УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж буй юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдинням байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Байгалийн баялгаас орж ирж байгаа орлогыг тусад нь байлгах юм бол хулгай явдаг. Тиймээс УИХ дээрээ энэ сангийн бүхий л орлого, зарлагыг хянаж нийтээрээ хэлэлцдэг байх ёстой. Үгүй бол төсөв болоод дуусчихдаг жишээг бид саяхан тууллаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д гарсан нүүрсний хулгай бол нэг том жишээ.
УИХ-ын гишүүд тойрч сууж байгаад 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улс даяар сургууль, цэцэрлэг барих бүтээн байгуулалтын ажилд зарцуулна гээд явж байна. Гэтэл нэг их наяд төгрөгөөс давсан мөнгийг ямар ч мандатгүй, ил тод бус хаалттай 4-5 хүн сууж байгаад л юу руу хийсэн нь мэдэгдэхгүй алга болгочихсон.
Тиймээс Үндэсний баялгийн сангийн хуулийн хамгийн том агуулга бол УИХ-аараа хэлэлцээд гурван төрлийн сангийн үйл ажиллагааны хууль эрх зүйн зохицуулалтыг хийнэ. Нэг хэсгийг нь ирээдүйдээ хадгалаад нөгөө хэсгийг нь төсвийн тогтворжуулалт болон бусад хөрөнгө оруулалтууд болох орон сууцжуулах, эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулахаар тусгасан байна.