Хуучин цагт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт бэлэн мөнгөөр торгууль ногдуулдаг байсан. Улмаар 10 гаруй жилийн өмнөөс цахимаар торгодог болсон юм. Торгуулсан жолооч 14 хоногийн дотор торгуулиа төлөх учиртай. Харин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж өгсөн. Тухайлбал,
-Торгуулиа хуульд заасан хугацаанд буюу 14 хоногийн хугацаанд төлөөгүй тохиолдолд торгуулийн хэмжээ 50 хувиар нэмэгдэнэ.
-Торгуулиа төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй.
-Нийтэд тустай ажил хийлгэх болон төрийн үйлчилгээ үзүүлэхгүй байх зэргээр тусгасан.
Гэвч өнөөдрийг хүртэл олон жилийн хугацаанд торгуулиа огт төлдөггүй, сая сая төгрөгийн торгуультай жолооч цөөнгүй байна.
Бид www.autobox.mn цахим хуудас болон “Autobox” аппликейшний тусламжтайгаар хамгийн их торгуультай 50 тээврийн хэрэгслийн мэдээллийг шүүж үзсэн юм. Тэдгээрийн торгуулийн дүн нийт 206 сая 170 мянга 650 төгрөг болж байна. Хамгийн их нь 13 сая 506 мянга 500 төгрөг байгаа бол бага нь 120 мянган төгрөгийн торгуультай байгаа юм.
Эдгээрийн эхний 10 тээврийн хэрэгслийн мэдээллийг хүргэж байна.
5 жилийн хугацаан дахь торгууль болох 13.5 сая төгрөгийг төлөөгүй байна
542***л улсын дугаартай “Prius-11” маркийн тээврийн хэрэгсэл нь нийт 13 сая 506 мянга 500 төгрөгийн торгуультай байна. Уг тээврийн хэрэгсэл нь Д.Х****Р буюу хувь хүний эзэмшлийнх бөгөөд хамгийн эхний торгууль нь 2019 оны есдүгээр 2-нд байгаа бол хамгийн сүүлийнх нь 2024 оны нэгдүгээр сарын 17-нд байна. Энэ хугацаанд 585 удаа торгуулжээ.
361 удаагийн торгууль болох 7.6 сая төгрөгийг төлөөгүй
Дээрх тээврийн хэрэгсэл нь 801***И улсын дугаартай, Г.Б****Э гэх иргэний эзэмшилд байдаг "Nissan Passo" маркийн автомашин байна. 2015 оны наймдугаар сарын 23-наас 2023 оны арванхоёрдугаар сарын 25 хүртэл 361 удаа торгуулж, мөнгөн дүн нь 7 сая 631 мянга 600 төгрөгт хүрчээ. Энэ хугацаанд нэг ч удаа торгуулиа төлөөгүй байна.
256 удаагийн торгууль нь 6 сая 515 мянган төгрөг
408***В улсын дугаартай "Prius-20" маркийн автомашин нь "НЭТ****" ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй байгаа юм. Дээрх тээврийн хэрэгслийн жолооч нь 2020 оны гуравдугаар сараас 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ныг хүртэл нийт 256 удаагийн зөрчил гаргаж, 6 сая 515 мянган төгрөгийн торгуультай болжээ. Энэ хугацаанд нэг ч удаа торгууль төлөөгүй байв.
9 жилийн хугацаанд 343 удаа торгуулж, нэг ч торгууль төлөөгүй байна
305***С улсын дугаартай "Hyundai Avante" маркийн автомашин нь мөн "НЭТ***" ББСБ-д бүртгэлтэй байх бөгөөд 2015 оны арванхоёрдугаар сараас 2021 оны есдүгээр сар хүртэл 6 жилийн хугацаанд 343 удаа зөрчил гаргаж, 6 сая 442 мянга 650 мянган төгрөгийн торгууль хуримтлагдсан байна. Торгуулийнх нь талаас илүү хувийг төв замын "Нэгдүгээр эгнээгээр зорчсон" зөрчил эзэлжээ.
