Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын шүүхэд ажиллаж буй анхны монгол хүн Н.Орчлон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
16 минут 31 секунд

-Монголоос анх удаа Олон улсын шүүхэд ажилласнаас тань урьтаж, анх яагаад энэ мэргэжлийг сонгосон талаар ярилцъя. Багаасаа хуульч болно гэж боддог байв уу?

-Би хуульч мэргэжилтэй болно гэж огт бодож байгаагүй. Миний эргэн тойронд ч хуульч хүн байгаагүй. Багаасаа дэлхийн шилдэг зохиолуудыг их уншиж байсан болоод ч тэр үү гадаад хэлэнд маш их сонирхолтой учраас олон улсын харилцаа чиглэлээр явъя гэж боддог байсан.

Бас жижигхэн гэр ахуйн хэрэгсэл эвдэрчихсэн байхад нь задлаад моторыг нь сугалж аваад урд талд нь сэнс зүүгээд, зайтай холбоод усан онгоц гэх мэтийг хийчихдэг байсан тул инженер талын сонирхол ч байсан. Тухайн үед гадаад харилцааны сургууль, эдийн засгийн коллеж “моодонд” орж байлаа. Би ч нийгмийн трендээ дагаад тэр чиглэлээр суръя гэж бодсон боловч тэнцээгүй.

Тэгээд л шууд захруу гарч эрээнээс гахай зөөсөндөө. Надад бол жинс, усан үзэм, арзгар ултай гуталнаас авахуулаад зарж үзээгүй бараа цөөхөн. Ямар сургуульд орохоо мэдэхгүй явсан би радиогоор “Цагдаагийн дээд сургуульд эрх зүйч мэргэжлээр элсэлт авч байна” гэдгийг сонсоод очиж шалгалт өгөөд тэнцсэн түүхтэй. Гэхдээ одоо бол би өөрийгөө хуульчаас өөр мэргэжлээр ажиллаж байна гэж төсөөлж чаддаггүй. 

-Тэгвэл Америкад сурах мөрөөдөл хэзээнээс бий болов?

-Намайг дунд сургуульд төгсөх жил Монголд хамгийн анхны хэлний курсууд хичээллэж эхэлсэн юм. Тэрийг нь манай ээж, эгч хоёр мэдээд намайг гурван сар Англи хэлний курсэд суулгасан. 

Тэгээд Цагдаагийн дээдэд орсны дараа анх англи хэлний хичээл зааж эхлэхэд бусдаас түрүүлээд гурван сар сурчихсан байсан хүүхэд огт мэдэхгүй хүүхдүүдээс илүү болж таарсан. Тэр үед “English Language institute”  байгууллага оюутнуудын дунд англи хэлний олимпиад зохион байгуулж, их сургуулиудын шилдэг англи хэлтэй оюутнуудыг цуглуулж үнэгүй англи хэл зааж байсан юм.

Тухайн үед би хамгийн муу Англи хэлтэй байсан ч гурван жил дараалан тэр хөтөлбөрт хамрагдаад мундаг хүүхдүүдийн дунд их хөгжсөн. Урьд нь ОХУ, БНХАУ явж үзэж байсан би анх удаа эрх чөлөөт нийгмийн Америк, Канад хүнтэй харьцаж үзээд дэлхий ертөнцийг нээж үзэх сонирхол бий болж Америкад сурах мөрөөдөлтэй болсон юм.

Тухайн үед түүнд Англи хэл зааж байсан багшийн хамт


-Минесоттагийн их сургуульд сурах тэтгэлэгт хамрагдах боломжийг яаж өөртөө бий болгов?

-Сургуулиа төгсөөд цагдаагийн мөрдөн байцаагчаар ажилладаг байх үед цалин буугаад л гуанзны өр өгөөд л таардаг байв. Одоо санахнээ надад цагдаагийн дүрэмт хувцаснаас гадна нэг л ээлжийн солих хувцас байдаг байсан. Ээжийнхээ цалингаар Америкт сурах ямар ч боломж байгаагүй. Одоогийн Нээлттэй Нийгмийн хүрээлэн буюу Соросын сангаас оюутнуудад тэтгэлэг өгдөг байсан. Түүнд эхний удаа шалгалт өгөөд тэнцээгүй. Хоёр жилийн хугацаанд бэлдээд хоёр дахь удаагаа шалгалт өгч тэнцээд явж байсан. 

-Миний сурч байсан Америк одоогийнхтой харьцуулахад тэс өөр-

-Анх Америкт очоод ямар сэтгэгдэл төрсөн бэ? Цаашдын ирээдүй яаж төсөөлөгдөж байх юм?

