БНСУ-ын “BTS” хамтлагийн “Dynamite” нэртэй шинэ дууны клип Гиннесийн гурван амжилтыг шинэчлэн тогтоожээ. “Dynamite” нь энэ долоо хоногт Америкийн “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтыг тэргүүлсэн БНСУ-ын анхны дуу болсон байна.
“GWR” цахим хуудсанд мэдээлснээр, “Dynamite” нь “YouTube” цахим хуудсанд байршуулснаас хойш 24 цагийн дотор хамгийн олон удаа үзсэн дүрс бичлэг, 24 цагийн дотор хамгийн олон удаа үзсэн клип, “K-pop” хамтлагуудаас 24 цагийн дотор хамгийн олон удаа үзсэн клиптэй хамтлаг болжээ.
“Dynamite” дууны клип наймдугаар сарын 21-нд цацагдсан даруйдаа гурван сая гаруй үзэгчтэй болсон бөгөөд уг бичлэгийг 24 цагийн дотор 101.1 сая гаруй удаа үзсэн нь “YouTube”-ийн түүхэнд байгаагүй үзүүлэлт болсон ажээ. Мягмар гарагт “BTS”-ийн “Dynamite” дуу Америкийн “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтад тэргүүлсэн бөгөөд ингэснээр БНСУ-ын уран бүтээлчдээс ийм амжилт гаргасан анхны хамтлаг болсон юм.
С.Хонгорзул