Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан. Энэ жилийн хувьд маргааш буюу гуравдугаар сарын 28-нд таарч байна. Энэхүү дадлага сургууль нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагад газар хөдлөлтийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх аргад сургах дадал олгох, эрсдэлийг бууруулах зорилготой.
Тиймээс маргааш ямар үйл ажиллагаа зохион байгуулах талаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр олон нийтэд мэдээлэл өглөө. Мөн тэрээр энэ дадлага сургуулийг ёс төдий өнгөрүүлэх биш, гамшиг нүүрлэсэн үед мэдлэгтэй дадалтай байж өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ аврах аргад суралцахыг зорьж, идэвхтэй бөгөөд хариуцлагатай оролцохыг уриаллаа.