“Лхагвын тойм” нэвтрүүлгийн ээлжит дугаарт Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг урьж оролцууллаа.
-Урилга хүлээн авсан танд талархал илэрхийлье. Сайхан хаваржиж байна уу та?
-Баярлалаа, сайхан хаваржиж байна.
-Бид хоёрын ярилцлага цаг үеийн шаардлагаар ч гэх үү, яаралтайгаар хүсэлт тавьсныг минь хүлээж авсан учраас цахимаар ярилцах гэж байна. Манай нэвтрүүлгийн хувьд хамгийн анхны алсын зайнаас холбогдож ярилцаж байгаа зочин юм. Сүүлийн үед улс төрийн хүрээнд сонгууль ойртоод ч гэдэг юм уу тантай холбоотой асуудлууд их яригдах боллоо. Эдгээр асуудлуудын цаад агуулга нь юу юм. Мөн Эрдэнэт үйлдвэрээс авхуулаад төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны аллагын гэмт хэргийн асуудлууд, тантай холбоотой явж байгаа улс төрийн акцуудын тухайд байр суурийг тань сонсъё гэж бодож байна. Та сүүлийн үед ямар ажилд төвлөрч байна?
-За би ер нь энэ улс төрөөс хол байя гэж боддог. Нөхдөдөө ч уриалаад өөрөө холдчихсон байгаа. Улс төрийн үйл ажиллагаа руу биш. Монголоо бүхэлд нь харж, Монгол Улсынхаа цаашдын сайн сайханд боломжтой байдлаараа тус нэмэр хүргэх үедээ хүргээд явж байя гэж бодсон. Одоогоор Стэнфордын их сургуульд зочин судлаач гэдэг статустай ажиллаж байгаа. Бараг жил болж байна.
-Өнгөрсөн хугацаанд С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудал сонгууль дөхөхөөр л гараад ирдэг байсан. Та бид хоёрын ярилцлагын гол цөм нь Эрдэнэт үйлдвэр, С.Зоригийн хэрэг гэдэг зүйлүүдэд улс төрийн агуулгуудыг ярилцана гэж бодож байна. Ер нь энд өрнөөд байгаа процессуудыг та их сайн анзаарч байх шиг байна. Өөрөө ч сошиал хаягуудаараа, Баабар.мн дээр өөрийнхөө байр сууриа илэрхийлсэн байна лээ. Та ер нь яг эдгээр асуудлуудыг юу гэж харж байна вэ?
-Хүмүүс мэдээж олон талын мэдээлэл авахыг хүсэж байгаа байх. Хэрэв миний байр суурийг сонсъё гэвэл миний пэйж хуудас байж байгаа. Бас хувийн фейсбүүк аккаунт байгаа. Түүгээр хүмүүс найз болоод орж мэдээлэл хардаг. Би жиргээнд өөрөө идэвхтэй байдаг.
Сошиал надад нийгмийн үйл явц, улс орон, дэлхий нийттэй байнга холбоотой байх, өөрийнхөө хийж байгаа олон улсын хэмжээний үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох талбар болдог. Энэ утгаараа юмнуудыг харж байгаа. Сүүлийн үеийн үйл явц руу мэдээж өөрийн дур сонирхлоороо орсонгүй. Улсын маань Ерөнхий сайд гарч ирээд телевизээр 2 цаг 25 минут ярихдаа ихэнхдээ миний тухай ярьсан бэлдсэн нэвтрүүлэг, бэлдсэн диктерийн дуу хоолой оруулаад цацсан. Ерөөсөө л өнгөрсөнд болсон бүхий л үйл ажиллагаа болон болж байгаа зүйлийн буруутнаар тодруулаад байгаа учраас үүнийг ярихаас өөр аргагүй болж байгаа юм.
Одоогийн Ерөнхий сайд улс төрд гарч ирээд бараг 10 жил болж байна. Миний нэрээр л хооллож байна. Би бол дуугүй л яваад байсан. За яах вэ, нас залуу хүн ажлаа хийг гээд. Түүнийг талбай дээр гарч анх тэмцэж байхад нь хүртэл би дэмжээд сошиал дээр бичиж байсан.
Эрх чөлөөгөө эдлэх гээд байгаа хэнийг ч бай, намайг ч байсан шүүмжлээд гараад ирэхэд дотроо бол дэмжээд л сууж байдаг. Түүнд нэг их айхтар эмзэглэж, янз бүрээр гомдоллодоггүй ийм л байр суурьтай явж ирсэн. Гэтэл одоо бүр сонгуультай холбоод яриад байхаар би байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй байдалд орж байна л даа.
"Намайг 13 гишүүнээ аваад ор гэж манай нам, холбоо шийдвэр гаргаж байхад “би тэр ордон руу чинь ормооргүй байна. Би гадна баймаар байна...” гэж хэлж байсан
-Хоёулаа ярилцлагаа үзэгч, уншигчдад ойлгомжтой байх үүднээс логик дараалалтай явуулъя гэж бодож байна. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлыг бүр анхнаас нь авхуулаад хамгийн сайн мэдэх хүний нэг бол та. Олон жил улс төрд явсан хүмүүсийн зарим нь улс төрөөс гараад явж байна. Энэ агуулгаас миний харж байгаагаар энэ асуудлыг хамгийн сайн мэдэх хүн бол таныг гэж хэлнэ. Үүнийг ярихын тулд тухайн үед таны тэргүүлж байсан Засгийн газар огцорсон тэр үйл явцыг танаас эргэж асуумаар байна. Гурван сарын хугацаатай ажилласан. Засгийн газрыг огцруулсан цаад учир шалтгаан, нөхцөл нь яг юу байсан юм бэ?
-Тэр бол 1998 оны үйл явдал. Яг 1998 оны 7 дугаар сард манай Засгийн газрыг огцруулсан. Гарч ирээд л миний ярьсан зүйл бол Эрдэнэт үйлдвэр. Тэр үед татвараа ч төлөхөө байчихсан байсан. Одоо бол улсад маш их мөнгө өгч байгаа л даа. Тэр үед 150 сая төгрөгөө төлдөггүй. Үйлдвэрийн удирдлагын асуудал яригдахаар тэр нь Засгийн газар дээр ч яригддаггүй. Хууль, шүүх, цагдаа ч өөрсдөө тийм байдалтай ихэнхийг нь өөрийнхөө эрх ашигт байгаа гэж үздэг тийм л байдалтай байсан.
Эрдэнэт үйлдвэрт тэр үед бараг “картел” үүсчихсэн байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр гэмт хэргийн аргаар Оросуудтай нийлээд Орост тал хувь нь байгаа юм чинь гэдэг утгаар тэдэнтэй нийлж бүгдийг дээрэлхээд сурчихсан. Хэнд ч ажлаа тайлагнадаггүй байдалтай л байсан. Тэр өөрчлөлтийг л манай Засгийн газар хийсэн.
Ерөөс тэр өөрчлөлт бол тухайн үед улс төр, эдийн засаг бүх зүйлд маш том доргилт өгсөн. Мэдээж түүнийг далимдуулж огцруулах гэж оролдсон. Хурал дээр нууц санал хураалт гэж явдаг байсан. Нууц санал хураалтаар аль ч намын ямар ч гишүүнийг огцруулах асуудал маш амархан шийдэгддэг байсан учраас манай Засгийн газрыг тэгж л огцруулсан.
-Та огцорсныхоо дараа 8 дугаар сард нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Эрдэнэт үйлдвэр дээр Д.Дорлигжав даргыг томилж байсан. Өчигдөр ЗГХЭГ-ын дарга хамгийн анхны БЭТ томилох ажлыг таныг хийсэн гэдэг байдлаар хэлж байна лээ. Тухайн үед Д.Дорлигжав гэдэг хүнийг ямар шалтгаанаар та үүрэг гүйцэтгэгч байхдаа томилж байсан юм бэ?
-Ер нь 1996 онд Ардчилсан хүчин гэж Засгийн эрх аваад л Д.Дорлигжав эхлээд Батлан хамгаалахын сайд болж байсан юм. Батлан хамгаалахын сайд байхдаа тухайн үед сайн ажилласан, хамгийн анхны энгийн сайд шүү дээ. Өмнө нь бол генерал хүмүүс л болдог байсан. Тэгээд иргэний удирдлага гэдэг утгаар Д.Дорлигжав энгийн сайд болж хариуцлагатай ажилласан гэдэг утгаар л тухайн үед бодогддог, яригддаг байсан үе л дээ.
Төрийн өмчийн хороо гэдэг чинь тэр үед маш том эрх мэдэлтэй байлаа. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагыг томилох зэрэг бүх асуудал Төрийн өмчийн хороо дээр Монголын талаас, Оросын талын хувь нийлүүлэгчдийн төлөөлөл орж байж шийдэгддэг байсан. Оросын талгүйгээр ямар ч ажил тэнд явахгүй шүү дээ. Тиймээс Монголын Төрийн өмчийн хороо Оросын талтай ярилцаж байгаад ерөнхий захирлынхаа асуудлыг шийддэг байсан.
Анх удаа Монголд тамгаа авч зугтдаг үйл явц тэндээс бас гарч байсан. Тэр том үйлдвэрийн, тэр нөлөө бүхий хүн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн. Бид Монголын Засгийн газар дээр шийдвэрээ шууд гаргаад Оросын талд мэдэгдсэн. Гэтэл дүрэм, журам зөрчигдлөө гээд тамгаа аваад анх зугтсан. Тэр үеийн хуулиар онц байдал тогтоож байна гээд эндээс Төрийн өмчийн хорооны дарга очоод Д.Дорлигжавыг томилж байсан.
-Тэр хүн чинь хаалга үүд эвдээд, тухайн үед их бужигнаантай зүйл болж л байсан юм билээ. Тэгээд Д.Дорлигжав гэдэг хүнийг томилсон тэр үйл явцын ард та хоёрын нэр байнга л холбогдоод явдаг. Ялангуяа таны үед УЕП болсон, дараа нь ХЗДХ-ийн сайд болсон гээд үйл явц өрнөдөг. Анхны үйлдэл дээр Д.Дорлигжав гэдэг хүнийг Эрдэнэт рүү томилох процессд таны ямар нэгэн ашиг сонирхол орсон уу. Хоёрдугаарт, таны тэргүүлж байсан Засгийн газар Эрдэнэттэй холбоотой асуудалд шийдэл гаргах гээд байсан учраас тэр үед үйлдвэрийн даргыг огцруулах процесс явсан байна. Та ер нь Эрдэнэттэй холбоотой асуудалд ямар нэгэн оролцоо байх гээд байсан юм болов уу даа гэсэн хардлага сэтгүүлчийн хувьд төрж байна?
-Тийм тийм. Би улс төр гэдэг зүйл рүү хамгийн анх 27 настайдаа орж байсан. Улсын бага хурлын гишүүн болж. Монгол Улсын Ерөнхий сайдаар 35 насандаа томилогдож байлаа. Одоогийн байгаа зарим сайд, зарим хүмүүсээс их л залуухан байсан байх.
Ер нь чи улс төрийн хүмүүсийн янз бүрийн зүйлсийг ажиглаж уншихдаа эхэлж улс төр рүү орох болсон хүсэл эрмэлзлийн замналыг нь харах хэрэгтэй. Тэр сэдэл нь юу байсан юм. Бидний хувьд 1989 оны хүйтэн өвөл олон нийтийн үйл ажиллагаа улс төр рүү ороход Монгол Улс тухайн үед ямар байдалтай байв. Тэнд мөнгө цаас, эрх ашиг гэдэг сэдлээр ордог, шунал хулгай, тэнд тийм том хулгай байна, би том дарга болно гэдэг зүйл огт байгаагүй.
