Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын сөргөлдөөний хажуугаар өчигдөр Ардчилсан намтай холбоотой өөр “хэрүүлийн алим”-ыг Хотын дарга Х.Нямбаатар твиттер хуудсаараа шидэв. Түүний дэлгэсэн асуудал нь АН-ынхан өөрсдийнхөө төдийгүй ардчилсан Монголын оюун санааны үнэт зүйл гэгдэх эрхэм хүндтэй хүнийхээ хөшөөг буулгах, цаашлаад тухайн газарт нь барилга барина гэсэн явдал байв. Өөрөөр хэлбэл, одоогийн Ардчилсан нам байрлаж буй цэнхэр байрны газар дээр олон давхар шилэн байшин босгохын тулд С.Зориг агсны хөшөөг түр буулгах аж. МАН-ынхан энэ хөшөөг нь буулгахгүй хамгаалах гэнэ.
НЭГ. АН-ынхан өөрсдөө үнэт зүйлээ заржээ
“Шинэ дэвшилтэд холбоо” гэж гэдэг нь АН-ын МҮДН фракц. МҮДН фракцид “Фортуна” Н.Батбаяр, Батж.Батбаяр, “Худалдаа Хөгжлийн банк”-ны Н.Мэдрээ, Р.Амаржаргал, Б.Гарамгайбаатар, Д.Зоригт, Д.Бат-Эрдэнэ, Б.Наранхүү, Ц.Баярсайхан гэх зэрэг АН-ын аль л мөнгө хөрөнгөтэй улстөрчид хамаарагддаг байв. Тэд Н.Алтанхуягийн “Алтан гадас”-ыг хүчтэй байхад нь гол өрсөлдөгч нь байсан. АН-ын үе, үеийн сонгуулийн мөнгийг босгодог бизнесийн голдуу төлөөллүүд гэсэн үг.
Тэгвэл түүх эргүүлэн сөхвөл Ардчилсан хувьсгалын дараа Д.Бямбасүрэн Ерөнхий сайдын үед эрх баригчид өөрсдөө одоогийн тусгаар тогтнолын ордны оронд байсан байр, газрыг авсан. Харин ардчиллын төлөөх нам, холбоодод хотын төвийн зарим газруудыг объектынх нь хамт хувьчилж өгсөн байдаг. Тодруулбал, Ардчилсан социалист хөдөлгөөнийхөнд Соёлын төв өргөөний хажуу талын “Хүзүүвч” гэх байрыг, МоАХ-д 11 дүгээр хорооллын Ардчиллын ордныг, “Шинэ дэвшилтэд холбоо” буюу МҮДН-д одоо АН-ын байрлаж байгаа Төв шуудангийн урд талын хоёр давхар байрыг өгсөн юм. Үүний дараагаар ардчиллын төлөөх нам, холбоодууд нэгдэж 2000 онд Ардчилсан намыг үүсгэн байгуулсан билээ.
Өөрөөр хэлбэл, тус бүрдээ өмчилж авсан газруудаа өнөөдөр МоАХ-ноос бусад нь зарж, үрсэн байдалтайгаар АН-ын газар, байрны дуусдаггүй хэрүүл үргэлжилсээр ирэв. “Муурын байшин” гэж АН-ынхан дунд яригддаг энэ цэнхэр байрны газрын асуудал анх 2017 онд үүссэн байдаг. Тухайн үед МҮДН буюу “Шинэ дэвшилтэд” холбооноос “Голомтын” Д.Баясгалан тухайн газрыг худалдаж авсан бөгөөд 41 давхар байшин барина гэдгээ хэлж байсан талаар С.Эрдэнэ дарга ярьсан анх ярьсан билээ. Энэ цаг үеэс эхлээд АН-ынхан МоАХ-ны байрнаас өөр ямар ч байр, газаргүй болсон гэдгээ мэджээ. Харамсалтай нь МоАХ-ны газар нь Х.Баттулга дээр бүртгэлтэй бөгөөд газрын хэрүүл нь явсаар өнөөдрийн нөхцөл байдалд иржээ.
