"Номын хишиг" ХХК-иас өнөөдөр "Тэнгэр" тв болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК-иас худал мэдүүлэг өгч шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлсөн гэх асуудлаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, "Номын хишиг" ХХК нь "Ард санхүүгийн нэгдэл" ХК-тай 2014-2022 оны зургадугаар сар хүртэл гэрээ байгуулжээ. Улмаар "Номын хишиг" ХХК нь түрээсийн гэрээгээ үргэлжлүүлэн сунгахгүй болохыг мэдэгдсэн байна. Үүнээс хойш долдугар сарын 22-ны өдөр "Тэнгэр" телевизээс "Номын хишиг" ХХК-д гэрээ үргэлжлүүлэн байгуулах албан бичгийг ирүүлснийг нь татгалзжээ. Улмаар "Номын хишиг" ХХК-ийн байранд телевизийн үйл ажиллагаа явуулах нь зохисгүй тул дахин түрээслэхгүй гэж үзсэн байна. Харин "Тэнгэр" тв байр суллаж өгөлгүй зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсаар байсан тул 2022 оны наймдугаар сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Номын хишиг" ХХК-ийн өмчлөлийн байрыг албадан чөлөөлөх нэхэмжлэл гаргасан байна. Энэ дагуу шүүхээс 2023 оны есдүгээр сарын 22-ны өдөр тус компанийн талд шийдвэр гарч "Тэнгэр" тв-ийг уг байрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Шүүхээс тус байр нь "Номын хишиг" ХХК-ийн өмч мөн, "Ард санхүүгийн нэгдэл" ХК-тай байгуулсан гэрээ хэлэлцээр дууссан бол Промедиа нетворк компани гэрээ байгуулаагүй тул дээрх шийдвэрийг гаргасан байна. Гэвч шүүх хурлаас өмнө "Тэнгэр" тв болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн зүгээс "Ард санхүүгийн нэгдэл ХХК түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй. Дамжуулан түрээслэх эрхтэй учраас түрээсэлсэн" гэж эхний тайлбарыг өгчээ. Улмаар энэ тайлбар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөж шүүх хурал болох өдөр "Тэнгэр" тв-ээс "Бид тухайн байранд үйл ажиллагаа явуулахаа больж Ард санхүүгийн нэгдэл ХК-д хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү" гэх баримтыг долдугаар сард шүүх хуралдаанд гаргасан. Гэвч 2024 оны дөрөвдүгээр сарын 9-ны өдөр үйл ажиллагаа явуулсан хэвээр байсан нь шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож худал мэдээлэл өгсөн болохыг хэвлэлийн хурлын үеэр онцлов. Энэ тухай "Шүүхийн шийдвэр гарснаас хойш "Номын хишиг" ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд сайн дураар суллаж өгөөгүй. Шүүхээс гурван удаагийн мэдэгдэл хүргүүлсэн. Улмаар нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 15 хүний бүрэлдэхүүнтэй тухайн байрыг албадан чөлөөлөх ажиллагаа явуулж эхэлсэн. Ийнхүү албадан чөлөөлөх ажиллагаа явуулж эхэлснээс хойш долоо хоносон ч өмнөх мэдээллүүдэд дурдсанаар 2024 оны дөрөвдүгээр сарын 9-ны өдөр тодорхойгүй шалтгаанаар зогсож өнөөдрийг хүртэл дуусаагүй ийм нөхцөл байдалтай байна" гэсэн юм.