийн сонсгол гэдгийг тодотгож байлаа.

Түр хороонд иргэдээс эмийн үнэ, чанарын асуудлаар болон төрийн хүнд суртлын талаар олон баримт, мэдээлэл цугларсан нь нийт 1164 албан тушаалтанд хамаарах 6200 нотлох баримт, 153 000 ширхэг цаасан баримт, 85 000 цахим файл болсон. Нотлох баримт цуглуулах хүрээнд 150 орчим хүнтэй уулзалт, ярилцлага хийж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн шинжлэх лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулах, “Чингис хаан” Олон Улсын нисэх онгоцны буудлын гаалийн газар болон Техник импортын эмийн агуулах, Говь-Алтай аймгийн эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага, эмнэлгийн байгууллагын эм, эмнэлгийн хэрэгслийг хадгалж буй агуулахын нөхцөл байдал, Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газар болон Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар, Алтанбулаг боомтын үйл ажиллагаатай очиж танилцаж, эм, эмнэлгийн хэрэгслийн талаарх хилийн болон гаалийн хяналтын ажилтай танилцсан гэв.

Мөн тэрбээр уг сонсголоор асуудал өргөс авсан мэт эдгэрчихгүй ч гэлээ томоохон өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо нь холбогдох хуулийн дагуу цуглуулсан нотлох баримтад үндэслэн гаргасан дүгнэлтээ танилуулав. Үүнд:

Эмийн хүртээмжийн асуудлаар:

Манай улсын хувьд 2023 оны байдлаар нийт 4213 бүртгэлтэй эм байгаа бөгөөд үүний 79 хувийг импортын, 21 хувийг үндэсний үйлдвэрийн эм байна. Импортын эмийн хувьд 2018 онд 3.2 сая кг эм импортлож байсан бол 2022 онд 8.6 сая болж өссөн байна. Мөнгөн дүнгээр авч үзвэл, 2018 онд 232 тэрбум төгрөг, 2022 онд 447 тэрбум төгрөг болж өссөн байна. 2023 оны байдлаар 468 тэрбум төгрөгийн эмийг импортоор авсан бөгөөд 2020-2021 онд 1.6 дахин өсч түүнээс хойш тогтмол өсөлттэй байна.

Эмийн сангийн хувьд: 2018 онд 2128 байсан бол 2023 онд 2857 болж өссөн бөгөөд Улаанбаатар хотын хувьд 2021 онд 1325 байсан бол 2023 онд 1754 болон өссөн байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын 1000 хүнд нэг эмийн сан ногдож байгаа бөгөөд энэ нь Стандартчлал, хэмжил зүйн тухай хуулиар “500 метр дотор нэг эмийн сан байна” гэдэг зохицуулалт хасагдсантай холбоотойгоор эмийн сангийн тоо нэмэгдэх үндэслэл болсон байна.

Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт боловсруулах журам, арга, аргачлал байхгүй учир жагсаалт батлах бүрд эм нэмэх, шалгуурт өөрчлөлт оруулах, жагсаалтын шалгуураас хэдийг хангаж байж жагсаалтад эм орох ёстой нь тодорхой бус байна. Эмчилгээ, оношилгооны эмнэлзүйн удирдамж, зааврыг тогтмол шинэчлэн баталдаггүй, Бүртгэлгүй эмийг бүртгэж, эмчилгээ оношилгоонд ашиглах бодлого хэрэгждэггүй байна. Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөл нь тухайн жилийнхээ үйл ажиллагаатай холбоотой архивын нэгжээ Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгөөгүй байна. Иймээс сонсголд зайлшгүй шаардлагатай эмийн 8,9 жагсаалтыг боловсруулсан ажлын хэсгийн мэдээлэл, хурлын тэмдэглэл, эм нэмэх, хасах саналууд зэрэг нотлох баримтууд ирээгүй учир тухайн жагсаалтад албан тушаалтнууд хэрхэн нөлөөлсөн, аж ахуйн нэгжүүдтэй хамааралтай эсэх, ашиг сонирхлын зөрчлийг тогтоох боломжгүй байсан.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 24 дүгээр тогтоолд эм сонгох, Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх хувь тогтоох арга аргачлал байгаагүй, тогтоолуудад буй ерөнхий нэршилд хамаарах бүх худалдааны нэршлийн эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулдаг, батлагдсан хөнгөлөлттэй эмийн жагсаалтын ерөнхий нэршилд хамаарах худалдааны нэршлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар нэмж оруулдаг байна. Хөнгөлөлттэй эмийн үнийн дээд хязгаарт ижил бус өөрчлөлт орж байна.

