Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, түүний ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг. Тиймээс 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр 20-ны өдөр хүртэл автотээврийн хэрэгслийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн ЗАДРАХ БОЛОМЖГҮЙ АЧАА тээвэрлэлтийг зогсоохоор болсон гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Ц.Эрдэнэ-Очир "Дээрх хугацаанд стандарт шаардлага зөрчсөнөөс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж өөрсдөө хариуцах бөгөөд авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулна" гэв.
Монгол Улсын Засгийн газраас олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг тогтоосон байдаг. Иймд дээрх хугацаанд стандартын хэрэгжилтийг хангуулах, зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн тээвэрлэлт хийж буй эсэхийг шалган тогтоох, зөрчлийг арилгуулах, авто зам, замын байгууламжийг хамгаалах зорилгоор нийт улсын чанартай авто замын дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтыг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Тээврийн цагдаагийн алба хамтран зохион байгуулна.