Засгийн газраас малгүй болсон иргэдэд 5-8 сая төгрөгийн урт хугацааны хүүгүй зээл олгох дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв. Санхүүжилтийг нь ХНХЯ-ны дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд байгаа 107 тэрбум төгрөгөөс гаргахаар болсныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр мэдэгдсэн. Тэрбээр,
“Малын хорогдол өнөөдрийн байдлаар зургаан саяд хүрсэн. Урьдчилсан байдлаар 20 сая толгой мал хорогдоно гэх судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл, 20 мянга гаруй малчин малынхаа 70-аас дээш хувийг алдах эрсдэлтэй гэсэн үг. Ийм учраас малчдад урт хугацаатай хүүгүй зээл олгоно” гэж онцолсон юм.
Мөн өмнө нь зуданд олон тооны малаа алдаж, орлогын эх үүсвэргүй болсон малчдын зээлийг ирэх зургадугаар сар хүртэл хойшлуулахаар болсон юм. Төрөөс малчдыг дэмжиж буй энэ шийдвэрүүд малчдыг “бэлэнчлэх” сэтгэлгээтэй болгож урт хугацаандаа эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг эдийн засагчид санууллаа. Тэдний байр суурийг хүргэе.
-----------------------------------------------------
ТӨРӨӨС МАЛЧДЫГ ДЭМЖИЖ БАЙГАА НЬ УЛС ТӨРИЙН ТОГЛООМ
МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Х.Цэвэлмаа:
-Түр зуурын арга хэмжээ нь урт хугацаанд сөрөг үр дагавартай. Хүүгүй зээл олголт нь төсвөөр дамжин аль нэг сангаас гарч байна гэсэн үг. Эдийн засгийн өсөлт сайн биш байхад төсвийн зарлагыг дахин тэлэх нь татвар нэмэх, гадаадын зээл тусламж эрэх хэрэгтэй болно гэсэн үг. Засгийн газар тэлсэн зардлаа ямар хугацаанд олж авах гэх асуудал үүсэж байгаа юм.
Хялбар аргаар асуудлыг шийдэж эргээд урт хугацаанд эдийн засагт үр ашиггүй арга санал болгохыг зогсоох хэрэгтэй. Энэ нь малчдыг дэмжих арга биш улс төрийн л тоглоом байхгүй юу.
Өнөөдөр үүсэж буй гол асуудал нь малчид малгүй, наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй хэмжээнд хүрсэн. Ийм байгалийн эрсдэл тохиолдоход хамгийн сайнаар бэлтгэлтэй байх нь хүмүүс бол малчид өөрсдөө юм. Гэтэл тэдний амьжиргааг төрөөс дэмжих нь орон сууц нь шатсан ипотекийн зээлтэй хүмүүсийн зээлийг тэглэхтэй ижил.
Малчдыг төрөөс дэмжихдээ зээл тэглэх, хугацаагүй зээл олгох бус даатгалын хохирлыг нөхөн барагдуулах тогтолцоо хэрэгтэй. Даатгалыг сайжруулж нөхөн олговор эргэн төлөгддөг байх ёстой. Үнэлгээний системийг хөгжүүлж нөхөн барагдуулах тогтолцоо хэрэгтэй.
Үнэлгээний систем байхгүй атал хялбар аргаар шийдвэр гаргаж байгаа нь буруу. Нэг хэсгийг дэмжихийн тулд нөгөөг нь хохироодог шийдвэр гаргаж болохгүй. Малчид өөрсдийн эрсдэлийг даатгуулах замаар даатгал төлөх хэрэгтэй. Хэрэв нөхөн олговор нь хүрэлцэхгүй тохиолдолд Засгийн газар дэмжлэг үзүүлж болно.
Энэ нь эргэн төлөх нөхцөлтэй байх нь зөв зарчим. Мөн арилжааны банк малчдын хооронд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Эсрэгээрээ Засгийн газар бодлогоо зардалтай болгож байгаа нь эдийн засагт урт хугацаандаа сөрөг үр дагавартай. Эхний дохио нь "бэлэнчлэх" сэтгэлгээ. Хүмүүс ажил хийх сонирхолгүй болж, зуд нүүрлэхэд төрөөс дэмжинэ гэх ойлголттой болж байгаа юм.
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС МАЛЧДЫГ ДЭМЖИХ НЬ БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭТЭЙ БОЛГОЖ БАЙНА
Банк санхүүгийн академийн эдийн засагч Ч.Сосорбарам
-Санхүүгийн системд хүүгүй зээл гэх ойлголт байхгүй. Энэ мөнгө татвар төлөгчдийн мөнгөнөөс гарч байна гэсэн үг. Малчдад олгохоор болж буй зээл арилжааны банкуудаас биш татвар төлөгчдийн мөнгөнөөс гарч байгаа.