-Миний сурч байсан Америк одоогийнхтой харьцуулахад тэс өөр. Одоогийн Америкт нийгмийн тэгш бус байдал их, ардчиллын баталгаа алдагдаж байна, хүний эрх дээдлэх асуудал олон талаар хоцорч байна. Тухайн үед бол ардчиллын үнэт зүйлсийг дээд хэмжээнд авч явж байсан үе. Анх Америкад очоод миний бодсон бодол бол “Сайхан тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж ирлээ. Яаж сургуулиа сайн төгсөх вэ?” гэдэг л байсан. 

Хүмүүс намайг багаасаа ирээдүйгээ зураглан бодож төлөвлөсөн гэж боддог. Гэтэл би амьдралдаа дараа жил юу болохыг хэзээ ч мэдэж байгаагүй, ажил мэргэжлийнхээ карьерийг тав, арван жилээр төлөвлөж байгаагүй л дээ. Миний ээжийн зааж сургасан нэг зүйл бол "яг өнөөдөр өөрийнхөө хийж байгаа зүйлээ хамгийн сайн хийх” гэдэг зүйл байсан. Энэ миний амьдралдаа дагаж мөрддөг зарчим болсон. Тэгэхлээр цалинтай, цалингүй хамаагүй өнөөдөр чамаас шалтгаалах юу байна тэрийг л сайн хий. 

Үнэртний группийг би сонирхлоороо 7 жил хөтөлж 200,000 хүнд үйлчилж байна. Тийм болохоор богино хугацаанд өөрийнхөө зорилгыг биелүүлээд явж байхад хүний амьдрал болдог гэж боддог.

-Миннесотагийн их сургуулийн оюутан ахуй цагийн тань нэг өдөр хэрхэн өнгөрдөг байсан бэ?

-Хичээлээ их хийдэг байсан. Би уг нь ажил хийе гэж бодсон ч хуулийн сургуулийн оюутанд ажил хийх зав гарахгүй. Өглөө 7 цагт гэрээсээ гараад шөнийн 00:00 цагт ирнэ. Сургууль руугаа явахдаа дэлгүүр ороод хуванцар савтай orange juice авч ууна. Тэр бол миний breakfast /өглөөний цай/. Тэгээд өдөржингөө номын санд сууж хичээлээ хийгээд өдөр махтай халуун хоол олж идээд, шөнийн 12 хүртэл номын санд сууна даа. Өдөрт 1-2 цаг хичээл орно. Бусад үед номын санд л сууна. Миний пудволыг нь хөлсөлж суудаг түрээслэгч айлын маань байшин тойроод бөөрөлзгөнө жимсний модтой. Тэрийг нь би түүгээд гялгар уутанд хийгээд хөргөгчинд хийчихнэ. Орой гэртээ ирээд бөөрөлзгөнөө идэж унтаад, маргааш өглөө нь хичээлдээ явна даа. Хоёр жил өнгөрөхөд кинон дээр гардаг шиг үдэшлэгүүдэд нэг ч удаа явж үзээгүй төгссөн юм. Гэхдээ зорилгоо биелүүлээд сураад ирсэн.

Н.Орчлон Америкад оюутан байх үе. Төгсөлтийн баяр.


-Америкад сургуулиа сайн төгссөн ч Монголд сурсан мэдлэгээ ашиглах орчин бүрдээгүй-

-Төгсөөд Монголдоо ирэхэд эрүүгийн мөрдөн байцаагч хийдэг байсан Н.Орчлон Америкад эрдмийн зэргээ хамгаалаад ирсэн Н.Орчлон хоёрын хооронд хэр өөрчлөлт гарсан бэ?

-Тэтгэлэг авахдаа буцаад монголдоо ирж ажиллах гэрээтэй явсан. Тэс өөр хүн болоод ирсэн байсан. Үзэл бодол тэлж, өөрийгөө илүү олж нээсэн. Хаана гэдэг нь чухал биш ч хүн гадаадад сурах, өөр нийгэмд амьдарч үзээд ирэхээрээ өөрийнхөө байр суурь, зан аашийг олж өөрийгөө хүлээн зөвшөөрч эхэлдэг.

Америкад сургуулиа сайн төгссөн ч Монголд өөрийн сурсан мэдлэгээ ашиглах орчин бүрдээгүй. Хуулийн хүрээнд ажлаа хийхэд их хүндрэл учирдаг байсан тул гадаадад ажиллах шийдвэр гаргасан. 

Австрийн Вена хотод байдаг Олон улсын атомын эрчим хүчний агентлаг хуулийн зөвлөхийн ажлын байранд өөрийн материалаа явуулаад татгалзсан хариу авсан ч олон улсад ажиллах урам зориг улам нэмэгдсэн. Улмаар Гааг хотод байдаг Олон улсын эрүүгийн шүүх дээр ажлын байр зарлагдсаныг олж мэдээд ажлын байранд хандаж материалаа явуулж, эхний шатанд нь тэнцээд, утсаар мөн Гааг хотод очин хоёр удаагийн ярилцлагад нь орж, шалгуурыг нь даван, өмгөөлөгчөөр ажилд орсон юм.

