Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Гантулга: СТАРЕКС-ын онцлог бол ажлын машин. Тансаг хэрэглээнийх биш.

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 1 секунд

Старекс машины хаягдал их биеийг хашаан дээрээ хадаж засварын газрын хаяг байршуулсан зураг сошиал орчинд ихээхэн олны анхаарлыг татсан билээ. Харин бид  энэхүү санааг сэдсэн Л.Гантулгатай уулзаж ярилцлаа. Тэрбээр старекс машины засвар үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Чингэлтэй дүүргийн 9-р хороонд оршин суугч юм.

- БИ БАГААСАА МАШИН ТЭРЭГТ СОНИРХОЛТОЙ БАЙСАН –

-Юун түрүүнд уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Лхагвын Гантулга гэдэг. Би 43 настай. Архангай аймгийн Жаргалант суманд төрж, Сэлэнгэ аймагт арван жилээ төгссөн. 1999 оноос хойш Улаанбаатар хотод суурьшиж байна. Эхнэр таван хүүхдийн хамт амьдардаг. Старекс засварын газраа нээгээд нэг жил хагасын нүүрийг үзэж байна.

-Машин засварын газар ажиллуулах болсон шалтгаан тань юу байсан бэ?

-Би багаасаа машин тэрэгт сонирхолтой байсан. Мөн миний хуурай ах яг энэ чиглэлээр зөвхөн старекс машины засвар үйлчилгээ хийдэг юм. Тэр ах дээрээ сонирхлоороо очиж ажилладаг байсан. Хоёр жил ах дээрээ ажилласны дараа ах маань намайг өөрөө хашаандаа граж бариад засвар хийхийг зөвлөсөн. Ахынхаа хэлснээр 2019 оны 1 сард анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

-Түүнээс өмнө ямар ажил хийж байсан бэ?

-Энэ засварын газраа барихаас өмнө олон ч ажил хийж явсан. Эрүүл мэндийн шалтгаанаас болоод нэг ажил дээрээ удаан тогтдоггүй байсан. Хамгийн сүүлд автобус компанид жолоочийн ажил хийж байгаад бие муудаад ажлаасаа гарсан даа.

- 30 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТӨМРИЙН ХОГОНД ТУШААЖ БАЙСНААС ЦОНХ ХААЛГЫГ НЬ АШИГЛААД, ТАЛЛАЖ ХИЙХ САНАА ТӨРСӨН-

-Яагаад заавал зөвхөн старекс маркийн машины засвар хийдэг вэ?

-Энэ машины онцлог гэвэл старекс бол яг ажлын машин. Тансаг хэрэглээнийх биш. Тийм учраас эвдрэл гэмтэл гарах нь олон. Үүнээс гадна сэлбэг олдоц нь арай их байдаг.

-Танайхтай ижил үйл ажиллагаа явуулдаг газрууд байдаг уу? Хэрэв тийм бол танайх юугаараа ялгаатай вэ?

-Байдаг. Миний мэдэхээр 3, 4 газар бий. Харин бидний ялгарах гол давуу тал бол үйлчлүүлэгчтэйгээ илүү ойрхон байдаг байдал юм. Мөн засвар үйлчилгээ хийдгээрээ ялгаатай. Бусад газрууд бол зүгээр л юмаа зарж байгаа. Манайх авсан сэлбэгийг нь өөрсдөө угсраад, хийгээд өгнө. Бид эргэж буцсан хэл амтай юм ерөөсөө хийдэггүй. Эндээ тавиад шалгаж үзээд найдвартай үйлчилгээ л үзүүлдэг.

-Танай засварын газар өвөрмөц хаягтай гэдгээрээ олонд танигдсан. Энэ санаагаа анх яаж бодож олж байсан бэ?

-Энэ кузов дээрх хаягийг би энэ оны 3-р сард тавьсан юм. Энэ төрлийн машины кузов ер нь их хаягддаг юм билээ. Зэв ихтэй машин л даа. 30 мянган төгрөгөөр төмрийн хогонд тушааж байснаас цонх хаалгыг нь ашиглаад, таллаж хийх санаа төрөөд хоёр найзтайгаа хамжаад л ингэж хийчихсэн юм.

-НЯЦМААР, ШАНТАРМААР, ХҮНД ҮЕҮҮД МЭДЭЭЖ ОЛОН БИЙ. ГЭХДЭЭ ТЭР БОЛГОНЫГ ТЭГЖ ИХ ХҮНДЭЭР ТУСГАЖ АВАХЫГ ХҮСДЭГГҮЙ -

-Хаягаа ингэж хадсанаар танайхаар үйлчлүүлэх хүмүүс нэмэгдсэн үү?

-Нэмэгдсэн. Эрс нэмэгдсэн.“Өө энэ нөгөө фэйсбүүк дээр зураг нь яваад байсан хашаа байна шүү дээ.” гэх мэтээр ирсэн хүн болгон л гадаах хаягны талаар ярьж байсан даа. 

-Засварын газар ажиллуулахад хүндрэлтэй, бэрхшээлтэй асуудлууд нь юу байдаг вэ?

-Няцмаар, шантармаар, хүнд үеүүд мэдээж олон бий. Гэхдээ тэр болгоныг тэгж их хүндээр тусгаж авахыг хүсдэггүй. Одоо харин ажлын байраа томруулах хэрэгтэй байна. Энэ байр маань арай л жижигдээд байгаа.

-Ярилцлагын төгсгөл хэсэгт ойрын зорилгоосоо хуваалцвал?

-Сая хэлсэнчлэн ажлын байраа томруулах зорилгоор шинэ газар авахаар төлөвлөж байна. Одоо байрлаж байгаа энэ хашаа маань манай хадмын хашаа юм. Хөрөнгө мөнгө, бичиг баримтны асуудал энэ сардаа багтаад шийдэгдэх байх даа.

- Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Цаашдын тань ажилд амжилт хүсье.

Б.Амарбаясгалан

 

Алтан паспортыг эзэмшигч 34 хүний нэрсийн жагсаалтыг гаргажээ
Алтан паспортыг эзэмшигч 34 хүний нэрсийн жагсаалтыг гаргажээ
 
ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.