“Politis” сонин Киприйн алтан паспортыг эзэмшигч 34 хүний нэрсийн жагсаалтыг гаргасан бөгөөд тус жагсаалтад Оросын, Украины болон Сирийн бизнес эрхлэгчид багтжээ.
Энэхүү жагсаалтад, “VEB”-н тэргүүн дэд дарга Михаил Кузовлев, “Вид” компанийг үүсгэн байгуулагч Алексей Ушамирский, дуучин Алсугийн нөхөр Ян Абрамов, Чувашын сенатч асан Леонид Лебедев, “Газпром”-ын санхүү, эдийн засаг хариуцсан газрын орлогч дарга Игорь Шаталов зэрэг бизнес эрхлэгч багтжээ.
Хөрөнгө оруулалт хийснийх нь хариуд иргэншил олгох хөтөлбөр Кипр улсад хэрэгждэг. Хөтөлбөрийн нөхцөлд зааснаар, эдийн засагт нь эсвэл бизнес, үл хөдлөх хөрөнгөд нь 2 сая еврогийн хөрөнгө оруулалт хийснийх нь хариуд алтан паспортыг олгодог байна.
Иргэншил авах хугацаа нь хагас жил байдаг бөгөөд ингэхдээ тус улсад заавал байнгын оршин суух шаардлагагүй байна. Учир нь Киприйн паспорт Их Британи, Канад, Сингапур зэрэг дэлхийн 156 улсад визгүй зорчих, ажиллаж, амьдрах, сурах, татварын хөнгөлөлт эдлэх боломжийг олгодог гэнэ. Иргэншил олгох хөтөлбөр нь Кипр улсад жилд дунджаар 900 сая ам.долларыг авчирдаг болохыг “Transparency International ба Global Witness” судалгааны дүн харуулжээ.
Европын өөр хэд хэдэн улсад “алтан паспорт” байдаг байна. Тухайлбал Мальта улсын үндэсний санд 650 мянган еврог хандивлах, засгийн газрын бондыг таван жилийн хугацаатайгаар 150 мянган еврогоор худалдан авах, 350 мянган еврогоор үл хөдлөх хөрөнгө худалдаж авах эсвэл жилд 16 мянган еврогийн түрээсийн төлбөрийг төлвөл 12 сарын хугацаанд Мальта улсын иргэн болох боломжтой аж.
С.Хонгорзул