-Олон улсын шүүхэд ажилд ороод хамгийн анхны гар бие оролцсон шүүх хурал юу байсан бэ?

-Яг өөрөө шүүхийн өмнө тэргүүлж ярьж байсан шүүх хурал бол Кени улсад сонгуулийн дараа олон нийтийг хамарсан үймээн самууны үеэр болсон хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн шүүх хурал. Тэр хэрэг гурван жил орчим үргэлжилсэн.

-Таны мэргэжлийн шантармаар хэцүү бас ахин дахин дурламаар сайхан талыг хэлээч гэвэл та юуг нэрлэх вэ?

-Хамгийн хэцүү зүйл нь хаана, яаж ажиллаж байгаагаасаа болно.

Монголд ажиллахад хамгийн хэцүү зүйл нь хуулиа барьж ажиллахад хэцүү байдаг. Жижиг хэрэг гэлтгүй танил тал, дарамт шахалт, гуйлт их ирдэг. Үүнийг давахад хэцүү биш ч их ядаргаатай.

Олон улсын түвшинд ажиллаж, хэрэг шийдэхэд олон улсын улс төрийн бодлого их нөлөөлдөг. Тухайн улсын дэд ерөнхийлөгч яллагчаар татагдаад ирэх үе байна. Гэтэл тэр улсын хамгийн эрх мэдэлтэй хүн яллагч болоод шүүх хурал үргэлжилж байхад тэр хүний эсрэг мэдүүлэг өгөх гэрч олдохгүй болдог. Хэдийгээр нэр хүндтэй, эрх мэдэлтэй олон улсын шүүх боловч тухайн оронд очиж хууль сахиулах ямар ч боломжгүй. Ер нь хуульч хүний ажил өдөр болгон л хэцүү. Огших, бахархах юм гэвэл миний хувьд учиргүй хийсэн гавьяа байхгүй л дээ. Монгол хүнийхээ хувьд Олон улсын шүүхэд ажилласан анхны монгол хүн болсон. Өндөр хөгжилтэй орнуудаас ирсэн дэлхийн янз бүрийн хуульч нартай эн зэрэгцэн ажиллаж байна. Одоогоор 15 дахь жилдээ ажиллаж байгаа ахмад ажилчин болж байна даа. 

-Хууль зүйн салбарт 100% зөв, буруу гэсэн зүйл байхгүй-

-Ер нь сайн хуульчийг юу бүтээдэг юм бэ?  

-Монголд хуулийн салбарын залуучууд дунд нэг буруу ойлголт байдаг. Тэр нь хуульч хүн сайн хүн байх ёстой, сайхан сэтгэлтэй хүн байх ёстой, хүн чанартай хүн байх ёстой гэдэг ойлголт. Гэхдээ энэ бол явцгүй ойлголт. Хуулийг сайн хүн тогтоодоггүй. Хууль гэдэг хууль зүйн хүрээнд болж буй эрх ашиг  нь зөрчигдөж байгаа хүмүүсийн асуудлыг яаж зохицуулах вэ гэдэг дээр ашиглагдаж байгаа зүйл. Энд хүн болгон өөрийнхөө хийж байгаа мэргэжлийн ажлыг хамгийн сайн хийж байж л асуудал зөв шийдэгдэж, хууль зүйн хөгжил явагддаг. Хууль зүйн салбарт 100 хувь зөв, буруу гэсэн зүйл байхгүй.

Харин үүнийг яаж зөв тэнцүүлэх вэ ядаж 51 хувийн үнэн байлгах вэ гэдэг дээр л асуудал яригдана. Шүүх дээр ямар үед зөв шийдвэр гарах вэ гэхлээр прокурор, өмгөөлөх тал, шүүгч хамгийн сайн ажлаа хийх үед хууль биелэгддэг. “Би сайн хуульч гэхдээ хүүхэд хүчиндсэн хүнийг өмгөөлөхгүй” гэж ярилцлага өгсөн хуульчийн ярилцлагыг уншаад би гайхдаг. Учир нь тэр хүн мэргэжлийн үнэлэлт дүгнэлт хийхийн оронд өөрийн үзэл бодлоор асуудалд хандаж байна. Ямар ч муу муухай хэрэг хийсэн хүнд эрх гэж бий. Түүнийг хамгаалдаг хүн бол хуульч.

Түүний хөтөлдөг “Үнэртэй усанд дурлагсдын клуб-Mongolian fragrance lovers” групп нь өдгөө 217,500 гаруй гишүүнтэй бөгөөд түүнийг гишүүд нь “Анхилуун өвөө” гэж дууддаг аж.