Намайг улсын бага хурал руу АИХ-ын депутат байхад 13 гишүүнээ аваад ор гэж манай нам, холбоо шийдвэр гаргаж байхад “би тэр ордон руу чинь ормооргүй байна. Би гадна баймаар байна...” гээд тэгээд зарим нь намаа хариуцаад гаднаа байя. Би холбоогоо хариуцаад байя. Элбэгээ чи л орчих. Одоо гурвуулаа энэ үйл явцад нэлээд гол үүрэгтэй оролцож явж байна. Чи орчих гээд л бараг уйлах нь шахуу тэнд бөөн юм болж байж Бага хурлын гишүүн болж байгаа юм.
Одоо бага хурлын гишүүн болгоё, УИХ-ын гишүүн болгоё гэх юм бол бүгд лав дайрах л байх. Тэнд чинь тийм улс төр, албан тушаал, эрх ашиг гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. Тэр Эрдэнэт үйлдвэр дээр хүн томилоход энэ хүнээр дамжуулаад эрх ашгаа хэрэгжүүлье, оруулъя, шахаа энэ тэр гэсэн ойлголт бүр толгойд ч орж ирдэггүй зүйл.
"Д.Дорлигжав гэдэг хүнтэй бизнес хийгээд хүн дарамталсан зүйл огт байдаггүй"
-Тухайн үед улс төрд орж байсан зорилгоо сая та хэллээ. Бүгд яг шилжилтийн нийгэмд байсан. Яг л дарга нар Эрдэнэт үйлдвэрт очдог. Эрдэнэт үйлдвэр гэж чухам юу байдаг вэ гэдэг зүйлийг та хэдийн хувьд сайн мэдэхгүй байсан байх. Ард түмний хувьд ч сайн мэдэхгүй байсан байх. Яг дотор нь ороод УИХ-ын гишүүн болоод ч юм уу, Засгийн газрын түвшинд ажиллаад ирэхээр энд чинь асар их хэмжээний хөрөнгө мөнгө эргэлддэг юм байна. Жинхэнэ хаан гэдэг шиг юм өрнөдөг юм байна гэсэн бодол төрж байсан юм болов уу гэж бодож байна. Д.Дорлигжав гэдэг хүнийг та үүрэг гүйцэтгэгч байхдаа тийшээ томилж явуулах болсон үндсэн суурь шалтгаан нь яг юу байсан юм бэ?
-Би түрүүн хэлсэн. Батлан хамгаалахын сайдаар сайн ажиллаж байсан учраас хариуцлагатай хүн гэж явуулсан.
Чи Д.Дорлигжавын тухай түрүүн асуусан. Манай тамгын газрын дарга байж байгаад сүүлд Улсын ерөнхий прокурор болсон шүү дээ. Яг Ерөнхий прокуророор ажиллаж байх үед нь бол төрийн албаны асуудлаар янз бүрийн зүйлс их сонсогддог байсан. Д.Дорлигжавтай би тэр үед нэлээн асуудлуудыг ярьж “янз бүрийн юм сонсогдоод байна. Энэ юу вэ” гэж. Юун бид нийлж энэ тэнд хүн амьтан айлгаж, өмч хөрөнгөд нь эзэн суух ч гэдэг юм уу, тэндээс хувь хувьсгал авах ч гэдэг юм уу тийм ойлголт байхгүй.
Тийм хүмүүжил ч байдаггүй. Би өөрөө зүгээр л найман хүүхэдтэй малчин айлын хүүхэд. Тийм илүү шунал, сонирхол ерөөсөө ч байхгүй. Тэгээд ардчилал гэж орж ирсэн учраас энд хамгийн муухай нөлөө нь Ардчиллын аминд хүрдэг зүйл чинь энэ авлига, хүнд суртал гэдэг заваан юм чинь байгаа шүү дээ.
Тэгээд Д.Дорлигжавыг тэнд ажиллуулж байсан. Сүүл рүүгээ янз бүрийн юм сонсогдоод байхаар нь би асуугаад “чи ажлаа өг” гэж хүртэл шаардаж байсан. Тэр үед прокурор зургаан жилээр томилогддог. Хугацаа болоогүй тохиолдолд өөрөө хүсэлт гаргахгүй бол болдоггүй байсан. Одоо ч тийм л байгаа байх. Түүний дараа Хууль зүйн сайд болж явж тэндээс холдож байсан түүхтэй. Түүнээс хойш бид хоёр холбогдсон, ганц удаа утсаар ярьсан ч юм уу тийм зүйл юу ч байхгүй. Нийлээд угсарчихсан ч юм уу. Нийлээд Д.Дорлигжав гэдэг хүнтэй бизнес хийгээд хүн дарамталсан зүйл огт байдаггүй.
-Хоёулаа бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчидтай холбоотой асуудлыг дараа нь ярилцаж тодруулъя. Одоо он дарааллын хувьд танаас тодруулахыг хүссэн хэдэн зүйл байна. Эдгээрийг эхлээд асуусан нь зүйтэй байх. Та тухайн үед үүрэг гүйцэтгэгч байхдаа Эрдэнэт үйлдвэрт Д.Дорлигжав гэдэг хүн томилогдчихлоо. Та тэр үед Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр 7 сар ажилласан. “Ардчилсан холбоо” эвсэл Да.Ганболд гэдэг хүнийг Ерөнхий сайдаар томилуулах гэж 20 гаруй удаа тухайн үеийн Ерөнхийлөгчид санал хүргүүлсэн байдаг. Тухайн үед ямар шалтгаанаар Ерөнхийлөгч Н.Багабанди татгалздаг байсан юм бэ?
-Үүнийг тухайн үеийн Ерөнхийлөгч асан Н.Багабанди өөрөө хариулна биз. Хоёулаа цагаа хэмнэе.
"С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох тухай, огт яригдаагүй. С.Зориг “Би Ерөнхий сайдаар ажиллахгүй” гэж хариулдаг тийм үе байсан юм"
-Тэгвэл тэр үйл явцын дараа Ерөнхий сайдаар С.Зориг агсан томилогдох нөхцөл байдал тухайн үед яригдсан. Тухайн үеийн хурлаар шийдэгдэх гэж байсан өдөр харамсалтай үйл явдал болсон, тийм үү?
-Наадах чинь гүтгэлэг шүү. Тэр үеийн Үндэсний Ардчилсан намын дарга чиний өөдөөс хараад сууж байна. Тэр үед ҮАН-ын Ерөнхий зөвлөл гэж байсан. Ерөнхий зөвлөлөөр С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох тухай, огт яригдаагүй. Ерөнхий зөвлөлийн хурал дээр яригдах зүйлийг намын дарга оруулж ирдэг, ийм л зүйл.
Тэр үеийн юмнуудыг бид нар бүгд нэгнээсээ асуудаг. Одоо энэ Э.Бат-Үүл зэрэг нөхдөөс бүгдээс нь асуудаг л байсан. Тэгэхэд С.Зориг “Би Ерөнхий сайдаар ажиллахгүй” гэж хариулдаг тийм үе байсан юм. Яг хажууд нь хараад, хамт нөхөрлөөд л явж байсан. Наад зүйл чинь гүтгэлэг. Харин Улаанбаатар зочид буудалд нэг уулзалт болсон байсан. Би түүнийг бол мэдэхгүй.
-Дэд бүтцийн сайд С.Зоригийг Ерөнхий сайдад томилохоор ерөнхийдөө зөвшилцсөн байсан гэдэг зүйл миний мэдэхээр өнгөрсөн 20 гаруй жилийн турш хэвлэл, олон нийтийн дунд яригдаж ирсэн. Энэ худлаа гэж үү?
-Хорь гаруй жил наад МАН-ынхан чинь тийм зүйл ярьж бидэн дотроос тэр алуурчин, захиалагчийг нь олно гэж улс төрдөө ашиглаж яваа шүү дээ. Энэ мэдээллийг 20 гаруй жил ярилаа. Тэр үед С.Зориг алагдсаны дараа бид бүгд дуудагдаж байцаалт өгч байсан. Бүгд ярьж байсан. Хэрвээ тийм юм байсан бол тэр хавтаст хэрэг дээр хамгийн түрүүнд л мөрдөн байцаагчаас эхлүүлээд асууна биз дээ. Янз бүрийн цуурхал гараад асууж ч байсан. Бид тэр үед тайлбараа өгч байсан.
-За, таны энэ тайлбар сонирхол татчихлаа. Би энэ талаар өмнө нь ёстой сонсож байгаагүй юм байна. За тухайн үед хэрэг гарсан. Хэрэг гарсны орой та тухайн үйл явц дээр очсон байсан. Маргааш нь Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлаж хуралдуулсан байдаг, тийм үү?
-За наадах чинь дахиад л худлаа мэдээ явж эхэллээ. Ер нь бол биднийг тухайн үед хэргийн газар дээр очсон гэж буруутгадаг. Тухайн үед яг ажлаасаа тараад гэр рүүгээ орох гэж байхад тэр үеийн цагдаагийн газрын дарга над руу утасдаад С.Зориг хутгалуулчихлаа гэж хэлсэн.
Чи боддоо. Найзаа хутгалуулчихлаа гэж бодохоор л хаана, яаж яваад хутгалуулчхав, юу болсон бэ гээд л машинаа дуудаад гараад явсан. Бушуухан л тэр газар нь очиж хутгалуулчихсан байгаа бол хаана ямар байдалтай байна, эмнэлэг дуудахаас авхуулаад яаралтай очихыг л болж явна биз дээ. Тэгээд орцоор нь ороод гэрийн коридорт нь орох хүртэл надад С.Зориг амь насаа алдчихлаа, алагдчихсан шүү” гэж хэлээгүй. Тэгээд гэр рүү нь л хамгийн түрүүнд гүйж орж байгаа юм.
Наадуул чинь 1998 онд тэр аллага болсноос хойш биднийг ингэж гүтгэж байгаа юм. Та нарт хүртэл тийм ойлголт өгчихсөн. Аргагүй шүү дээ. Ард түмэнд тийм удаан сурталчилж биднийг тэгж явж байгаа юм чинь. Дахиад хэлье. Энэ бүгдийг тэр хавтаст хэргээс нээгээд үзэхэд л тухайн үед биднээс асууж тодруулж байсан зүйлс гарч ирнэ.
Би нэг ганц тайлбар хэлчихье. Тухайн үед С.Зориг алагдлаа гээд л би С.Зоригийн гэрээс гараад шууд Төрийн ордонд ирж байсан юм. Шөнийн 23 цагийн үед. Тэгээд Засгийн газрын гишүүдийг цуглуулж, энэ асуудлыг яръя гэж шийдээд тэгээд энэ мэдээллийг яаж хүргэх үү гээд явсан. Тэр үед бүгд эмгэнэсэн. Энэ чинь ямар аймшигтай зүйл болчхов гээд маргааш өглөө радио нээхэд л эмгэнэл явуулъя.
Тухайн үед радио, телевизийн хороо гэж Засгийн газрын мэдэлд байсан юм. Даргыг нь ЗГ-аас томилдог. Шууд үүрэг өгөөд л маргааш өглөө телевиз нээгдэхэд С.Зоригийн зурагтай эмгэнэл. Радио нээхэд С.Зоригийн зурагтай эмгэнэл явуулсан. Бид тэгж эмгэнэж байсан юм. Тэр саналыг би гаргаж байсан. Тэгээд хүмүүс зурагт, радиогоо нээгээд л ямар аюултай зүйл болов гээд л... Тэгээд тэр алхмаас эхлээд биднийг буруутгах үйл ажиллагаа явж ирсэн. Бид тэр үед залуухан, гэнэн цагаахан байсан.
