Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн чуулганы хуралдаанд суух эрхийг долоо хоногоор хассан. 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын дэд дарга, хуралдаан даргалагч Т.Аюурсайхан Б.Пүрэвдоржийг эрх баригч МАН-ыг шүүмжилсний төлөө УИХ-ын Дэгийн тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж чуулганд суух эрхийг нь хассанаа мэдэгдэж алх цохисон.
Олон нийтийн дунд маргаан дагуулсан энэ үйл явдал эргээд Т.Аюурсайханыг УИХ-ын Дэд даргаас нь буулгах нөхцөл байдлыг үүсгэсэн талаар саарал ордон дахь эх сурвалж мэдээллээ. АН-ынхан Т.Аюурсайханыг үндсэн хуулийг ноцтой зөрчсөн хэмээн буруутгаж байна. Тодруулбал, дараах үндэслэлүүдээр буруутгажээ.
Энэ байр суурийг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин аль хэдийн илэрхийлж, “УИХ-ын гишүүний хуралд суух эрхийг хасах гэж бас ямар юм гараад ирэв ээ? Үндсэн хуулийн бус, төлөөллийг үгүйсгэж, хязгаарласан ийм юм байж болохгүй” хэмээн жиргэжээ.
МАН-ынхан өнгөрсөн хугацаанд УИХ-ын Дэгийн тухай хуулийг хангалттай зөрчсөн. Хоорондоо хэрэлдсэн, бие биенээ хэлэх хэлэхгүйгээр хэлсэн, доромжилсон, хүний өмнөөс кноп дарсан, бүр салаавч ч гаргаж байсан. Тэр үед Дэгийн тухай хууль байхгүй юм шиг л аашилсан. Гэтэл сөрөг хүчний гишүүн баримттай үг хэлсэний төлөө сануулагагүйгээр эрхийг нь хаслаа, энэ бол Үндсэн хуулийг илтэд зөрчсөн хэрэг гэжээ. Энэ санааг АН-ын лидерүүд ч өмнө нь хэлж байв. УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа “Парламентын танхимд сонгогдсон гишүүн үг хэлэх бүрэн эрх Үндсэн хуулиар олгогдсон. Энэ эрхийг хаах эрх хэнд ч байх ёсгүй. Шүүмжлэх бүрт 7 хоногоор чуулганд суулгахгүй гэх юм уу?” хэмээн жиргэж байна. Мөн АН-ын даргад нэр дэвшигч Ц.Оюунгэрэл “Энэ УИХ Дэгийн хуулиа хэзээ ийм аймаар, Үндсэн хуулийн дээр гаргаад ирчихсэн юм бэ. УИХ гишүүний чуулганд орох эрхийг юу ч хаах ёсгүй!!! Ард түмнийг төлөөлж байгаа хүнийг гаргаж байгаад араар нь юу ч баталж мэдэх учир БҮХ гишүүд чуулгандаа хэзээд саадгүй орох эрхтэй байх ёстой!” хэмээн бичиж байсан.
АН-ынхан Т.Аюурсайханыг Үндсэн хуулийг зөрчиж, албан тушаалаасаа огцрох үндэслэлээ бүрэн хангасан гэж дүгнээд Үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ. Хэрвээ цэц Т.Аюурсайханыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл тэрээр УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа огцрох нь гарцаагүй.
Сөрөг хүчин АН-ын хэлэлцээг дуулсан МАН-ын гишүүд дараагийн УИХ-ын Дэд дарга хэн байх талаар аль хэдийн таамаглал дэвшүүлж эхэлжээ.
www.ubn.mn