-Монгол хуульчдаас ямар ур чадварыг шаардаж байна вэ?

-Англи хэл. Монгол хуульч нар олон улсад ямар хууль үйлчилж байгааг мэдэхгүйгээр өсөн дэвжих боломжгүй. Хуульчид өөрийгөө олон улсын нисэх онгоцны нисгэгч гэж бодвол тэнд сууж байгаа олон орны хүн болгонтой харьцах шаардлага үүсэх тулд заавал гадаад хэлтэй, ялангуяа Англи хэлтэй болох хэрэгтэй. Чөлөөтэй Англи хэлээр ярьдаггүй хүн бол хуулийн ажил хийх ямар ч боломжгүй. 

-Та бол Монголоос анх удаа мөс хагалан олон улсын шүүхэд ажиллаж байгаа хүн. Тийм болохоор олон давааг туулсан байх. Харин энэ туршлагаа дараа үедээ хэрхэн үлдээхийг хүсэж байна? 

-Би залуучуудад хувиараа зөвлөгөө өгөхийг их хүсдэг. Надаас зөвлөгөө авахыг хүссэн залуучууд фейсбүүкээр холбогдоод зөвлөгөө авах бүрэн боломжтой. Мөн Монголд очоод мэргэжлийн сургалтуудыг сургуулиуд дээр өөрийн биеэр очин хийдэг. Мөн “Шинэ хуульчдын Орчлон клуб” гээд фейсбүүк дээр групп хөтөлж гишүүддээ сургалт зохион байгуулдаг. Энэ жилээс эхэлж хуульч нарын мэнторшип хөтөлбөр эхлүүлж байгаа. Яг өөрийнхөө хөдөлмөрөөр амжилтад хүрсэн 23 монгол хуулчийг урьж мэнтор болгохоор зорин ажлаа эхлүүлээд байна. Энэ ажлыг олон жил цааш үргэлжлүүлэх бодолтой байгаа.

 -Одоо таны хоббины талаар ярилцъя. Үнэртэй усанд хэзээнээс татагдаж хоббигоо болгож ирсэн бэ? Одоогоор цуглуулгын тань хамгийн үнэтэй үнэртэн юу вэ?

-Би Голландад ажиллахаар ирээд л анх дуртай үнэртнээ авах санхүүгийн боломжтой болж ирсэн. Түүнээс хойш бол хэдэн мянган сүрчиг үнэртэж үзсэн байх. Нэг хэсэг түрхэх л сүрчиг цуглуулж байсан бол одоогоор ирээдүйд мөрөөдлийн музейдээ үзмэр болгох түвшний ховор нандин үнэртнүүд цуглуулж байгаа. Хамгийн үнэтэй нь 15 орчим сая төгрөг болох байх. Гэхдээ яг үнэндээ бол тэр нь дээр үеийн үнэ нь. Тйимэрхүү хязгаарлагдмал тоогоор гарсан сүрчгийг дахиж үйлдвэрлэдэггүй болохоор нэгэнт зарагдаад дууссан бол дахиж олдохгүй. Тэгэхээр тийм ховор нандин сүрчигний жинхэнэ яг одоогийн үнэ цэнийг хэлэх боломжгүй. Үнэлж баршгүй урлагийн бүтээл гэсэн үг. 

-Үнэртэй ус таны амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Жишээ нь ажлын стрессээ тайлахад тань тусалдаг уу?

-Тийм. Хүн гоё үнэртэн түрхээд явахад стресс арилж, ядаргаа тайлагдаж, сэтгэл тайвширч, өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун болдог. Хүний сэтгэл зүйтэй маш нарийн холбоотой урлагийн бүтээл шүү дээ. 

-Яагаад таныг үнэртэй усны группийн гишүүд тань өвөө гэж дуудах болсон бэ?
-Анх гишүүддээ үнэртний соёлын тухай яг жаахан хүүхдүүдэд цагаан толгой зааж байгаа мэт хошигнож өвөө нь ингэе тэгэе гэсээр байгаад нэг мэдсэн тийм хочтой болсон байсан. Би бол энэ нэрэндээ дуртай!

 

-Ярилцсанд баярлалаа.

Л.Дэлгэрмаа

Бразилийн Конгрессийн гишүүнийг 6 хүүхдийн хамт нөхрөө хөнөөсөн гэж сэжиглэж байна
Бразилийн Конгрессийн гишүүнийг 6 хүүхдийн хамт нөхрөө хөнөөсөн гэж сэжиглэж байна
 
Хотын дарга Х.Нямбаатарт ХУД-ийн Анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэлээ
Хотын дарга Х.Нямбаатарт ХУД-ийн Анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.