"Найзын маань үхлээр биднийг 30-аад жил буруутгаж, эндээс ашиг хийх гэсэн бүхэл бүтэн улстөрийн хүчин байна"
Найзын маань үхлээр биднийг ингэж гучаад жил буруутгаж, эндээс ашиг хийх бүхэл бүтэн улс төрийн хүчин байна. 70-аад жил явчихсан тэр хүмүүстэй бидний туршлага, бүх зүйл юутай ч зүйрлэшгүй шүү дээ. Ингэж ашиглах юм байна гэж эхнээс нь бодоогүй. Эхнээс нь л илрүүлэх юм байна гэж бодсон. Бүр аллага үйлдсэн этгээд тэр шөнөө баригдах юм байна гэж бодож байсан.
Та нар сайн мэдэхгүй дээ. Тэр үед Хууль зүйн сайд н.Батчулуун гэдэг хүнийг бас л гүтгээд шоронд хийснээс болоод нас барсан хэрэг гарч байлаа. Тухайн үед тэр н.Батчулуун гэдэг хүн гүйж орж ирээд бидэнд тайлбар өгөөд маргааш нь хуралдаад. Тэр шөнө нь би Н.Багабанди Ерөнхийлөгч рүү утсаар ярьж байсан юм. Ийм юм боллоо гэж.
Аюулгүйн зөвлөлийг тэр шөнөдөө хуралдуул гэж шаардаж байсан юм.
-Тухайн үед Ерөнхийлөгч Н.Багабанди ямар хариу өгч байсан бэ?
-Аюулгүйн зөвлөлийг хуралдуулахгүй. Та нар дээгүүрээ ярь л гэсэн тиймэрхүү хүйтэн хөндий байдалтай л байсан.
-Өнгөрсөн хавар Засгийн газрын хуралдаанаар нэг сонирхолтой зүйлийг шийдсэн. Тухайн үед би С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор, Эрдэнэт үйлдвэрийн асуудлууд тантай ер нь их холбогдож явах юм байна гэдгийг яаж анзаарсан бэ гэхээр таны хуралдуулсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг ил болгосон явдал. Энэ хуралдаандаа та ямар ямар санал, шийдлүүдийг аваад асуудлаа хэлэлцүүлж байсан бэ?
-За наадахаар чинь энэ Засгийн газар шоудаж байгаа юм. Яг тийм ил болгоод байхаар зүйл ч байхгүй. Би чамд дахиад нэг шинэ мэдээ өгье. 2017 онд би энэ С.Зоригийн хэрэгтэй холбоотой бүх хэргийн материалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ил болгосон.
Тухайн үед ил болголоо гэдэг мэдээлэл явж байсан. Хүн сонсох гэснээ л сонсдог. Гэтэл хүмүүс түүнийг сонсоогүй. Дараа нь ЗГ хэчнээн их шоудсан. Одоо тэр ил болгосныг түүнээс хойш энэ улсууд зүгээр л дарж байгаа. Та нар очоод үзэхэд тэр олон хавтаст хэргээс зөвхөн гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 70 хуудас, хамжигч, захиалагчтай холбоотой гэж үзэж байгаа тэр хэсэг нь нууц үлдээд бусад бүх материал ил болсон.
2017 оноос хойш миний гаргасан зарлигаар ил болсон байгаа. Одоо та нар тэр үеийн гүйцэтгэх ажиллагааны материалыг бүгдийг нь ав. Хэвлэлийнхэн та нар ТЕГ, ЗГ-аас шаардахад бүгдийг нь гаргаж өгөх ёстой. Тухайн үеийн ЗГ-ын хуралдааны материалыг ил болголоо гэж ярихаар түүнийгээ эхэлж ил болгож харуулаач.
Би хэлж байсан. Х.Баттулга Ерөнхийлөгч, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, М.Энхболд УИХ-ын дарга байхад ганц удаа ҮАБЗ дээр С.Зоригийн хэрэг яаж илэрсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг сонссон. Би ч сонсоогүй. Тэр материал байгаа. Түүнийг ил болгочих л гэж хэлээд байгаа юм.
-ЗГ-ын хуралдаанаар яг ямар асуудлыг тухайн үед та оруулж хэлэлцүүлсэн юм бэ гэдгийг сонирхоод байна л даа?
-Мэдээж шүү дээ. Тэр үед нөхөртөө эмгэнэл илэрхийлж байгаа. С.Зоригийн нэрэмжит сан байгуулъя гэж шийдвэр гаргаж байгаа. С.Зоригийн нэрэмжит сангийн байрны асуудлыг шийдвэрлэж байсан. ЗГ-ынхаа комиссыг байгуулсан. Тэгээд л С.Зоригийг алсан тэр үйл явцыг л маш хурдан илрүүлэх шаардлагатай буюу тэр шөнөдөө илрүүлнэ гэж хүлээсэн. Маргааш нь хүлээсэн. Тэгээд дахиад хүлээсэн байдаггүй.
Тэр үед надад бас "Энэ чинь юу вэ, яагаад хууль хяналтын байгууллага энэ хэргийг илрүүлж чадахгүй байгаад байна" гэсэн хардлага төрж, ерөөсөө л гаднаас тусламж авъя гээд АНУ-ын Элчин сайдыг би албан ёсоор өрөөндөө уриад АНУ-аас, олон улсаас тусламж ирүүлээч ээ, энэ хүний асуудал Монголын Ардчиллын асуудал болчхоод байгаа юм.
Энэ Ардчилалд маш аюултай хар толбо болно. Алуурчныг нь заавал олох ёстой" гэж хүсэлт тухайн үед тавьж байсан. Тэгээд АНУ-д хүртэл тодорхой хүмүүсийн бүтэц угсрагдаад бэлдэж байсан гэж байгаа юм. Тэгээд миний үүрэг гүйцэтгэгчийн хугацаа дуусч ЗГ-ын толгойлох дараагийн хүмүүс гарч ирээд манай эхлүүлсэн ажил зогссон. Цагдаагийн газар, Хууль зүйн яам руу гүйдэг нөхдүүд тэр бүх ажлыг зогсоосон байсан. Тэгээд бид л илрүүлнэ. Гаднаас тусламж авахгүй гэж тухайн үеийн цагдаагийн дарга ч надад хэлж байсан. “Та одоо өөрийнхөө цагдаад итгэхгүй байгаа юм уу. Өөрийнхөө энэ туршлагатай хүмүүст итгэхгүй байгаа юм уу. Ийм зэрлэг, балмад аллагыг бид дор нь илрүүлнэ шүү дээ” гэж надад хэлж байсан.
-Тухайн үед Хууль зүйн яам руу гүйж байсан хүмүүс гэдгийг нь би тодруулаад асуумаар санагдчихлаа. Хэн тэгээд яваад байсан юм бэ. Хууль зүйн яам гэхээр зарим нэрс бас миний толгойд орж ирж л байна?
-Чи тэр зарим нэрсээ хэл л дээ. Тэнд бид Хууль зүйн сайд гээд нэг хүн тавьж байгаа. Тэгээд тэр дотор нь байгаа бүх юм чинь хуучин шүү дээ. Ерөнхий сайд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч гээд хэдэн сайд гарч ирж байна. Тэр бүх зүйл хуучин. Би чамд ганц юм хэлье.
Энэ 34 жилд Монголын энэ Ардчилсан нам, Ардчилсан хүчин намайг Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байхад ч гэсэн бид нар Их Хурал дээр шийдвэр гаргах эрх нэг ч удаа авч үзээгүй. Чи гайхах байх. Та нар бас ялж байсан, Ерөнхий сайд болж байсан гэж.
1990 оноос хойш 9 удаагийн сонгууль болоход одоо энэ Ардчилсан намаар төлөөлүүлээд хэлчихье. Нэг ч удаа УИХ дээр шийдвэр гаргах хэмжээний эрхтэй болоогүй. Ганц удаа буюу 1996-2000 оны хооронд 50 суудал авсан. Тэгэхэд 51 суудалтайгаар ирц бүрддэг байсан юм. Тухайн үеийн Үндсэн хуулиар. Чи боддоо, бид ийм хүнд нөхцөлд ажиллаж байсан. Ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа ажиллаж байхад 76 гишүүний 25 нь манай Засгийн газрын гишүүн байсан. 25 гишүүнтэй Ерөнхий сайд байсан гэж бод. Бид ийм хүнд нөхцөлд улс оронд асуудал шийдэх гэж, урагшлуулах гэж цагаан сэтгэлээр зүтгэж явсан юм аа.
"Н.Алтанхуяг өөрөө огцорсон. Нүүрс гаргахаар Тавантолгойн тэнд хашаа барьсан, тендер авсан, тийм өлөн"
-Та Ерөнхийлөгчөөр 2013 онд хоёр дахь удаа сонгогдсныхоо дараа “Эрдэнэт”-ийн асуудлыг барьж авсан. Тухайн үед С.Зориг агсны хэргийг замхруулах, хэргийг илрүүлэх асуудлыг хонгилоо угсарч хийсэн гэх зүйлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?
-Авлига угсарсан бол Монгол Улс авлигын индексээр 120-оос 72 руу орох уу. Шүүхэд итгэх итгэл 18-аас 65 болох уу. Монгол Улсын шүүхийг би дээд шүүхийн даргаар нь далимдуулан барих байсан бол, дээд шүүхийн даргад байдаг маш том эрх мэдэл шүүгчдийн цалин мөнгө гэх мэт бүгдийг шийдэж шалгаруулдаг Шүүхийн ерөнхий зөвлөлийг тусад нь хууль гаргаж байгуулах уу. Үүнийг би хийх үү. Үгүй байсан. Монголын шүүхэд ийм өөрчлөлт орсон учраас шүүхийн итгэлцэл буурсан. Юун хонгил угсрах. Тэнд зүгээр л өөрсдөө гүйж явсан улс хонгил гэх нэр дурдаж яриад л өөрсдөө хохирогчийн дүрд тоглож энэ нэрийг явуулж байгаа. Яг үнэндээ, өөрөөсөө болж унасан, тэр ард түмний нүүрсний мөнгөн дээр ч юм уу. Өчнөөн олон тэрбум төгрөгийн ашигтай, үүнийг хоорондоо хувааж авахын тулд наадуул чинь муудалцаж нэг нь Авлигатай тэмцэх газарт мэдээлээд л Ардын нам руу мэдээлэл өгч гүйснээрээ огцорсон хүмүүс /улс/ байдаг юм. Одоо “Оюутолгой”-н гэрээ хийхгүй гэж байсан ч гэх шиг. Засгийн газарт тэр үеийн Ерөнхий сайдын “Оюутолгойн далд уурхайгаа хурдан барина” гэж хэлсэн үг нь хүртэл байгаа. Одоо ийм үгээр та нарын толгойг эргүүлж байгаа. Одоо яах вэ дээ, чи асууж байгаа болохоор ярилаа. Чи бид хоёр өмнө нь асуулт, хариулт огт тохироогүй. Өнөөдөр л /2024.04.11/ ярьж байна. Бэлдсэн юм байхгүй.
