Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Хугацаа нь дуусах гэж буй тамхийг 500 авдраар нь худалдан авбал 1 автомашин бэлэглэх урамшуулал явагдаж эхэлжээ

Ангилал
 Хууль эрх зүй Сурвалжлага
Огноо
Унших
5 минут 39 секунд

Цахим орчинд хугацаа нь дууссан болон хугацаа нь дуусах гэж буй нэр бүхий янжуур тамхийг худалдан борлуулж, улмаар автомашины сугалаа явуулж буй талаарх мэдээлэл цацагдсан. Гэвч иргэдийн зүгээс янжуур тамхийг хадгалах хугацаатай байдаг гэдгийг төдийлөн мэддэггүй. Үүнээс үүдэн хортой хэмээн дэлхий даяар татгалзаж буй энэхүү бүтээгдэхүүнээс татгалзах нь битгий хэл илүү хямд үнээр худалдан авах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй юм. Түүнээс гадна манай улсад сүүлийн 30 жилд янжуур тамхины борлуулалт 23 хувиар буурсан гэх үзүүлэлт гарсан бөгөөд үүнтэй холбоотойгоор янжуур тамхины худалдаа эрхлэгчид ямар байр суурьтай байгааг мөн автомашины урамшуулалтай сугалаа явагдаж байгаа эсэхийг худалдаа эрхлэгчдээс тодруулж дараах сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.

Улаанбаатар хот, Нарантуул зах

Олон нийтийн сүлжээнд нэр бүхий хаягаас "Хугацаа нь дууссан ESSE-ний урамшуулал Нарантуул зах дээр явагдаж байна. Урамшуулалд автомашин өгнө. Хадгалалтын горим зөрчсөн учраас амт, үнэрт өөрчлөлт орсон байх магадлалтай болгоомжтой байна уу" гэх сэрэмжлүүлэг мэдээлэл цацагджээ.

Тэгвэл энэхүү мэдээлэл үнэн эсэх талаар тус худалдааны төвийн худалдаа эрхлэгчдээс тодруулахад,

7 дугаар сард хугацаа нь дуусах 500 авдар эссэ тамхинд 1 автомашин бэлэглэнэ гэх мэдээлэл байсан

"Яг одоогоор хугацаа нь дууссан тамхи байхгүй. Ирэх 7 дугаар сард хугацаа нь дуусах гэж байгаа эссэ тамхи бий. Угтаа нэг эссэ тамхийг 3100 төгрөгөөр зардаг. Гэтэл 2900 төгрөгөөр зарж байна гэсэн мэдээлэл яваад байна лээ. Хүмүүс ч бас 2900 төгрөгөөр зарж байна уу гэж сураглаж ирж байна.

Урамшууллын тухайд мэдээлэл сонссон. 500 авдар эссэнд 1 машин өгнө гэсэн сураг дуулдсан.

Оруулж ирдэг компани нь хугацаа нь дуусах гэж байгаа тамхинуудаа худалдаа эрхлэгчдэд өгөхийн тулд л сугалаа явуулж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тамхины хугацаа нь дууссан бол холбогдох байгууллагуудаас шалгаж, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг устгалд оруулдаг юм. Нэг ёсондоо өөрөөсөө зайлуулж байна гэж хэлж болно" гэх мэдээллийг өглөө.

Харин өөр худалдаа эрхлэгч,

Тамхины хадгалалтын хугацаа 2 жил байдаг

"Эссэ тамхины хугацаа дуусах болоогүй байгаа. Манайд байгаа тамхинууд ихэнх нь хугацаа нь дуусах болоогүй. Мөн тамхийг үйлдвэрлэсэн хугацаанаас хойш 2 жилийн хугацаанд хэрэглэх боломжтой. Хугацаа нь дуусдаг бүтээгдэхүүн. Дээр нь эссэ тамхийг БНСУ-аас бусад тамхийг ихэвчлэн Казахстанаас оруулж ирдэг. Монголд үйлдвэрлэдэг цөөн хэдэн л тамхи бий" гэсэн юм.

Мөн "Тамхинд сугалаа явагддаггүй. Эссэнд автомашин өгнө гэсэн мэдээлэл огт сонсоогүй. Хаанаас ийм мэдээлэл гарсныг ч хэлж мэдэхгүй байна" гэж ... дугаар лангууны худалдагч бидэнд ярилаа.

Мөн худалдаа эрхлэгчдийн зүгээс янжуур тамхины борлуулалт буурч байгааг хэлж байв.

Янжуур тамхины борлуулалт буурч байна

"Тамхины борлуулалт сүүлийн хэдэн сар буурсан үзүүлэлттэй байна. Электрон тамхи орж ирж байгаа болохоор янжуурын борлуулалт буурч байгаа гэж хэлж болно" гэсэн бол өөр нэгэн худалдаа эрхлэгч, "Янжуур тамхины борлуулалт өдөр ирэх тусам буурсаар байна. Дан ганц зах гэлтгүй бүх нийтээрээ тамхины борлуулалт буурч байгаа" гэлээ.

Ташрамд дуулгахад, Монгол Улсын хэмжээнд нийт 800 мянга гаруй тамхи татдаг хүн байдаг гэсэн судалгаа байдаг. Мөн манай улсын янжуур тамхины импорт өнгөрсөн оноос 23 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ба энэ нь нийт тамхи хэрэглэгчдийн 23 хувь буюу 182 мянган хэрэглэгч Электрон болон халаадаг тамхи руу шилжсэнтэй холбоотой байж болох тооцоолол гарчээ.

Дээрх сурвалжилгаас үзэхэд янжуур тамхины борлуулалт эрс буурсан гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байгаагаас гадна янжуур тамхинд ч мөн хадгалалтын хугацаа байдаг гэдгийг харж болохоор байна. Харамсалтай нь тамхи татдаг хүмүүсийн ихэнх нь тамхинд хадгалах хугацаа байдаг эсэхийг мэддэггүй бөгөөд хугацааг нь харахгүйгээр хэрэглэх тохиолдол их байдаг. Мөн сүүлийн үед цахим орчинд цацагдаад буй хугацаа нь дуусах гэж буй эссэ тамхийг олноор зарж, үүнд нь урамшуулал өгч байгаа гэх мэдээллийг зарим худалдаачид сонссон гэх бөгөөд иргэн та энэ төрлийн тамхийг худалдан авахдаа хамгийн түрүүнд үйлдвэрлэсэн хугацааг нь шалгах шаардлагатай гэдгийг энэ удаагийн сурвалжилгаараа сэрэмжлүүлж байна.

С.Цэнгүүн: Өмнөх хүмүүсийн явсан замыг давтах шаардлага бидэнд байхгүй
С.Цэнгүүн: Өмнөх хүмүүсийн явсан замыг давтах шаардлага бидэнд байхгүй
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 256 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.