Голомт банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 4-р сарын 15-нд боллоо. Хуралд саналын эрхтэй нийт хувьцаа эзэмшигчид 88.48 хувийн ирцтэйгээр оролцон дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Хурлаар танилцуулж, хэлэлцсэн асуудал:
- Голомт банк ХК-ийн 2023 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан танилцуулга
- 2023 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлт
- 2023 оны аудитлагдсан санхүүгийн үр дүн - Хөндлөнгийн аудитын дүгнэлт
- 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн Тогтоолыг танилцуулах
- 2023 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын тайлан. 2024 оны цалингийн төсөв
- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох
- “Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлэх тухай
Голомт банкны санхүүгийн голлох үзүүлэлт
Голомт банкны нийт хөрөнгө 2023 онд өмнөх оноос 2.6 их наяд төгрөгөөр өсөж, 11.6 их наяд төгрөгт хүрснээр зах зээлд эзлэх хувь 20.1% болж өслөө. Нийт цэвэр зээлийн хэмжээ 4.7 их наяд төгрөгт, харилцагчдын эх үүсвэр 8.0 их наяд төгрөгт хүрч, 2023 оны татварын дараах цэвэр ашиг өмнөх оноос 79.5 хувиар өсөж, 209.2 тэрбум төгрөгт хүрчээ.
Хөндлөнгийн аудитын дүгнэлт
Голомт банк ХК-ийн 2023 оны 12-р сарын 31-ээрх санхүүгийн тайланд Кэй Пи Эм Жи Аудит ХХК хөндлөнгийн аудит хийсэн. Хараат бус аудиторын 2024 оны 3-р сарын 27-ны тайланд, “Голомт банкны 2023 оны 12-р сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, тухайн өдрөөр дуусгавар болсон тайлант жилийн санхүүгийн гүйцэтгэлт болон мөнгөн гүйлгээг СТОУС Нягтлан Бодох Бүртгэлийн Стандартуудын дагуу үнэн зөв, бодитой илэрхийлсэн байна” гэж дүгнэжээ.
Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн тогтоол
Голомт банкны 2023 оны үйл ажиллагааны ашгаас ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн 2024 оны 2-р сарын 14-ны өдрийн 00/04 дугаартай тогтоол батлагдаж, нэгж хувьцаанд 90 төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Зохицуулагч байгууллагын зөвшөөрөл ирснээс хойш 60 хоногийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох бөгөөд одоогоор Монголбанкны зөвшөөрлийг хүлээж байна.
Голомт банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал танхим болон зайнаас хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж, хуралдаанд оролцсон саналын эрхтэй нийт хувьцаа эзэмшигчдийн санал хураалтаар дараах шийдвэрийг гаргалаа.
Хурлын шийдвэр:
- Голомт банк ХК-ийн 2023 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүн, түүнийг баталгаажуулсан санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг батлав.
- Голомт банкны ТУЗ-ийн 2024 оны цалингийн төсвийг хуралд танилцуулсан төсвийн дагуу батлав.
- Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг “Голомт банк” ХК-ийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүнээр 2027 оны ээлжит Хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл гурван жилийн хугацаатай сонгохоор шийдвэрлэв.
- Голомт банкнаас зарласан хувьцааны хүрээнд “Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлэхийг зөвшөөрлөө.