-Таны хувьд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг шахаж огцруулахад нөлөөлсөн. Ингэхдээ “үгэнд ор, үгүй бол шоронд ор” гэж хэлсэн гэх юм билээ. Хамгийн гол зорилгл нь “Эрдэнэт”-тэй холбоотой асуудал байсан юм биш үү?
-Үгүй үгүй, зүйр цэцэн үг шиг дэмий юм хэлсэн, түүнийг нь хүн цээжилдэг юм шүү дээ. Үг хэлсэн зүйл байхгүй. Юун тэр үгэнд ор, шоронд ор. Засгийн газрын асуудал яригдаж байхад Ерөнхий сайдыг огцруулж болохгүй гэх саналыг Их хуралд би хоёр ч удаа дэвшүүлсэн. Мөн тухайн үед хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагаар дамжуулан илэрхийлж байлаа. Яагаад гэвэл би өөрөө хоёр ч удаа огцорсон байхгүй юу. Авлигын эсрэг хоёр ч удаа тэмцсэн, намайг огцруулсан. Тиймээс л энэ Засгийн газар дөрөвхөн жил ажилладаг, дээр нь Монголын цаг агаар эрс тэс, өвөл хавар хэцүү. Ер нь Монголд барилга бариулах, бизнес эрхлэх хугацаа маш бага байхгүй юу.
-Гэхдээ та хаалганы цаана шахаж байсан юм бишүү. Та Ерөнхий сайд асан Н.Алтахуягийг гүтгэсэн юм билээ?
-Юу гэж шахах билээ дээ. Би шүүхийн тогтоолд тайлбар хэлдэггүй. Материалыг нь үзвэл процесс нь тодорхой байгаа.
-Та тухайн үед ярилцлагад орж байхдаа “Н.Алтанхуяг өөрөө намайг огцруулаад өгөөч гэж хэлж байсан” гэж хэлсэн. Энэ нь шүүхэд Н.Алтанхуяг ерөнхий сайдын талд л гарсан?
-Би чамд хэллээ. Би шүүхийн шийдвэрт тайлбар өгдөггүй. Сайн, муу, буруу зөв гэж тайлбар хэлдэггүй юм аа. Тэр үед шүүх надаас тайлбар шаардаж байсан. Тухайн тайлбарыг өгсөн байгаа. Процесс нь материалд бий.
-Тухайн үед гүтгэсэн гэдгийг нь шүүх тогтоосон юм байна?
-Ганц юм хэлье. Тухайн үед өөрийн намын гишүүдээ татах ёстой байхад Х.Баттулгыг оролцуулаад 13 гишүүнийг цааш нь түлхсэн. Одоо тэр улсуудтайгаа ярь л даа. Ерөөсөө өөрөө огцрох бодолтой. Үгүй бол Ардын намд бөөн хулгай, ЗГХЭГ-ын даргаар хүргэн дүү нь томилогдсон. Нүүрс гаргахаар Тавантолгойн тэнд хашаа барьсан, тендер авсан, тийм өлөн. Гэтэл маш олон зүйлийг Ардын нам олж авсан байсан. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх байгууллага нь шалгаж байгаа. Зүгээр л тэр сандарч гүйж явахдаа нэг хүн барьж аваад л хонгил энэ тэр гэж хэлэхээр шударга харагдана, зөв харагдана, хөөрхий муу тэр Ц.Элбэгдоржийг нүдээд гарна л гэсэн бодолтой яваа шүү дээ.
-Үйл явцыг эргэж харвал Ч.Сайханбилэг сайд болсны дараа “Эрдэнэт”-ийн 49 хувь шийдэгдсэн. Мөн Дубайн гэрээг талууд үзэглэсэн гэх үйл явц болсон. Дахиад л таны нэр “Эрдэнэт”-тэй холбогдож, 49 хувийг хувьчлах асуудалд Ерөнхийлөгчийн хувиар оролцож нөлөөлсөн зүйл байгаа биш үү. Үйл явцыг харахад сум тан руу чиглэж харагдаж байна?
-Та нарт үнэн юм шиг сонсогдоно. Бүх хүн тархиа угаалгасан, наадуул чинь киногоо л давтан давтан ярьж байгаа шүү дээ. Бас “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар чамд дахин шинэ мэдээлэл өгөхөд, УИХ-аар “Эрдэнэт”-ийн 49 хувийн тухай асуудлыг ярих шаардлагагүй гэх шийдвэрийг гаргасан юм. Тэр татвар, түрээсийн асуудал нь шууд манай татварын газар руу орж байдаг. Оросын талаас хүсэлт тавьж, тус улсын РосСтек компанид очсон. Энэ шийдвэрийг ОХУ-тай байгуулсан гэрээг УИХ баталж, хэлэлцүүлэх ч шаардлагагүй. Яг үнэндээ төрийн өмчийн хорооны хэмжээнд шийдэх боломжтой асуудал. Хуулиар өнөөдөр харвал ийм л байгаа. "Их хурал дээр яриулаагүй, Ц.Элбэгдорж хулгайлах" гэж байсан гэдэг. Гэтэл би “Эрдэнэт” үйлдвэрээс ажлынхаа гарааг эхэлж байсан. Тэр үед “Эрдэнэт” үйлдвэр анх ашиглалтад орохдоо 30 жил ажиллана гэж гарсан юм. Гэтэл 39 дэх жилдээ “Эрдэнэт” үйлдвэр ажиллаж байгаа юм. Ингээд би “Эрдэнэт” үйлдвэрийн байдал хүнд байгаа шүү, наад “Эрдэнэт” үйлдвэрийг төр 34, хувь 33 хувийн хяналттай явъя, цаашлаад хувийг нь багасгаж ард иргэд 33 хувьтай болохоор асуудлыг шийдэх байсан. “Эрдэнэт” үйлдвэрийн шахаа хүнд суртал Эрдэнэт уулнаас том болсон. Одоо Хятадууд шахаж байгаа. Миний төрсөн ах “Эрдэнэт” үйлдвэрт 30 жил инженерээр ажилласан хүн байсан юм. Миний ах мэднэ, “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяаны төлөө өлсгөлөн зарлаж байсан хүн шүү дээ. Манай “Эрдэнэт” үйлдвэр аюул боллоо гэж ярьдаг хүн байлаа. Одоо яах юм, “Эрдэнэт” үйлдвэр их ашигтай сайхан ажиллаж байгаа гэж хэлэх юм уу оросуудад. Ямар ч сонголт өгдөггүй шүү дээ.
-“Эрдэнэт” үйлдвэр сүүлийн 30 гаруй жил бидний нэг хэсэг байлаа. Сүүлийн жилүүдэд Оюутолгой, Тавантолгой яригдаж байна. Энэ хугацаанд та нэлээн олон жил эрх мэдэлтэй явсан. Та ямар нэгэн эрх ашиг, шахаа шургуулж байсан уу?
-Ямар юм байх вэ дээ. Наадуул чинь бүгдийг шалгасан. "Ачит-Эх" компанийг хүртэл холбож над руу дайрдаг юм. Хөөрхий Цагаан чинь 2004 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болохоос өмнө тэр тухай ярьж бизнес төслөө хийж явсан юм билээ. Тэнд миний нэг ч төгрөгийн оролцоо байхгүй. Наадуул чинь тэр бүү хэл бидний хооронд мөнгөний оролцоо байна гэж бүр хуурамч бичиг баримт хүртэл үйлдэж хавтаст хэрэг рүү оруулсан. Энэ зохиолоо үнэн болгох гэж үхэж байгаа. Тэнд оролцсон нэг ч юм байхгүй. Үнэхээр л тэр шахаанаасаа уйдсан бол ард түмэндээ 100 хувь хувьцаагаар, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа гэх хуурамч биш нээлттэйгээр нэг хүн худалдан авах хувийг тогтоож ард түмэнд хүссэн хувьцааг нь худалдан авдаг болохоор нээлттэй болго л доо. Ард түмний хяналттай, олон нийт нь удирдлагаа томилоод яваг. “Эрдэнэт” үйлдвэрт заавал Монгол захирал байлгаж яах гэж байгаа юм. Анхнаасаа Германаас ч юм уу өндөр шалгуур тавьж өнөөдрийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын идэж ууж байгаа хэмжээний хөлсийг өгнө гэхэд хамгийн шилдэг менежер “Эрдэнэт”-д ирж ажиллана. Наад хувийнхан чинь ийм л юм оруулах гэж байсан юм билээ. Хувьд шилжих хэдэн сарын хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн байдал хэрхэн яаж өөрчлөгдөж сайн ажиллаж байсныг бүгд мэднэ. Ямар олон зүйл тэндээс ил болж байсныг ч мэднэ. Үүнийг алга болгох гэж онц байдал нэрээр тогтоож өөрсдөө наадуул чинь бүх эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа.
-"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг авах процесс амаргүй гэж бодож байна. Нэгдүгээрт, хоёр компанийн хооронд яриад хийдэг зүйл биш, геополитикийн бодлого ч байна. Олон жил яриа хэлэлцээр үргэлжилсэн байх. Энэ агуулгад хоёр орны улс төрийн лидерүүд хоорондоо ярьж, зам мөр чиг гаргах шаардлага зайлшгүй байгаа гэж бодож байна. Та энэ талаар хэлцэлд орж, “Монголд “Эрдэнэт”-ийн 49 хувийг оруулж ирэх талаар Оросуудтай ярьж байсан зүйл бий юу?
-Хөөрхий та нарт байгаа мэдээллээ л та нар асууна шүү дээ. Би чиний асуултыг ерөөсөө ч буруутгахгүй байна. Наад асуулт чинь хэлэлцээр болж байгаа, барьж буй зүйл байхгүй. Оросууд маш тодорхой зүйл хэлж байсан, Монголд “Эрдэнэт” үйлдвэрийг 30 жил явлаа, ашиглалтын хугацаа дууслаа, ашиглалтын хугацаа нь дуусаад 9 жил боллоо, монголчууд өөрсдөө явч явах тухай асуудал, ерөөсөө авч явах тухай ч биш үүнийгээ худалдах тухай зүйл ярьж, энэ асуудал гурван улс, тэр үед Монгол бараг сонирхоогүй гэсэн шүү. Хятад, Казахстан хоёр сонирхсон гэж байгаа юм. Дээр нь Монголын аж ахуйн нэгж компани гүйж орж авсан. Би чамд нэг юм хэлье, тэр үед Засгийн газар, Их хурлаар ярьсан бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь одоо ч ирэхгүй байсан. Их хуралд орсон олигархи бүлэг хоорондоо зодолдоод оросууд нь “Эрдэнэт” үйлдвэр сүрхий ашигтай юм байна, эргүүлж тийм мөнгөөр зарахаа больё гэж зогсох байсан. Одоо дайныг санхүүжүүлсэн гэх утгаар Монгол Улс хоригт орох байсан. Юун их наядаар нь ард түмэндээ тогных нь мөнгийг төлж өгөх. Наадуул чинь бүр мөнгө нь багтахгүй байгаа юм шиг 100 тэрбумаар жорлон бариулна. Одоо тэр бүх сумын сургуульд барина гэсэн жорлон хаана байна.