Харин малчид эрсдэлээ тооцохгүй хохирвол улсаас нэхэж авч болно, банканд зээл төлөх шаардлагагүйгээр хүмүүс төлнө гэж ойлгох буруу мессежийг нийгэмд өгч бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байна гэсэн үг.
Нөгөө талд зуданд малаа алдаагүй бэлдсэн байгаа малчин өрхүүд яах вэ. Хөрөнгө мөнгөө зарсан хүмүүс хохирох юм уу. Зуд бол даатгуулах боломжтой эрсдэлүүдийн нэг. Монголд энэ гамшиг өмнө жилүүдэд ч нүүрлэж байсан. Тиймээс малчид эрсдлээ тооцож, ирэх жилүүдэд зуд нүүрлэж магадгүй гэж бодох хэрэгтэй. Бэлтгэлээ базааж, тодорхой хэмжээний эрсдлийг даатгуулах боломжтой. Зуд нүүрлэхэд төр дэмжлэг үзүүлж, сонгуулийн өмнө жил хүмүүст сайхан харагдахын тулд санхүүгийн системд хүүгүй зээл гаргах нь зөв шийдвэр биш.
САНГИЙН МӨНГӨ БҮХЭЛДЭЭ МАЛЧДАД ЗОРИУЛАГДААГҮЙ
Эдийн засагч Б.Дэлгэрсайхан:
-Малын хорогдол 20 сая толгой хүрвэл Монголд маш том хүндрэл болно. Засгийн газрын шийдвэр буруу биш. Гэхдээ эдийн засгийн тооцоо судалгаатай эх үүсвэр нь тодорхой, хариуцлагататай байх ёстой. Энэ хоёр зүйлийг маш сайн харгалзах нь чухал. Засгийн газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 107 тэрбум төгрөгийг малчдад 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгох тухай ярьж байна. Хэрэв 20 мянган малчин өрхөөр тооцвол санд хуримтлагдсан мөнгө бүгд гарах магадлалтай харагдаж байна. Жишээлбэл, 20 мянган өрхөд 5 сая төгрөгийн зээл олговол 100 тэрбум төгрөг болно. Гэтэл зөвхөн малчдыг малжуулахад зориулсан сан биш болов уу. Иймээс урт хугацааны хүүгүй зээл олгохдоо эдийн засгийн тооцоо судалгаатай, малжуулах зорилтоо оносон, малчин өрхүүдэд хүртээмжтэй байх хэрэгтэй. Гол нь үр дүн чухал.
Малчдад олгох хүүгүй урт хугацаатай зээл нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгө бүхэлдээ зарцуулагдахаар байгаа нь эргэлзээтэй санагдаж байна.
Зуд, байгалийн гамшиг нүүрлэсэн үед иргэд, олон нийт Засгийн газар, УИХ туслах нь зөв. Гэвч малчдыг хамруулан санхүүгийн хариуцлагатай холбоотой асуудал яригдаж байгаа нь буруу. Бодлого гаргагчдын зарим шийдвэр гаргалтууд иргэдийг бэлэнчлэх, хойш суух нөхцөл байдлыг дэвэргэж байгаа. Жишээлбэл, малчдын төлөөлөл болох төрийн бус байгууллага нь зээлээ тэглүүлэх тухай ярьж байна. Энэ нь зөвхөн малчид гэлтгүй олон нийтэд нөлөөлнө. Ийм буруу жишгийг дэвэргэх ёсгүй.
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН УНАЛТААС ЭДИЙН ЗАСАГ СААРНА
МУИС-ийн дэд профессор, эдийн засагч Б.Бат:
-Зээл эргэн төлөгдөх нөхцөлтэй тул Засгийн газрын арга хэмжээ байж болох шийдвэр. Харин гол зорилгоо биелүүлэх үү, малчид хэрэглээндээ зарцуулах эсэхийг хянах тогтолцоо чухал. Тодруулбал, хяналттай зээл олгох хэрэгтэй. Урт хугацааны хүүгүй зээл нь иргэдийг малжуулахад зориулагдах ёстой гэсэн үг.
Зудын улмаас хөдөө аж ахуйн салбар агшиж байна. Энэ нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Эдийн засгийн өсөлтийг 5 хувь гэж таамаглаж байсан бол 3 хувь болтол агших төлөвтэй байна гэсэн үг.
Хэдий өвөл шувтарч хавартай золгосон ч малын хорогдол тавдугаар сар хүртэл үргэлжилж, 2000 онд хорогдож байсан малын тоотой тэнцэх тооцоо бий. Энэ нь эдийн засгийн өсөлтийг бууруулахад нөлөөлнө. Манай улсын хувьд 10 жилийн давтамжтай хоёр зуданд 8-10 гаруй сая толгой малаа алдсан. Энэ үед эдийн засаг унаж, өсөлт саарсан. Ялангуяа, зудын дараа махны нийлүүлэлт саарах тул махны үнэ өснө. Энэ нь инфляцад нөлөөлж, эдийн засгийн өсөлт буурах төлөв ирэх жилүүдэд ажиглагдана.