Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ДНБ-ий өсөлтийг хангахад 159-228 мянган ажиллах хүч нэмж шаардагдана“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
6 минут 30 секунд

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2024.04.02)-ийн хуралдаанд Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын судалгааны талаар мэдээлэл хийсэн.

Тэрбээр, хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, ажиллах хүчний эрэлт, хэрэгцээ, хомсдолын талаарх судалгааг богино хугацаагаар хийж ирсэн нь дунд болон урт хугацаанд ашиглагдах боломжгүй байдгийг дурдав. Иймд 2035 он хүртэл хөдөлмөрийн зах зээлд шаардагдах эрэлттэй ажил мэргэжлийн судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэшсэн судалгаа шинжилгээний байгууллагуудын аргачлал загварыг харьцуулан судалснаа танилцуулав. Тэрбээр, судалгааны үр дүнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын тогтолцоог бүрдүүлэх, энэ зах зээлд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх буюу боловсролын салбар болон хөдөлмөрийн зах зээлийн уялдааг хангаж ажиллах, макро, микро түвшин хоорондын харилцан үйлчлэлд дүн шинжилгээ хийх, бодлогын өөрчлөлт, эдийн засгийн шок, салбар хоорондын уялдаа холбоо, хөдөлмөр эрхлэлтийн үр нөлөөг үнэлэх боломж бүрдэнэ гэлээ.

Судалгааны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал Б.Батбаатар хийлээ. Тэрбээр, олон улсад хөдөлмөрийн зах зээл томоохон сорилтуудтай тулгарч байгааг танилцуулгынхаа эхэнд онцлоод, ажил эрхлэлтийн өсөлт удаашрах, ажиллах хүчний хомсдол нэмэгдэх, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын насжилт, төрөлт буурч буй зэргээс шалтгаалсан хөдөлмөрийн зах зээлийн бүтцийн өөрчлөлтүүд, бүтээмжийн өсөлт зэрэг томоохон сорилтууд манай улсын хөдөлмөрийн зах зээлд ч ажиглагдаж байна гэлээ.

Судалгааны хүрээнд дэлхийн 200 гаруй улс орны сүүлийн 30 жилийн тоон мэдээлэлд үндэслэж эдийн засгийн өсөлт болон хөдөлмөр эрхлэлтийн түвшний хамаарлын мэдрэмжийн коэффицентүүдийг харьцуулж, задлан шинжилгээ, үнэлгээ хийсэн байна. Тухайлбал, 2035 онд хүртэл ДНБ-ий өсөлтийг хангахад шаардагдах ажиллагчдын тоо, дутагдах болон нэмэгдэх ажиллагчдын хувь хэмжээг эдийн засгийн өсөлтийн хувилбар трендүүдээр харьцуулан тооцоолжээ. Үүнээс, 2023 оны төсөөлсөн өсөлтийг хангахад 159 000-228 000 ажиллах хүч нэмж шаардагдана гэсэн тооцоо гарсан байна. Мөн салбар бүрийн ажиллах хүчний эрэлтийн судалгааг яамдаас авч, бодлогын баримт бичгүүд, Монгол Улсад хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг хүртэл нэгбүрчлэн тооцож голлох мэргэжлүүдийн эрэлтийн тооцоог гаргажээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал Б.Батбаатар танилцуулгынхаа эцэст, бүх түвшинд бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дурдав. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын тогтолцоог хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн макро бодлогын зөвлөлийг Улсын Их Хурал болон Засгийн газрын дэргэд байгуулж ажиллуулах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, шинэчлэн батлах, мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, нийтлэг үйлчилгээг боловсронгуй болгож, чадавхыг бэхжүүлэх хүрээнд салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байгааг дүгнэсэн юм. Тухайлбал, боловсролын салбарын ажиллагчдыг зуны улиралд аялал жуулчлалын салбарт, газар тариалангийнхныг өвлийн улиралд тээвэр, агуулахын салбарт ажиллуулах гэх мэт харилцан уялдаатай хамтын ажиллагааг чухал байгааг онцолсон. Мөн, хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх буюу боловсролын салбар болон хөдөлмөрийн зах зээлийн уялдааг хангаж ажиллах хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн найм, есдүгээр ангийн сургалтын хөтөлбөрт ажил хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх хөтөлбөр, хичээлийг оруулах, байнгын хувьсан өөрчлөгдөх хөдөлмөрийн зах зээлд ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх үзэл баримтлалыг насан туршийн боловсролын хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад эрэлтэд тулгуурласан, ажил олгогчдын захиалгаар ажилтнуудыг богино хугацаанд сургаж бэлтгэх, давтан сургах уян хатан тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй гэлээ. Түүнчлэн, дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагыг магадлан итгэмжлэх шаардлага, шалгуурт өөрчлөлт оруулах, шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик (STEM)-ын мэргэжлийн чиглэлд болон Монгол Улсад түлхүү ашиглаж буй техник, технологийн эзэн орны их, дээд сургуулиудад суралцахад Боловсролын зээлийн сангийн зээл, тэтгэлгийг чиглүүлэх шаардлага байгааг ч дурдсан юм. Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, мэдээллээр бодлого боловсруулагчид болон иргэд, олон нийтийг хангах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг мөн судалгааны дүн харуулж байна.

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын судалгааны талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл үг хэлж, бодит цалингийн өсөлтийг хангах, ажил, мэргэжлийн хандлагыг зах зээлийн эрэлтэд нийцүүлэх, хүний нөөцийн бодлогыг шинэчлэх талаар байр сууриа илэрхийлэн, эдгээр асуудлаар Засгийн газраас тодорхой санал боловсруулж, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, эдийн засгийн салбар бүрд тулгамдаж байгаа ажиллах хүчний асуудлыг нарийвчлан гаргасан, улс төрийн намуудын төдийгүй дараагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг үндэс суурь болохуйц сайн судалгаа болсныг сайшаагаад, үүнийг цаашид бодлого боловсруулагч нарт төдийгүй бүхий салбар, их, дээд сургуулийн оюутан, суралцагч нар, хувийн хэвшлийнхэн, үйлдвэрчний эвлэлийнхэнд танилцуулж, олон хүнд ойлгуулахыг зөвлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Зургаан аймгийн 17 суманд цагаан зудтай байна
Зургаан аймгийн 17 суманд цагаан зудтай байна
 
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн олговорт 2,8 тэрбум төгрөг олгохоор болжээ
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн олговорт 2,8 тэрбум төгрөг олгохоор болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.