"Миний үгийн алдаан дээр тоглодог юм"
-Таны бичлэгт “Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн байдал ямар байгааг товчхон хэлэх нь зөв байх гэж бодож байна. 1978 онд нээлтээ хийж байсан, тэр үед мэргэжилтнүүд энэ үйлдвэр бүрэн хүчин чадлаараа 30 жил ажиллана гэж тооцож байсан. Өнөөдөр энэ үйлдвэр 39 дэх жилдээ явж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон санхүү өр зээл янз бүрийн маргаан 600 орчим сая ам.долларын асуудал байна. “Эрдэнэт” үйлдвэр 39 дэх жилдээ явж байгаа учраас тоног төхөөрөмж хөрөнгө оруулалт маш их шаардагдаж байгаа. Ойролцоогоор хагас тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нэн шаардлагатай байна. Одоо 9 жил илүү ажилласан. Одоо энэ үйлдвэрийн хаалт хөгжлийн тухай ярих цаг болсон. Энэ хаалт хөгжлийн тухай хуулийг зарим УИХ-ын гишүүн санаачилсан тухай сураг сонсогдсон. Ийм л байгаа. Ойрын 10 жил энэ үйлдвэр өр зээлээ үнэхээр төлж цаашид яаж явах вэ. “Эрдэнэт” үйлдвэр саалийн үнээ гэдэг үнэхээр тал нутгийн өвсөнд явсан тарган чадалтай саалийн үнээ явсан цаг бий. Одоо эмчилгээ, тэжээлийн цэгт очсон. Одоо бол хөгширсөн” гэж?
-За сайхан үзлээ, чамд ямар асуулт байна.
-Та 2016 оны шинэ парламент бүрдсэн УИХ-ын чуулганд дээрх зүйлийг ярьж байсан. “Эрдэнэт” үйлдвэр тарган цатгалан үнээ байсан одоо хаалтын тухай ярья" гэхэд одоо “Эрдэнэт” үйлдвэр 60 жилийн нөөцтэй, тэр бүү хэл таны хэлдэг олон зүйлийг төрд өгч байна, татвар төлөлтөөрөө ч тэргүүлж байна. Жилд 1.3 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн хэвээрээ байна. Тухайн үед яагаад ингэж үнэгүйдүүлэх хэмжээнд ярьж байсан юм бэ?
-Миний үгийн алдаан дээр тоглодог юм. Би Путин Ерөнхийлөгчтэй зүгээр л зогсож байхдаа ганц хоёр удаа үг сольж байсан юм. “Эрдэнэт” үйлдвэрийн талаар хамгийн сүүлд бид хоёрын ярьж байсан маш цөөн минут байдаг. Тэр үед ч хэлж байсан “Та нар авч чадах юм уу”, “Чадна”. Ийм л хариулт бид хоёрын дунд өрнөсөн. Би тийм л Ерөнхийлөгч байлаа. Тал 49 хувийг нь авчирсан юу нь буруу байгаа юм, тэнд ерөөсөө хуулийн буруу юм байхгүй, санхүүгийн ч буруу юм байхгүй. Энэ бол өнөөдрийн Ерөнхий сайдын улс төрд хүрэх гэж миний нэр тархинд нь байдаг, одоо бас “Эрдэнэт” тархинд нь түрээсгүй амьдардаг нэг нэр байгаа. Түүгээр л хоол идэж байгаа шүү дээ. Одоо С.Зоригийн нэр орсон юм шиг байна. Өөр юу байгаа юм, наадах чинь зүгээр л та нарт үзүүлсэн кино шт.
-Та үгийн алдаа гэж андуурч хэлсэн гэж тайлбарлаж байна тийм үү?
-Тал нутгийн өвсөнд явсан тарган сайхан үнээ байлаа, одоо эмчилгээ тэжээлийн цэгт очжээ л гэж хэллээ. Үүнийг андуурах юу байсан юм.
-Хоёрдугаарт, хаалт хөгжлийн тухай ярих болсон байна гэдэг зүйлийг хэлсэн?
-Тэр үед О.Баасанхүү гишүүн хаалт хөгжлийн хууль санаачилж байсан юм. Тухайн үед Эрдэнэтээс сонгогдсон гишүүн нь хүртэл ингэж бодож байсан. “Эрдэнэт” үйлдвэрийн цаана бүхэл бүтэн хот байдаг юм. Хотын 100 мянган хүний хувь заяа байдаг юм. Тийм учраас нэг өдөр уул уурхайн үйлдвэр хаагдвал цаана нь байгаа ард түмэн хэцүүддэг байхгүй юу. Тэгэхээр үүнийг 30, 40 жилийн өмнөөс боддог юм. Уул уурхайтай улсуудын гол жишиг нь ийм байдаг. Тиймээс 30, 40 жилийн өмнөөс бодох хэрэгтэй. Тэр 60 жил энэ тэрийг олон улсын стандартаар батлуул. Миний үед “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн нөөц багасаж, их шороотой арай гэж л олборлож байна гэдэг яриатай. Миний үг удахгүй та нарын орой руу орно. Мөнгөө өгөхөө болихын цагт, “Эрдэнэт” үйлдвэр зогсохын цагт, Эрдэнэтэд байгаа 130 мянга гаруй иргэний амьдралын асуудал босоод ирэх үед Ц.Элбэгдорж үнэн ярьж байсан гэж ярина.
-Уучлаарай, нийтэд явж буй мэдээллийн зарим зүйлийг асууж байгааг та хэллээ. Гэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийг үнэгүйдүүлж байж, 49 хувь руу орсон аж ахуйн нэгж тантай хамаарал бүхий МАНАН бүлэг гэж яригддаг зүйл үнэгүйдүүлж байж ашиггүй болсон, улсад хэрэггүй болсон гэх байдлаар та илэрхийлэх гэж оролдсон юм биш үү?
-Наадуул чинь гүтгэсэн юм. Одоо ч гүтгэдэг юм. Нэг компани оруулж ирсэн 49 хувиа авах нь байтугай энэ хувийг авахад гаргасан мөнгийг нь өнөөдрийг хүртэл өгч чадахгүй явж байгаа үүү дээ. Бод доо, ийм бизнесийн зарчим байж болох уу. Тэгээд улс булаагаад л авч байна, найман жил хулгай хийж байна тэнд. Ард түмэнд өгөхгүй л байна шүү дээ. Ард түмэнд тийм хайртай болбол бяртай 64 гишүүнтэй найман жил суусан мөнгөтэй Засгийн газар өгөх ёстой. Би Ерөнхий сайдуудтай уулзахад Л.Оюун-Эрдэнэд хэлж байсан юм. “Эрдэнэтийн хувьцааг Монголын ард түмэнд өг, гэхдээ популизмын аргаар биш. Хөрөнгийн зах зээлээр дамжуулан өг, Монгол хүн мянган төгрөгөөр худалдаж авдаг, гурван мянган төгрөгөөр худалдаж вадга болгочих. гэж. Тэгээд нэг хүний дээд хэмжээг тогтооичих. Ингэснээр манай монголчууд хэнээр ч залгахгүй худалдаж авна. Үүндээ ашиг хуваа гэж” 100 хувь ашгийг нь өг гэж. Би авах байсан хүн тэгдэг юм уу. Надад тийм ямар ч сэтгэл байхгүй. Юун хувь авах, үнэгүйдүүлж авах юм байхгүй.
-“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой таныг оролцоотой гэх улс төрийн хардлага, үйл баримт зэрэг олон асуудал байна. Хоёр зүйл асууахад, нэгдүгээрт “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчилж авах мөнгө төрийн байгууллагуудаас гарсан схемийг эдийн засагчид зурж байна. Мөн төр яг энэ цаг үед Ерөнхий сайд, Сангийн сайд олон зүйл хэлж б айна. Худалдан авах мөнгийг механизм ашиглаж монгол төрөөс гаргаж авсан юм биш үү. Үүнд та ямар бодолтой байна?
-Өөрсдөө 400 сая ам.доллар гаргаж авдаг тийм мөнгөтэй төгрөгтэй улс гэж байхгүй. Бонд босгож гаргана, улсаасаа зээл авна, төв банкнаас зээл авна. Тэнд Ц.Элбэгдорж найз нь байсан, өгүүлсэн л гэж чи бодож байгаа. Тэгээд гаргаж авлаа гэхэд хуулийн хувьд ямар ч зөрчил алга гэх дүгнэлтийг хууль хяналтын байгууллагууд хийдэг юм. Бүгдийг нь шалгасан байгаа. Тэр үеийн бүх бичиг баримт нь АТГ-ын хавтаст хэргийн материалд байдаг. Хэлсэн шүү дээ, ялын юм биш шагналын тодорхойлолт байна. Тэр үед явж байсан залуусаас, авах гэж байсан улсуудаас ярилцлагадаа оруулаад асуу л даа. Одоо Пүрэвтүвшин, Отгочулуу байна шүү дээ. Тэд бүгд мэднэ. Чи Монголбанкны ерөнхийлөгч Золжаргалаас асуу л даа.
-Та сая тайлбар хэллээ, дүгнэлт гарсан гэж. Дүгнэлт гараагүй, асуудал шүүхэд явж байгаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр шинэ жилийн өмнө “Эрдэнэт”-тэй холбоотой асуудалд?
-Дүгнэлт юу байх вэ дээ, хүн Ерөнхийлөгчөөс буух болохоор бүгд шалгадаг шүү дээ. УИХ-ын нэг гишүүн 12 асуудлаар намайг Авлигатай тэмцэх газарт өгсөн юм. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад сүүлийн хоёр жил АТГ шалгасан. Дээр нь Ерөнхийлөгчөөс буусны дараа таван жил шалгасан. Бүх хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан юм, манай хуулийнхан сайн шалгадаг шүү.
-“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой Хөтлийн асуудал, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой гурван хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шүүхээр орсон. Гэхдээ Ц.Элбэгдорж сахал Эрдэнэбилэг буюу Худалдаа хөгжлийн банкны үүсгэн байгуулагч, Ч.Сайханбилэг гурван хүний хэргийг энэ асуудлаас тусгаарласан нь асуудалтай байна. Тийм учраас анхан шат руу буц гэсэн шийдвэр гаргасан юм билээ?
-Миний хэрэг байхгүй.
-Таны хэрэг байхгүй юу. Танд шүүхээс ямар нэгэн зарлан дуудах хуудас өнөөдрийг хүртэл очоогүй юу?
-Би чамд хэллээ шүү дээ, таван жил шалгуулаад 2022 оны долдугаар сард бүгд хэрэгсэхгүй болсон.
-Шүүхээс танд ямар нэгэн байдлаар зарлан дуудах хуудас очоогүй юу?
-Юу ч ирээгүй.
-Очоогүй юу тэ?
-Ирээгүй, очоогүй гэдгийг би хэллээ шүү дээ.
-Өнгөрсөн хугацаанд та 2023 онд Монголд хоёр, гурван хоног ирээд буцсан?
-Монголд хоёр сар байсан. 2023 оны есдүгээр сард Стэнфордын их сургуульд судлаач гэдгээрээ үргэлжлүүлж ажилласан юм.
-Монголд ирээд хоёр сар болсон юм уу?
-Хоёр сар болсон юм, хугацааг нь харахгүй юу.
-Таныг хоёр, гурван хоноод буцсан, 2019 онд хилээр гарсан гэх мэдээллүүд яваад байна?
-Бүгд л ингэж гүтгэдэг. 2019 онд хилээр гарсан ч гэж байх шиг. Хамгийн сүүлд 2023 оны есдүгээр сарын сүүлчээр л байх ёстой. Бүгд гүтгэлэг та нар ийм зүйлд итгээд байдаг юм уу.
-Таны хэлсэн олон алдартай үг байдаг. Үүний нэг нь, шүүх дуудахад гутлаа тослоод зангиагаа зүүгээд очно гэж. Өнгөрсөн хугацаанд маш олон асуудал яригдлаа. Үүнийгээ та мухарлаж Монголдоо ирж шалгуулаад асуудлаа цэгцлэх боломж байгаа юу?