Өөрөөр хэлбэл, АН-ынхан өөрсдөө л түүх дурсгалын үнэт зүйл болсон байр, газраа зарцгаажээ. Үүнийх нь хөлд ардчиллын бэлэг тэмдэг болсон С.Зориг агсны хөшөө өртөх хэмжээнд хүрээд байна. Ардчиллынхан өөрсдийн төдийгүй монголчуудын хайртай хүү, төр нийгмийн нэрт зүтгэлтэнгийнхээ хөшөөг буулгахаар түрүүлж дуугарсан нь улс төрийн хувьд ч алдагдалтай үйл явц болж буй юм. Шулуухан хэлэхэд үнэт зүйл рүүгээ тэд түрүүлж гар далайв.
ХОЁР. Барилга барих зөвшөөрөл өгсөн Э.Бат-Үүлийг Ардын намынхан “онилно”
Ц.Элбэгдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын хооронд өрнөж байгаа “тулааны” хамгийн том сэдэв нь С.Зориг агсны хэрэг. Тэгвэл яг энэ үетэй давхцаж С.Зориг агсны хөшөөг буулгах асуудал АН-ын дотроос босож ирсэн нь МАН-д бол тамшаалаад ханахгүй бэлэн хоол болох аюултай. Хотын дарга Х.Нямбаатар, Д.Сумъяабазар тэргүүтэй нийслэлийн МАН-ынхан “Э.Бат-Үүлийг найзынхаа хөшөөний газрыг зарсан” гэж ирэх сонгуульд нүүр нүдгүй довтлох нь ойлгомжтой асуудал. Тийм ч учраас энэ асуудлыг Х.Нямбаатар дарга өчигдөр өөрийн биеэр нийтэд тавьж харуулж буй хэрэг.
Тодруулбал, С.Зориг агсны хөшөөг буулгах асуудал нь нэгдүгээрт дээр өгүүлсэн АН-ынхан өөрсдийн үнэт зүйлээ нураах гэж байгаа гэх агуулга. Хоёрдугаарт тухайн газрыг зарах үйл явц. Өндөр байшин барих барилгын зөвшөөрлийг нийслэлээс хэн гэдэг засаг даргын үед өгсөн бэ гэдэг асуудал хөндөгдөнө. Энэ хүн нь Ардчиллын алтан хараацайнуудын нэг гэгддэг, улсын баатар Э.Бат-Үүл. Тэрбээр, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа захирамж гаргаж энэ газрыг барилгын зориулалтаар зөвшөөрлийг нь олгожээ.
Дашрамд сануулахад, Нийслэлийн АН-ынхан энэ удаад сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарласан ч нийслэлчүүдийн дунд нэр хүнд өндөртэй байгаа Э.Бат-Үүл даргыг ашиглахаар уг нь бэлтгэж байгаа. Хэдийгээр “Женко”-гийн талынхныг нэг нүдээрээ ч үзэхгүй байсан Э.Бат-Үүл дарга сүүлийн өдрүүдэд одоогийн нийслэлийн АН-ын дарга Т.Батцогттой хамт нэвтрүүлэг хийхээс эхлээд нийслэлийн намын ажилд идэвхтэй оролцож эхэлсэн харагдсан. Хэрвээ одоогийн Хотын дарга Х.Нямбаатар, хуучин дарга Д.Сумъяабазар нарын эсрэг Э.Бат-Үүл нийслэл сонгуулийн үеэр АН-ыг төлөөлж акц зохион байгуулаад эхэлбэл Ардын намд хамгийн хортой тусах нь ойлгомжтой. Учир нь угаасаа аль ч сонгуулийн үед Ардын намын “шүдний өвчин” нийслэл байсан. Энэ удаад ногоон автобус, түгжрэл, утаа, нүүрсний хулгай гээд бүр “хүнд өвчин” байх нь гарцаагүй юм.