227 удаагийн торгуулиас нэгийг нь ч төлөөгүй байна
Дараагийн тээврийн хэрэгсэл "Nissan Bluebird" маркийнх бөгөөд 555***Я улсын дугаартай, Д.Б гэх иргэний эзэмшилд байдаг аж. 2015 оны долоодугаар сарын 2-ноос 2023 оны хоёрдугаар сарын 2-ны хооронд буюу 8 жил гаруй хугацаанд 227 удаагийн зөрчил гаргаж, 6 сая 233 мянган 400 төгрөгөөр торгуулсан байна. Зөрчлүүдийг шалтгаанаар нь авч үзвэл, "Нэгдүгээр эгнээгээр зорчсон" болон "Хурд хэтрүүлсэн" байдал зонхилжээ. Мөн л торгуулиа огт төлөөгүй.
6 сая төгрөгийн торгуультай тээврийн хэрэгслийн эзэмшигчийнх нь мэдээлэл олдсонгүй
634***Е улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2017 оны гуравдугаар сараас 2023 оны дөрөвдүгээр сарын хооронд буюу 6 жилийн хугацаанд 6 сая 30 мянган төгрөгөөр торгуулжээ. Тээврийн хэрэгслийн нэгдсэн мэдээлэл шалгадаг autobox.mn сайт болон autobox аппликейшнээс шүүхэд эзэмшигчийн болон автомашины мэдээлэл гарч ирсэнгүй. Иймд зөвхөн торгуулийн мэдээлэл шалгах torguuli.police.gov.mn сайтаас харахад, дээрх торгуулийн мэдээллүүд гарч ирсэн юм.
9 жилийн хугацаанд 7.4 саяар торгуулжээ
896***А улсын дугаартай "Lexus-570" маркийн автомашин нь БИ**** ХХК-ийн эзэмшилд байдаг. 2015 оны долоодугаар сарын 24-нөөс 2024 оны дөрөвдүгээр сарын 8 хүртэл нийт 343 удаагийн зөрчилд 7 сая 421 мянга 200 төгрөгөөр торгуулсан байна. Үүнээс 1 сая 760 мянга 800 төгрөгийн торгууль төлсөн байх бөгөөд одоо 254 зөрчлийн 5 сая 630 мянга 400 төгрөгийн торгууль үлджээ.
5.6 сая төгрөгийн торгуулиас ердөө 100 мянгыг төлсөн байна
457***К улсын дугаартай "Prius-20" ХАА*** ХХК-д бүртгэлтэй байна. 2015 оны есдүгээр сараас эхлэн нийт 287 удаагийн зөрчил гаргаж, 5 сая 643 мянган төгрөгөөр торгуулжээ. Дээрх торгуулиас ердөө 100 мянган төгрөгийг төлснөөр одоо 5 сая 543 мянган төгрөгийн торгууль үлдсэн байна.
6 жилийн хугацаанд нэг ч торгууль төлөөгүй жолооч
444**Э улсын дугаартай тээврийн хэрэгслийг ТАЙ*** ХХК эзэмшдэг. 2015 оны арванхоёрдугаар сараас 2024 оны дөрөвдүгээр сарын 9-нийг хүртэл 270 удаагийн зөрчил гаргаж, 5 сая 671 мянга 600 төгрөгөөр торгуулсан байна. Үүнээс 151 мянга 600 төгрөгийг төлж, өнөөдрийн байдлаар 5 сая 520 мянгын үлдэгдэлтэй байгаа юм. 2017 оны аравдугаар сарын 10 болон 2018 оны дөрөвдүгээр сарын 13-нд зургаан удаа торгууль төлжээ.
9 жилд хоёр удаа л торгуулиа төлжээ
522***Ө улсын дугаартай тээврийн хэрэгслийг ТӨР**** ХХК эзэмшиж байна. 2015 оны наймдугаар сарын өнөөг хүртэл 276 удаагийн зөрчил гаргаж, 5 сая 351 мянга 200 төгрөгөөр торгуулжээ. Энэ хугацаанд ердөө хоёр удаа буюу 29200 төгрөгийн торгуулийг төлсөн бөгөөд үлдэгдэл нь 5 сая 322 мянган төгрөг байгаа юм.
Албаны эх сурвалжийн мэдээллээр, замын түгжрэлийн 30-40 хувийг дүрэм зөрчиж, дураараа хөдөлгөөнд оролцдог жолооч нар эзэлдэг гэх тоон мэдээлэл бий. Тэдэнд хуулийн дагуу цагдаагийн байгууллагаас арга хэмжээ тооцдог ч үл хайхарч, олон жилийн хугацаанд торгуулиа төлөөгүй яваа юм.