Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2024.04.04) болж, анхан шатны шүүхийн шүүгчийн 10 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1, Булган, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх тус бүр 1 шүүгчийн, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд тус бүр 1 шүүгчийн, нийт 10 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах юм.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгч сэлгэн ажиллуулах захиалгын дагуу 3 шүүгчээс сэлгэн ажиллах хүсэлт ирүүлснийг хэлэлцээд дэмжсэнгүй. "Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, Захиргааны ерөнхий хуульд “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасны дагуу олон нийтээс санал авахаар шийдвэрлэв.
Зарим шүүхийн Тамгын газрын даргын томилгоог хийлээ.
Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхан нь төрийн албанд 33 жил ажиллаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсний дагуу төрийн албанаас чөлөөлөв.
Баянгол, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Болорыг Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга С.Нэргүйг Баянгол, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргаар тус тус шилжүүлэн томиллоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Мэдээллийн технологийн газрын дарга Э.Амарсанааг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Б.Өлзийг Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар тус тус шилжүүлэн томилов.
Б.Өлзийг шилжүүлэн томилсонтой холбогдуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Н.Энхцэцэгийг тус шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.