Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Оны шилдэг уран бүтээлч” шалгаруулах 195 дугаар тогтоол батлагдсанаас хойш 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулдаг “Мөнгөн мод наадам” нь “Соёлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, соёлын ажилтны бүтээлч үйл ажиллагааг төрөөс дэмжиж урамшуулах, алдаршуулах зорилго бүхий хамгийн том ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа юм.
Өнгөрсөн онд уран бүтээлчид маань эх орондоо төдийгүй Монголын соёл, урлагийг дэлхийд таниулан сурталчилж, гайхалтай уран бүтээлүүдийг туурвисан онцгой жил байлаа. Тухайлбал,
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт “Морин хуурын их найрал” дэлхийн алдартай театруудад үндэсний урлаг, өв соёлоо сурталчлан морин хуурын эгшгээ сонордуулж, “Монгол хаан” жүжиг Их Британи Улсад тоглож, кино урлагийн уран бүтээлчид Канн, Венец зэрэг олон улсын кино наадамд, хөгжим, цирк, дүрслэх урлагийн салбарынхан дэлхийн болон олон улсын биенналь, уралдаан тэмцээнд өндөр амжилтуудыг гаргасан юм.
Мөн “Чингис хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотын Түүхийн музейд дэлгэгдэж, дэлхий нийтэд анх удаа олон нийтийн хүртээл болж байна.
“Монголын урлаг дэлхийн тайзнаа”, “Монгол өв ба дэлхий дахинд” цогц бодлогын илэрхийлэл болсон “Мөнгөн мод-2023” наадамд 216 уран бүтээлч өрсөлдсөнөөс соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг, найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач, гэрэл зурагчин гэсэн 13 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж, мөнгөн шагнал, “Мөнгөн мод” цом гардуулна.