-Би чамд хэллээ шүү дээ. Ерөнхийлөгч байх сүүлийн хоёр жилээс намайг 12 асуудлаар таван жил шалгасан. Бүгдийг нь шалгасан. Анх дуудахад нь гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очиж байна гэж зураг хүртэл нийтлээд л очиж байсан шүү дээ. Би зугтдаг хүн биш. Надад ийм зүйл байхгүй. Би дуудах бүрт нь очдог. Дуудах бүрт нь шалгуулдаг байсан. Бүгдийг нь шалгаад л хэрэг хэрэгсэхгүй боллоо, асуудал алга байна гэж зогссон юм байгаа юм.
-Шүүхтэй холбоотой нэг асуудлыг танаас асуухгүй өнгөрч болохгүй нь. Тантай ойр, туслахаар нь ажиллаж байсан Оюунгэрэл гэдэг хүн. Дээр нь Монгол Улсын Ерөнхий сайд буюу хариуцлагатай албан тушаалтан Оюун-Эрдэнэ гэх хүн. Элбэгдорж гэх хүний томилсон дээд шүүхийн шүүгчид. Ер нь шүүгчид авлигын тэмцлийг замд нь нурааж байна гэсэн. Та тэнд хэдэн хүн томилсон юм, хэдэн хүнд үүрэг даалгавар өгч суудаг юм бэ?
-Би хүн томилохдоо үүрэг даалгавар өгдөг дээд шүүхийн шүүгчдийн нэгтэй нь ч уулзаагүй. Цаагуураа шалгаруулалт нь тусдаа, журам нь тусдаа, бүгд хуультай. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зарлигт нь Ерөнхийлөгч ёсчлон гарын үсэг зурдаг юм. Түүнээс биш дээд шүүхийн шүүгчдийг дуудаж уулзаад үүрэг даалгавар өгдөг зүйл нэг байхгүй. Нэгэнт байхгүй зүйл нэг нь ч тогтоогдохгүй. Ийм учраас би зоригтой байдаг байхгүй юу.
-Зоригтой болохоор таныг ирээд асуудлаа шийдээсэй гэж хүсээд байгаа юм?
-Ямар асуудал байгаа юм.
-Жишээ нь тан дээр “Эрдэнэт” үйлдвэр, Дарханы “Төмөрлөгийн үйлдвэр”, С.Зоригийн хэрэг зэрэг зөндөө асуудал гарч байна?
-Долоон жил намайг шалгасан гэж хэллээ. Одоо ямар асуудал байгаа юм.
-Хууль хяналтын байгууллагынхан шалгалтын үйл явц дуусаагүй гэдгийг хэлж байгаа. Сүүлийн шүүхийн шийдвэр таныг байхгүй гэдэг үндэслэлээр буцаагаад байна л даа?
-Чи боль. Ч.Сайханбилэг, Эрдэнэбилэг хүмүүс нь гадагшаа гарсан гэх үндэслэлтэй. Элбэгдорж гэж хэлээгүй за. Дахин нэг зүйл хэлье, долоон жил шалгуулсан. Одоо наадуул чинь шалгуулах хэрэгтэй. Найман жил идэж ууж хэдэн тэрбумаар нь. Монгол Улс 2016 онд л хөөрхий 7 их наяд төгрөгийн төсөвтэй байсан. Одоо 27 их наяд төгрөгийн төсөвтэй шүү дээ. Гэхэд ард иргэдийн амьдрал сайжирсан уу. Үнэ яаж өсөв, мөнгөний ханш яаж унав, хүмүүсийн амжьиргаа яаж унав өнөөдөр хүмүүс ярьж байна шүү дээ найман жилийн өмнө өнөөдрийн 20 мянган төгрөгөөр авдаг байсан зүйлээ 100 мянган төгрөгөөр ч авч чадахгүй байгаа. Өнөөдөр зам нь энхэл донхол болсон ямар янзтай байгаа билээ. Нэг замын булан зассан уу. наадуул чинь ийм шударга зүйл яриулахаасаа айж над руу дайрдаг юм. Өөр юу ч байхгүй.
Байж бай би чамд ганц юм хэлье. Би дандаа Монгол Улсынхаа үүх түүх, бахархалтай явсан үеийг зарим нэг дургүй улсуудад, удирдагчдад хандаж бичдэг юм. Би эрх чөлөөг өмөөрдөг, дайныг эсэргүүцдэг. Бүрэн эрхт улсын эсрэг дайтахыг эсэргүүцдэг. Тиймээс наад хүмүүс чинь надад дургүй байдаг юм. Тийм улсуудаас чиглэл авсан, түүгээрээ намайг янз бүрийн байдалд оруулах гэсэн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх гэж явж байгаа асуудал байж магадгүй. Энэ тухай ч хүмүүс бичээд эхэлчихсэн байгаа. Өөр юу байгаа юм.
-Ерөнхийлөгч өө та АНУ-д Ч.Сайханбилэг Ерөнхий сайдтай хамт байгаа юм уу. Та хоёрыг хамт байгаа гэдэг мэдээлэл хэвлэлээр гараад байна лээ?
-Хамт байхгүй.
-Ойрд уулзсан уу. Холбогдсон уу?
-Би эхнэртэйгээ хамт байгаа. Ойрд уулзаагүй.
-Түрүүн та дурдаад өнгөрлөө. Миний хувьд сонсож байгаагүй зүйл байна. Д.Дорлигжав гэдэг хүн та хоёр сүүлдээ муудалцаад салсан юм уу?
-Тэгсэн.
-Та Жастин Каплад өршөөл үзүүлсэн. Тэр үед таныг хүмүүс сайн, муу олон янзаар ярьж байсан. Тэр үед би юу гэж бодож байсан бэ гэхээр, “Олон улсад манай улсын нэр хүнд уначихсан байгаа энэ үед хөрөнгө оруулалтыг татахын тулд хийж буй зөв алхам байж болох юм” гэж бодож байсан. Гэвч таныг Ерөнхийлөгчөөс буусны дараа хууль зүйн сайд нар юу гэж ярьсан бэ гэхээр “Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Ц.Элбэгдорж, ТЕГ-ын дарга Б.Хурц тэргүүтэй хүмүүс бизнесийнхнийг дарамтлаад хамаг эд хөрөнгийг нь аваад жинхэнэ эзэн болсон” гэж яригдсан. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Би зөвхөн Жастин Капла гэдэг хүн дээр яръя. Ганцхан үг хэлье. Татварын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэдэг асуудлыг би өөрийнхөө нэр төрөөр дэнчин тавьж байж зогсоосон. Татварын хэргээр ял авсан хүнд Ерөнхийлөгч өршөөл үзүүлдэггүй юм. Өршөөл УИХ-аас гардаг юм. Ерөнхийлөгч уучлал үзүүлдэг, би уучлал үзүүлсэн.
Тэр үед 700 гаран ААН татварын хэргээр шалгагдаад шоронд ороход бэлэн болчихсон байсан юм. Энэ бол эрүүгийн хэрэг биш гэж уриалж, тухайн үед хуулийн өөрчлөлт оруулж шийдэж байсан. Өнөөдөр л гэхэд наад хэд чинь татвараар шалтгаалж ААН-үүдийг дарамталсан хэвээрээ л байгаа байх.
-Та тийм бодлого баримталж байсан юм бол яагаад бизнесийн байгууллагуудыг хууль хүчнийхэнтэй нийлж дарамталсан гэдэг асуудалд ороод байгаа юм бэ?
-Би нэг ч дарамтлаагүй. Наад хэд чинь чамд кино яриад, худлаа яриад байна.
-Би биш Монголчууд бүгдээрээ үзэж байна. Бид бүхэн үнэнийг хайх ёстой. Тийм учраас би танаас нээлттэй асууж байна. Та ч бас нээлттэй хариулж байна?
-Тийм. Их баярлалаа. Би хариулчихлаа шүү дээ.
-АНУ-д хоёр байшинтай гэх асуудал гараад байна Ерөнхийлөгч өө. Үүнийг асуухгүй өнгөрч болохгүй байх. Та бол 30 гаруй хүүхдийг өргөж авч, өсгөж хүмүүжүүлсэн. “Маш олон хүүхэдтэй эцэг” гэж өөрийгөө хэлдэг. Гэтэл тэр хүүхдүүдийн нэг болох Э.Анужин гэдэг хүний нэр дээр АНУ-д хоёр байшин гараад ирлээ. Нийт үнийн дүн нь дөрвөн тэрбум гаруй төгрөг юм уу даа. Энэ асуудал дээр ямар тайлбар хэлэх вэ. Эхлээд тайлбарыг тань сонсъё?
-Би тайлбараа хэлчихсэн. Хүмүүс сонсохгүйгээр зохион байгуулалттай ПиАр хийж байгаа юм. Тэр хүүхэд сургуульдаа яваад дараа нь биеэ дааж амьдарна гээд л явсан. Одоо тэдний хувийн асуудал, мөнгө төгрөгийн асуудалд нь оролцдоггүй. Мөнгө төгрөгийн ямар ч холбоос, ямар ч асуудал байхгүй.
-Мөнгө угаачихсан юм биш биз гэдэг хардлага байдаг?
-Баахан мөнгө хулгайлаад хүүхдүүддээ өгчихсөн, мөнгө угаачихсан юм биш биз дээ гэж бодож байгаа байх. Өөрсдийнхөө эвдэрчихсэн сэтгэхүйгээр, өөрсдийнхөө хийдэг ажлыг над дээр наалдуулж бодоод байдаг байхгүй юу. Надад ерөөсөө тийм юм байхгүй. Тэр хүүхдийн байр сууцтай холбогдсон асуудал байхгүй. Хувь, хувьсгалынх нь асуудалд би ордоггүй.
Миний өсгөж өндийлгөсөн 30-аад хүүхэд нас биед хүрсэн. Тэдэнд хуваарилсан, өгсөн, хулгай зэлгий ерөөсөө байхгүй. 30-аад хүүхэд өсгөж өндийлгөх нь байтугай гурван өнчин хүүхэд гэртээ аваачаад, хэд хонуулаад, өсгөж өндийлгөсөн хэдэн хүн байдаг юм. Гурав байтугай нэгийг өсгөж, өндийлгөсөн нь хэд байдаг юм. Би тэгж явсан. Хүнээр хүн хийнэ гэдэг чинь хэцүү ажил шүү хө.
-Тэрийг ойлгож байна. Хэвлэлээр гарч байгаа асуудлыг л асууж байгаа юм шүү. Ажил алба эрхэлж байсан байдал, НДШ төлсөн байдал, бизнесийн байдал зэргийг нь харахаар тийм том хэмжээний үл хөдлөх хөрөнгийг АНУ-д авах боломж байна уу гэдэг асуудал гарч ирж байна лээ?
-АНУ-д ажиллаж, амьдарч байгаа ямар ч хүн тийм хэмжээний байшин байтугай юу ч авч болно. Намайг өмнө нь 133 саяар Францад ордон худалдаж авсан байна гээд л дайрч байсан. Одоо ханш унагаад 700 мянгаар авсан гээд л дайрч байгаа. Наад хэд чинь түүгээрээ мөнгө төлөөд, наашаа групп явуулаад бичлэг хийгээд REEL бэлдэж байгаа юм гэнэ лээ. “Ц.Элбэгдоржийн 34 хувиар мөнгө босгож, ард түмнээ гоё болгоно” гэсэн баахан REEL бэлдээд ард түмний тархийг угаах гэж байгаа. Тэр бүгдэд нь би хариу өгнө өө.
