Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сангийн яамны ТНБД-ыг биш, сайдыг чагнасан гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 15 секунд

Өнгөрөгч наймдугаар сарын 23-24-нд шилжих шөнө Засгийн газрын хоёрдугаар байр буюу Сангийн яаманд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын өрөөнд хамгаалалтын ажилтан нь шөнийн 04 цаг орчимд нууцаар нэртэрч байгаад баригдсан тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Холбогдох этгээд нь өөрийгөө “тагнуулын ажиллагаа гүйцэтгэж байна” гэж хэлсэн тухай зарим сайтад мэдээлсэн. Харин тагнуулын байгууллага үүнийг үгүйсгэж “Сангийн яаманд ямарваа гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй” гэж мэдэгдсэнээр хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн байна. Ингээд түүнийг хулгайн сэдлээр Төрийн нарийн бичгийн даргын өрөөнд нэвтэрсэн гэх хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл тараад байна.

Энгийн логикоор бодоод үзэхэд төрийн нарийн бичгийн даргын өрөөнд их хэмжээний бэлэн мөнгө, үнэ бүхий зүйл хадгална гэж үгүй. Наанадаж хэл амны нэмэр, цаашлаад элдэв хэрэгт холбогдож шалгуулах эрсдэлтэй тул алттай авдраа өрөөндөө хадгалдаг маанаг гэж хэн байх билээ. Бас төрийн тусгай хамгаалалтын ажилтан хулгай хийх дээрээ тулбал арай амьдралтай, санхүү хавийн өрөөг онилох байтал төрийн нарийн бичгийн даргынхаа өрөөнд хээвнэг давхиад орчихсон гэхэд үнэмшихэд бэрх. Ингэж бодохоор “нэг л юм буруу байна” гэдэг шиг туйлын хачирхалтай. Чухам Сангийн яаманд юу болоод өнгөрөв гэдэг сонирхолтой асуултад арай өөр хариулт гарч иржээ.

Өөр эх сурвалжийн мэдээллээр бол тус яаманд арай өөр хэрэг явдал гарсан аж. Хууль бусаар нэвтэрсэн өрөө нь Төрийн нарийн бичгийн даргын биш, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын албан өрөө байсан. Төрийн тусгай хамгаалалтын ажилтан нь хулгай хийх гэж биш өмнө нь суурилуулсан чагнах төхөөрөмжөө солиж тавиад баригдсан, Ч.Хүрэлбаатар сайд өөрийн өрөөндөө яамны камерийн системээс тусдаа нууц камер байрлуулснаар уг хэрэг явдлыг бичлэгээр баталгаажуулсан. Бичлэгт нэг биш хүн байсан гэх мэдээлэл саарал ордноос сонсогдож эхэллээ. Уг мэдээлэл нь албан бус эх сурвалж гэдгийг тодотгоё.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Засгийн газрын хоёр дахь гишүүнийг хууль бусаар тагнаж, чагнасан хэрэг мандаж МАН-ын дотоод асуудал нэлээд хүндэрч мэдэхээр байна. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь хууль бусаар тагнаж чагнасан гэх асуудлаар УИХ-ын тусгай хяналтын дэд хороонд өргөдөл өгч, удалгүй тагнуулын байгууллагын дарга, орлогч дарга нар хамтдаа солигдсон нь саяхан. Л.Оюун-Эрдэнийг хууль бусаар тагнаж чагнасан гэх хэргийг ерөнхий прокурор шалгаж байгаа. Тэгвэл уг дуулиан дарагдаагүй байхад Засгийн газрын хоёр дахь гишүүн өөрийг нь тагнаж, чагнасан асуудлыг бичлэгээр нотолсон тухай мэдээлэл ийнхүү сонсогдож эхэллээ.

Ч.Хүрэлбаатарыг тагнаж чагнасан гэх мэдээлэл үнэн үү? Түүнийг мөрдөж мөшгих сонирхол хэнд байв? гэдэг асуулт олон нийтийн сонирхлыг татах нь гарцаагүй. Нийтлэлч Баабар өөрийн твиттер хуудсаараа “Гэрэл нь Зандкаагийн хувийн мөрдөгч, гүйцэтгэгч. Хүкийг хойтон Еөкөд дэвшүүлээд Зандкааг ЕС болох хувилбар яригдаж. Үүнийг сонсоод Оюук уурлаж. Тэгэнгүүт Гэрэл тагнах чагнах асуудалд орж. Ийм л хөгийн юм болж дээ” гэж жиргэсэн. Тэгвэл Ч.Хүрэлбаатарыг ч мөн иймэрхүү сэдлээр тагнаж, чагнасан байх магадлалтай. Үйл явдал цааш хэрхэн өрнөж, яаж төгсөхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Манчестер Ситигийн хоёр тоглогч коронавирусний халдвар авчээ
Манчестер Ситигийн хоёр тоглогч коронавирусний халдвар авчээ
 
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.