УИХ-ын 2024.04.18-ны өдрийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг гаалийн татвараас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Монгол улсад элэгний Д вирусийн халдвартай иргэдийн тоо өндөр байна. ДЭМБ-аас гаргасан аргачлалаар 66 мянган иргэн Д вирусийн халдвартай байх магадлалтай гэж дүгнэсэн.Мөн ТББ-гаас гаргасан судалгаагаар Д вирусийн халдвартай 150 мянган иргэн байгаа гэсэн тооцоолол байгаа юм.
Элэгний Д вирусийг эмчилдэг нэг төрлийн эм байгаа нь АНУ-ын эмийн компанийн үйлдвэрлэсэн "Бюлервиртид" гэдэг эм бөгөөд ДЭМБ одоогоор тус эмийг бүртгээгүй. Харин Европын холбооны улсад бүртгээд хэрэглэж байгаа бол нэг сарын эмчилгээний зардал 10 мянган евротой тэнцэж байна.
Бид "Бюлервиртид" эмийг үйлдвэрлэсэн АНУ-ын эмийн компанийн төлөөлөлтэй хоёр ч удаа уулзаад үнийн хэлцэл хийсэн. Урьдчилсан байдлаар Европын холбооны улс руу нийлүүлж байгаа үнээс 5 дахин бага үнээр нийлүүлэх боломж байна гэдгээ илэрхийлсэн. Харин бид тухайн бууруулсан үнээс дахин 50 хувиар бууруулах саналыг оруулсан байгаа.
Ирэх долоо хоногт тус компанийн төлөөлөлтэй цахимаар уулзаж, үнийг бууруулах асуудлыг хэлэлцэнэ. Хэлцлийн хүрээнд 1000 орчим ам.доллароор тохиролцох болов уу гэж үзэж байна. Гэсэн ч өндөр үнэтэй байгаа учраас гаалийн татвараас чөлөөлөх шаардлагатай гэж үзэж байна. Мөн цаашид шууд худалдан авалт хийж иргэдээ эмчилгээнд хамруулъя гэсэн санал гаргаад ярилцаж байна.