Одоо би ард түмнийхээ хэлж чадахгүй байгаа үгийг өмнөөс нь хэлж өгнө. Наад хэд чинь миний үнэн үгнээс л айдаг юм. Хулгайн хойноос яваад байгаа юм биш. Яг үнэндээ намайг үнэн үг хэлчихнэ, ядарсан ард түмний дуу хоолой болчихно гэж л айж байгаа юм.
-МАН-ын улс төр гэж та түрүүн хэлсэн. Сонгууль дөхөж байгааг бид бүхэн ойлгож байгаа. Би сая болсон процессыг харахад нэгдүгээрт МАН-ын дарга Ерөнхий сайд, хоёрдугаарт тантай ид өрсөлдөж явсан, таны найз С.Баяр дарга, гуравдугаарт өчигдөр МАН-ын ЕНБД хүртэл тантай холбоотой асуудал ярилаа. Энд гурвалсан хэмжээгээр тантай холбоотой асуудлыг ярьж байна. Үүнийг та юу гэж харж байна?
-Өнөөдөр надтай нэг хүн яриад амьдрал хэцүү байгаа, ЭМД нь ажиллахаа больж байна гэсэн. Угтаа бол наад хэдэд чинь мөнгөнөөс их юм байхгүй шүү дээ. Тэр их мөнгийг хулгайлаад, хуваагаад, алга болгочихсон. Түүнийгээ дарж байгаа улсууд. Түүгээрээ сонгууль хийнэ, бүхнийг худалдаж авна, бүгдийг миний эсрэг, ардчиллын эсрэг явуулна. Дахиад суурин дээр сууна гэж бодож байгаа. Өөр юу гэж бодох вэ.
Ингэж бодохын оронд наад ард иргэдийнхээ туйлдсан амьдралын төлөө ганц удаа хуруугаа хөдөлгөөч. Хөөрхий иргэдийн дундаж цалин 2016 онд 900 мянган төгрөг байсан. Одоо үсрээд 1,4 сая төгрөг. Би чамд дахиад нэг тоо хэлье.
Тэр үед төсөв 6 их наяд төгрөг байсан. Одоо 27 их наяд төгрөг болсон. Наад дарга нарын чинь, наад төрийн чинь идэж уудаг юм 5 дахин нэмэгдсэн. Иргэдийн гар дээр авдаг мөнгө нь дөнгөж 50 хувь нэмэгдсэн үү үгүй юу. Иргэд рүү дусаадаг, дээр нь ханш нь уначихсан. Бүр туйлдаж гүйцлээ, тартагтаа туллаа гэж ярьж байна. Тэр хүмүүсийн тухай ярь л даа. Амиа алдсан аврагчийн тухай ярь л даа. Тэндээс л хүмүүсийн анхаарлыг холдуулахын тулд л намайг ярьж байгаа шүү дээ.
-МАН тантай холбоотойгоор С.Зоригийн хэрэг, Эрдэнэтийн асуудлыг ярьж эхэлж байгаа нь таныг буцаад улс төрд оруулж ирэхтэй холбоотой юу. Эсхүл бүр таныг шоронд оруулах гээд байна уу. Үүнийг юу гэж бодож байна. Та юм болгон дээр гарч ирж тайлбар хийдэг хүн биш шүү дээ?
-Би өнгөрсөн найман жилийн хугацаанд бараг л тайлбар хийгээгүй ээ. Гэхдээ шоронд хорино гэж юу байх вэ дээ хөөрхий. Наад хэдэд чинь гадна, дотноос тийм захиалга ирж байхыг үгүйсгэхгүй. Үүнийг би хэлчихье.
Бас наад хэд чинь сонгуулийг ямар ч утгагүй болгож байна. МАН-ын материалыг буцаалаа гэнэ. “Алсын хараа-2050” гээд хачин нэртэй юм байгаа шүү дээ. Түүнд нийцээгүй учраас намуудын материалыг буцааж байна. Одоо наад хэд чинь дөхөж байгаад өөрт нь хэрэгтэй намуудыг оруулаад өөрт нь хэрэггүй намуудыг хаяна. Ингэж сонгууль хийх гэж байна. Бие дааж нэр дэвших нэг ч хүн гаргахгүй. Бүгдийг нь тэгж барьж авч байна шүү дээ.
УИХ-д 126 хүн ороод ирэхээр одоогийн их хурал дээр ярьдаг шиг яриулахгүй гэж байгаа юм байна. Ерөөсөө бүлгийн дарга нь гуравхан хүн яриад л болох юм байна. Юугаараа ард түмний дуу хоолой байгаа юм бэ. Сонгууль биш томилгоо хийж байна. Монголын сонгууль аль хэдийн хулгайлагдсан. Тэд хэмжээгүй их мөнгөтэй, хэмжээгүй их эрх мэдэлтэй байна. Орон нутагт захиргааны бүх нөөц нь байна. Хууль хяналтын бүх байгууллагаа өөрсдөө барьж байна.
Монголын сонгууль одоогийн өнгөөр харахад ардчилсан биш худалдагдчихсан болно. Наад хэд чинь олон суудал аваад суучихвал ард түмний уур хилэн бадарч, аюул болно гэж бодож 126 нэртэйгээр эргэж орж ирэх гэж байгаа улсууд шүү дээ. Үнэхээр тийм юм бол өөрсдийгөө дэвшүүлэхгүй бай л даа.
Би хэлсэн шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ ээ чи тэр Засгийн газрын гишүүдээ боль л доо. Ихэнх нь санчин, төсөвчин байгаа шүү дээ. ЖДҮ гэхэд л МАН-ын 40 гишүүн оролцоо биз дээ. 950 сая төгрөгөөр хуваагаад авчихсан. Тэр боловсролын зээлийн санд бас оролцсон. Миний хүүхдүүд ч гэсэн гадаадад сайн сургуульд сурсан. Би хэзээ ч хүүхдэдээ тийм мөнгө авч өгч байгаагүй, ах дүүдээ тийм мөнгө авч өгч байгаагүй. Наад хэд чинь намайг мэднэ шүү дээ. Түүнийг л яриулахгүйн тулд намайг ингэж байгаа. Бас ковидын үед 15 их наядыг хяналтгүй зарцуулсан шүү дээ. Тийм их хулгай хийсэн.
-Ерөнхийлөгч өө, таны тайлбар видео дунд нэг асуулт хариултгүй үлдсэн. “Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон эхний өдрөө хамгийн эхэнд уулзсан, хамгийн эхний ярьсан хүнээсээ чи айж байгаа” гээд та хэлчихсэн. Тэр хэн бэ. Бас юу ярьсан байсан юм бэ?
-Эртнээс таньдаг байсан хүн шиг л өөрөө нэрийг нь хэлж байна лээ. Тэр бол С.Зоригийг алсан алуурчин. С.Зоригийг алсан алуурчин руу би гүйж очиж уулзсан гээд нэрийг нь хэлсэн.
-Тэр нь хэн бэ?
-Чи өөрөө мэдэж байгаа шүү дээ. Тэр эмэгтэйн нэрийг.
-Та Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгад тамгаа өгч байхдаа “С.Зоригийн хэргийг л битгий яриарай. Бусдыг нь яаж ч сөхөж болно” гэсэн үү. Эсхүл архины ширээний ард ярьсан юм уу?
-Баяр хүргэе гээд л тамгыг нь өгнө шүү дээ. Өөр юу ярих юм. Би чамд дахиад нэг шинэ мэдээ өгөх үү. Би Х.Баттулгад цаасан дээр захидал бичиж үлдээж байсан.
-Ямар агуулгатай?
-Монгол төрийн бодлого ингэж явж ирлээ гээд л цаасан дээр захидал бичиж үлдээсэн.
-Тамга өгч байхдаа хэлээгүй юм бол өөр газар хэлсэн юм уу?
-Тамга өгч байхдаа амжилт хүсье л гэнэ биз дээ.
-Архины ширээний ард ч юм уу амин хоёр найзын уулзалтын ард ч юм уу С.Зоригийн хэргийг битгий сөхөөрэй гээд ярьсан уу?
-Юу гэж амин хоёр найз байх вэ дээ бид хоёр чинь. Х.Баттулга одоо миний нэрээр Ерөнхийлөгчийн сонгууль хийж байгаа, гарч ирж байгаа хүн шүү дээ.
-Та хоёр чинь амин найзууд байсан биз дээ. Таныг очиж онгоцоор аваад л?
-Онгоцоор очиж аваад байх нь ч юу байх вэ дээ.
-Та тэгж хэлээгүй юм уу. Огт тэгж хэлээгүй юу?
-Юу гэж тэгж хэлдэг юм.
-Л.Гантөмөр даргатай АН энэ удаагийн сонгуульд ялалт байгуулна, амжилттай оролцоно гэж бодож байна уу. Намын даргын удирдаж байгаа үйл явцыг дүгнэвэл. Та үүнийг заавал ярих ёстой хүмүүсийн нэг л дээ?
-Ярих юм зөндөө их байна. Би нэг юм тодруулж хэлэхэд, сонгууль Монголын ард түмний эрх ашгийн төлөө болбол МАН-ынхан 20 хувиас ч дээш дэмжлэггүй байгаа. Хэрэв 20-иос дээш хувиар дэмжлэг авбал хулгайлж авсан болно. Хараарай.
Дээр АН-ын нэр хүнд сайн бол овоо хэдэн суудал авч болно. Миний бодож байгаа зүйл бол МАН, АН болон бусад шинэ намууд ойролцоогоор 30, 30 хувийн санал авчихвал Монголын цаашдын улс төрийн үйл явц маш зөв болно. Тиймээс би улс төр рүү орж байгаа шинэ хүмүүсийг дэмжиж байгаа юм. Наад МАН-ын даргын батлуулсан сонгуулийн хуулиар шинэ хүмүүс танигдах ямар ч боломж байхгүй. Зөвхөн сонгуулийн хуулийн дагуу ухуулагчдаа цалинжуулахад 1,5 тэрбум төгрөг зарцуулна. Тэр шинэ хүмүүс яаж энэ их мөнгийг гаргах юм бэ. Ухуулагчдаа ч цалинжуулж чадахгүй шүү дээ. Тиймээс л МАН-ынхан хуучин ажиллаж байсан хүмүүсээ гаргаж ирэх гэж л ийм хогийн зүйл хийсэн байхгүй юу.
Тэгээд өөрсдийнхөө халаасны нам гэж үзсэн хэдэн хүнийхээ хөтөлбөрийг дэмжүүлсэн нэртэйгээр оруулж, бусдыг нь хасах гэж оролдоно. Том тойрог гэж сайхан юм болно гэж бодож байна уу. Том тойргийн нэрсийн жагсаалтыг намын дарга нь гаргана. Баруун аймгууд дээр жагсах гэж байгаа долоон хүн нь хэн байх вэ гэдгийг Л.Оюун-Эрдэнэ шийднэ. Бүх эрх мэдлийг өөрөө авсан. Одоогийн миний ажиглаж байгаагаар, ард түмэнд өгсөн юу ч байхгүй. Ардчилсан сонгуулийн үнэр ч алга.
