Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Арилжааны банкууд зээлээ хумиж байна

Огноо
Унших
3 минут 37 секунд

Энэ оны эхний хагасын статистикаар Монгол Улсын эдийн засаг 9 хувиар агшиж, төсвийн алдагдал 4 их наяд төгрөг даваад байна. Тэгвэл цар тахлын хор нөлөө төсвөөс гадна банк санхүү, уул уурхайн салбарт хүндээр тусч эхэлжээ. Уул уурхайн экспорт 30 хувиар буурсны улмаас тус салбарын компаниудын зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрэлт 41 хувьд хүрсэн бөгөөд банкны системийн хэмжээнд чанаргүй зээлийн хэмжээ 21 хувьд хүрээд байна. Зээлийн олголт 11 хувиар буурсан нь банкууд зээлээ хумих бодлого баримталж байгаатай холбоотой юм. Уул уурхайн 3 компани тутмын 1, ачаа тээврийн 5 компани тутмын 1 нь зээлээ эргэн төлж чадахгүй болох өндөр эрсдэлтэй байгаа тухай Монголын банкны холбооноос мэдэгдэж байгаа. Иргэдийн орлого буурснаар авто машин, хэрэглээний зээлийн хэмжээ ч буурсан байна. Зээлийн нийт хэмжээ 17.3 их наяд төгрөг байна.

Урьд өмнөх туршлагаас үзэхэд зах зээл хямарсан үед арилжааны банкууд зээлээ хумиж Төв банк бодлогын хүүгээ өсгөдөг. Ингэснээр зээл хумигдаж арилжааны банкны чөлөөт мөнгөн үлдэгдэл төв банкинд төвлөрнө. Энэ нь төгрөгийн ханшийг тогтвортой барих уламжлалт арга юм. Гэсэн хэдий ч бодлогын хүүний зохицуулалт манай зах зээлд төдийлөн нөлөө багатай байдаг гэж эдийн засагчид үздэг. Харин ч ханш хамгаалах бодлого амжилт олж байгаагүй, эдийн засаг хямарсан үед зээл хумигдснаар бизнесийн салбарт хөрөнгө оруулалт зогсож, ажлын байр багасдаг сөрөг үр дагавартай гэж үздэг. Бодлогын хүүгээр төгрөгийн ханшийг хамгаалсан, арилжааны банкуудын эрсдлийг бууруулсан энэхүү аргыг зарим эдийн засагчид “санхүүгийн салбарынхны амиа бодсон арга” гэж тайлбарлаж байв. Эдийн засгийн хямралын үед АНУ, барууны орнууд аль болох ажлын байрыг тогтвортой хадгалах, нэмэгдүүлэх бодлогыг баримтлаж зах зээлийг дэмжих арга хэмжээнүүдийг авч зээл олголтыг хөнгөвчилдөг. Ингэснээр богино хугацаанд ханш өсөх, арилжааны банкуудын орлого багасах эрсдэлтэй ч дунд хугацаанд хөдөлмөрийн бүтээмж, экспортын орлого нэмэгдснээр ханш тогтворжиж эдийн засаг тэлэх нөхцлийг бүрдүүлдэг байна.

Яг одоогоор төв банкны зүгээс бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргаагүй байна. Харин мөчлөг сөрсөн буюу зах зээлийг тэлэх бодлого хэрэгжүүлнэ гэдгээ сангийн яамны зүгээс мэдэгдээд байгаа. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор Засгийн газар бонд гаргаж үүнийг төв банк худалдаж авах магадлал өндөр байгаа юм. Ингэснээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх ч гадаад худалдааны алдагдлаас үүдэж вальютын ханш огцом өсөх эрсдэлтэй. Харин энэ эрсдлийг бууруулах зорилгоор Засгийн газар ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, үргүй зардлаа танах, гадаад өрийг нэмэхгүй байх тал дээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатай юм.

UBn.mn\Economy

Оксфордын вакцины туршилт түр зогсжээ
Оксфордын вакцины туршилт түр зогсжээ
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.