Яаралтай горимоор бүртгэлгүй уналт таталтын эсрэг 44 нэр төрлийн эмийн импортын лицензид уналт таталтын эсрэг эмийн ангилалд багтаагүй, таталтын эсрэг үйлчлэлгүй, заалтгүй Л-карнитин эмийг оруулж импортын лиценз олгосон байна. Хүний эмийн зөвлөлийн хурлаар орж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журмын 1.8 дахь хэсгийг зөрчиж бүртгэгдсэн 17 ерөнхий нэршлийн 217 худалдааны эм хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон байна.

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийн талаар:

“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 "хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг, 3.1.6 "нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг, 3.1.11 "ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг гэж тус тус зааснаар нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох эрсдэлийг тодорхойлох зорилгоор эм хангамжийн байгууллага дахь төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудыг хамруулж Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримтад үндэслэн танилцуулсан. Тухайлбал,

Эрүүл мэндийн яаманд 2018-2023 онд ажиллаж байсан болон ажиллаж байгаа давхардсан тоогоор нийт 110 албан тушаалтан хамрагдсанаас 97 албан тушаалтан буюу 88.1 хувь нь эм хангамжийн байгууллагатай хамаарал бүхий;

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр ажилласан болон Зайлшгүй шаардлагатай эмийн 10 дугаар жагсаалтыг баталсан нийт 28 албан тушаалтан давхардсан тоогоор хамрагдсанаас 35 буюу 100 хувь нь хамаарал бүхий;

Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 42 албан тушаалтан хамрагдсанаас 41 буюу 97.6 хувь нь эм хангамжийн байгууллагатай хамаарал бүхий;

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 93 албан тушаалтан хамрагдсанаас 57 буюу 61.2 хувь нь эм хангамжийн байгууллагатай хамаарал бүхий;

Хүний эмийн зөвлөл, түүний салбар зөвлөл болох Эм зүйн салбар зөвлөл, Эм судлалын салбар зөвлөл, Биобэлдмэл, оношлуурын салбар зөвлөл, Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл, Фармакопей хороо болон эмийн бүртгэлийн шинжээчээр ажиллаж байсан болон ажиллаж байгаа давхардсан тоогоор 321 албан тушаалтан хамрагдсанаас 241 албан тушаалтан буюу 75.0 хувь нь эм хангамжийн байгууллагатай хамаарал бүхий;

Эрүүл мэндийн яамнаас 2018-2021 онд эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх болон ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг олгож ажилласан Тусгай зөвшөөрлийн комиссын гишүүн болон шинжээчээр ажиллаж байсан 50 албан тушаалтан хамрагдсанаас 32 албан тушаалтан буюу 64.0 хувь нь эм хангамжийн байгууллагатай хамаарал бүхий;

Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас 2021-2023 онд эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх болон ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг олгож ажилласан Тусгай зөвшөөрлийн комиссын гишүүн болон шинжээчээр ажиллаж байсан болон ажиллаж байгаа 31 албан тушаалтан хамрагдсанаас 28 албан тушаалтан буюу 90.0 хувь нь эм хангамжийн байгууллагатай хамаарал бүхий;

Гаалийн ерөнхий газрын 41 албан тушаалтан хамрагдсанаас 14 албан тушаалтан болон 34.1 хувь нь эм хангамжийн байгууллагатай хамаарал бүхий;

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 51 албан тушаалтан хамрагдсанаас 18 албан тушаалтан буюу 31.0 хувь нь эм хангамжийн байгууллагатай хамаарал бүхий;

Төрийн худалдан авах ажиллагааны газрын 34 албан тушаалтан хамрагдсанаас 8 албан тушаалтан буюу 23.5 хувь нь эм хангамжийн байгууллагатай хамаарал бүхий;

Аймгийн Эрүүл мэндийн төвүүд дэх 146 албан тушаалтан хамрагдсанаас 36 албан тушаалтан буюу 24.6 хувь нь эм хангамжийн байгууллагатай хамаарал бүхий албан тушаалтан байна гэж тус тус үзэхээр байна гэж байлаа.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно
 
Б.Дэлгэрсайхан: Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам холболтын төсөл хэрэгжихгүй бол бусад төслүүд хэрэгжихэд ч хүндрэлтэй
Б.Дэлгэрсайхан: Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам холболтын төсөл хэрэгжихгүй бол бусад төслүүд хэрэгжихэд ч хүндрэлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.