Монголын сонгууль хулгайлагдсан байгаа. Нөгөө хар машиных нь программ, хугацаа аль дээр дууссан. Наад хэд чинь түүнийг дахиж бичүүлсэн. Одоо техник сайн гэж ярина. Яг үнэндээ хар машин руу хийсэн саналын хуудас зөрөхгүй. Хаана зөрөх вэ гэхээр аймаг, дүүргээс Улаанбаатар руу ирж байгаа хугацаан дээр, сервер дээр зөрдөг юм. Наад хэд чинь мөнгөөр худалдаж авна шүү дээ. Хүмүүс ч гэсэн хэн нь их мөнгө өгөх вэ гээд сууж байдаг. Түүнд нь мөнгөө бэлдчихсэн байгаа.
Өөрөөр хэлбэл хүмүүсийн ядарсан зүдэрсэн хоолойгоор эргэж очих гэж байгаа. Түүгээр коммунистууд эрх мэдэлд хүрдэг. Коммунистууд тийм байдлаар эрх мэдлээ хадгалж үлддэг. Тэр Монголын коммунистууд, гэмт бүлэглэлийг толгойлж байгаа нь тэр Л.Оюун-Эрдэнэ. МАН-ын жирийн гишүүд адилхан зовж байгаа. Тэдэнд буруу байхгүй. Зөвхөн эрх баригч, тэр бүлэглэл авч үлдэх гэж байна, өргөжүүлэх гэж байна. Өөр асуудал байхгүй.
-Өнгөрсөн хугацаанд та С.Зориг агсны талаар олон мэдээлэл авсан. Энэ хэргийг илэрсэн гэж боддог уу?
-Би үзээгүй. Монгол Улсын гурван шатны шүүх үзсэн. Монголд С.Зоригийн хэрэг гэж байхгүй. Үүнийг залруулъя. С.Зоригийн амь насыг егүүтгэсэн хэрэг. С.Зоригийг алсан аллага. Үүнийг л хүмүүс хайж байгаа. Үүн дээр ажилласан хэдэн зуун хүн байгаа, олон хуульчид байгаа. Тэр бүх хүмүүсийн хөдөлмөрийг битгий үгүйсгээрэй.
Монголын гурван шатны шүүх гэдэг зүгээр ч нэг шийдчихдэг юм биш. Ц.Элбэгдорж хэлээд л шийдчихнэ гэж байдаггүй юм. Наад хэд чинь хууль барьж шийддэг юм. Тэр гүйцэтгэх ажлын материал гэж бий. Заримыг нь нууж байгаа. Наад хэд чинь хэрэгтэй юмаа ил болгож гаргачхаад, хэрэггүй юмаа нуугаад байгаа юм. Аюулгүйн зөвлөл дээр хамгийн чухал юм тэнд яригдсан байгаа. Түүнийг бүгдийг нь ил болго.
Дээр нь нэг юм хэлье. Хоёр нялх хүүхэдтэй аав, ээж хоёрыг гаднаас нь түгжиж байгаад бензин цацаад алчихсан. Наад С.Зоригийн алуурчид чинь. Энэ үгийг би хэлж байгаа юм биш. Ерөнхий прокурор байсан хүн УИХ дээр хэлж байсныг чи бас сонссон байх. Өөрийнхөө хийж байсан булайгаа булзааруулахын тулд тийм хэрэг хийсэн шүү дээ.
Гэтэл одоо олон улс, эрх сэргээх, нөхөн олговор гэнэ. Юун олон улс вэ. Тийм зүйлийг наад олон улс чинь бүгд мэдэж байгаа. Монгол Улсын нэр улам унана. Хөөрхий нэгнээ харлуулах гээд Засгийн газар нь хөгийн юм хийж байгаа юм байна гээд. Үнэхээр хүсээд байгаа юм бол Л.Оюун-Эрдэнэ тэр өөрийнхөө хулгайлсан мөнгөнөөс гаргаад өг л дөө. Зөндөө мөнгөтэй байгаа шүү дээ. Тэр хуучин мэнгэтэй сайд байгаа. Тэр хүний хоёр том байшин байж л байна. Цаазын ялгүй болгосны бас нэг ач тус энд харагддаг шүү. Төр нийгмийн зүтгэлтэн гээд шүүхийн шийдвэр дуусчихсан байвал яах вэ. Харин тэр хүмүүсийг амьд мэнд, эрүүл саруул явж байгаад би баярладаг. Тэр хүмүүсийн эрх тодорхой хэмжээнд зөрчигдсөн бол яах вэ. Магадгүй Ц.Нямдорж өөрөө Хууль зүйн сайд байхдаа тийм муухай зүйлийг зохион байгуулсан байгаа.
-Эрүүдэн шүүсэн бичлэг ил болсон л доо?
-Тийм. Тэр бичлэгээ хүртэл өөрөө зохион байгуулсан байгаа. Би бол тэгж хардаж байна. Би хардах эрхтэй. С.Зоригийн алуурчид аль 2000 оноос хойш мессеж бичилцээд, яриад явж байсан юм байна лээ шүү дээ. Бараг тэр үед илэрчих боломжтой байсан ч наад хэд чинь илрүүлэхгүй гэж явсан юм билээ.
Яг үнэндээ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болж байж, Аюулгүйн зөвлөл дээр тусад нь анхаарал тавьж, улс төрийн эр зориг, эрсдэл гаргаж байж цаашаа хуулийн байгууллагынхан нь гарч байгаа сэдвүүдийн хойноос явсан байхгүй юу. Хоорондоо яриад л “Би алсан, чи алсан. Би хэлнэ, чи хэлнэ” гээд л мессежлэж байсан улсууд шүү дээ. 2004 онд хүртэл тэгдэг байсан юм байна. Түүний дархан манаанд нэг сайд сууж байгаа шүү дээ. Зөвхөн түүгээр дамжуулж ардчиллын биднийг нухах, дарахын тулд өс авах гэж явж байгаа. Та нар дандаа тэр хүмүүсийн ярьсан талаас нь биш. Нөгөө талаас нь бодож болно оо доо.
-Нөгөө талаас нь бодохын тулд, таны мэдээллийг авахын тулд таныг сонсож байгаа шүү?
-Баярлалаа. Их удаан ярьсан бол уучлаарай. Чамайг ярилцах санал тавьсны дараа чи бид хоёр огт ярилцаагүй тийм үү. Ямар ч найруулга байхгүй. Тиймээс дахин ямар нэг найруулгагүй яръя. Чи асуултаа бэлдээрэй.
-Хоёулаа дараа нь тухайлсан асуудлаар ярилцъя. С.Зоригийн аллагын хэрэг ч юм уу эсхүл ардчиллын гажуудал ч юм уу?
-Ардчилал ерөөсөө гажуудаад байгаа юм байхгүй шүү дээ. Ардчиллыг коммунистууд гажуудуулаад байгаа. Ардчилсан Монголоос коммунизм салж өгөхгүй байхаар л гажуудаад байгаа юм. Коммунистууд өөрсдөө баяжиж, өөрсдөө хулгай хийж, 1990 оны өмч хувьчлал гэж бидэн рүү дайрдаг ч тухайн үед өөрсдөө нэгдлийн дарга нараас эхлээд бүгд баяжсан юм. Тэр хотод байсан үйлдвэр, банкнуудыг бүгд өөрсдөө авсан. Өнөөдөр ч тийм байгаа. Би чамд ганц зүйл хэлсэн шүү дээ 34 жилд хөөрхий тэр хараалгаад байгаа ардчилал УИХ-д бие даагаад шийдвэр гаргачих сандал ганц удаа байгаагүй. Хамгийн том нь бид ирцээр 51 байдаг суудал дээр 50-ийг л авсан. Бидэнд 1 хүн дутаж байсан. Бусад бүх үед бид цөөн байсан.
34 жилд, 9 сонгууль дараалан ардчилалд тийм боломж нэг ч ирээгүй. Дангаараа хууль батлах, шийдвэр гаргах боломж олдоогүй. Хэрэв одоогийн МАН шиг, сүүлийн 8 жилд байсан шиг УИХ-ын 63 суудалтай байсан бол, ардчилалд ийм боломж олдсон бол Монгол Улс танигдахгүй болтлоо өөрчлөгдөөд, сайжирсан байгаа. Бид тийм эрх мэдлийн дор, тийм дарамтын дор багагүй ажил урагшлуулж байсан шүү.
-Ардчиллын гажуудал дээр ганц зүйл хэлье Ерөнхийлөгч өө. Ардчиллын гажуудал дээр та МАН-ыг буруутгаж байна. Улс төр л юм хойно МАН үүн дээр хорлонтой үйл ажиллагаатай байж ирсэн байх. Би бол таныг болон танай намыг буруутгамаар байгаа юм. Таныг яагаад буруутгаж байна вэ гэхээр 2012 онд МАН-ыг хоёр салгах процесс дээр та оролцож байсан. Та тэр үед хундага тулгаад Ин тэнгэрт ярьж байсан гэдэг юм билээ. Одоо танай намыг түүнээс ч долоон дороор хагалан бутаргаж, хоёр хувааж, тамга тэмдэггүйгээр өнгөрсөн хоёр, гурван жилийг авч явсан юм. Тийм учраас би ардчилалд хумс муутай байна гэж хэлэх гээд байна?
-Угтаа энэ яриа их аятайхан одоо л халж эхэлж байна. Их тэнгэрт хундага тулгасан асуудал огт байхгүй. Л.Оюун-Эрдэнэ Б.Хурцын зургийг харуулж байна лээ. Тэнд Б.Хурц ТЕГ-ын дарга байгаагүй. Дээр нь надад ТЕГ-ын дарга, УДШ-ийн шүүгч, Ерөнхий прокуроруудыг цуглуулаад ярьдаг ёс зүй надад байдаггүй. Тийм улсуудыг хувийн өргөөндөө дуудаад хундага тулгаад суудаг төрийн албаны ёс зүй байж болдоггүй юм. Наад улстай чинь улс төрийн болон хувийн асуудал ярьж болдоггүй юм.
Наад хэд чинь намайг хийсэн л гэж бодож байгаа. Намайг буруу уншдаг байхгүй юу. Мафи байсан гэж. Тиймээс түүнээс илүү мундаг мафи болох гээд, түүнээс илүү эрх мэдэлтэй болох гээд л яваад байгаа юм. Би түүнийг нь хэлсэн. Өөр юм байхгүй. МАН бүртгэх, хагалах зэрэгт өс санадаг байхгүй юу. Дэлхий хавтгай болсон шүү дээ. Наад Л.Оюун-Эрдэнэ чинь л Монголын ард түмнийг, сэтгүүлчдийг барьж хориод л амыг нь үдэх гэж дайраад л мундаг байгаад байна гэж бодож байгаа. Дэлхий хавтгай болсон, нээлттэй байна. Бүх хүмүүс Монголд ямар байгааг мэдэж байгаа. Наад хэд чинь тэгж эндүүрдэг байхгүй юу. Тэгээд өөрсдийнх нь нууж байгаа юм нь ил гараад ирэхээр айж байгаа.
Ардчилал бол сүүдрээ нуудаггүй тогтолцоо. Би болон миний нөхөр, Монголын ард түмэн тэр тогтолцооны төлөө явж байсан. Ардчиллыг муу хэлэх тусам өөрөө өөрийнхөө хөл дээр гишгэж байгаатай адил болно. Хүмүүс мэднэ. Монголын ард түмэн хэрсүү шүү.
-Дараа дахин ярилцана гэдэгт итгэлтэй байна. Бид бүхний хүсэлтийг хүлээн авч алс холоос онлайнаар оролцсонд баярлалаа.
-Их сургуульд лекц уншаад явж байгаа хүн шүү. Бултаад явсан юм байхгүй. Баярлалаа.