Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Симо: “Энэ ёстой удаж байгаа газар шүү, би орж харчхаад л явах гэсэн юм“ гэсэн хүмүүс их орж ирдэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
16 минут 49 секунд

МУИС-ийн дэргэдэх энэ  жижигхэн гуталчингийн газрыг мэдэхгүй хүн ховор. "Намайг оюутан байхад л энэ газар ажилладаг байсан. Одоо хүртэл ажилласаар л байна. Их удаж байгаа газар  шүү" хэмээн дуу нэгтэй дуугарах ахмад настнууд цөөнгүй.  Тус газрыг эрт үед Хятад хоёр хүн ээлжээр ажиллуулж байсан ч одоо нэг нь л ажиллуулж байгаа аж.

Олон жилийн түүхтэй, оюутны хөл хөдөлгөөн дундах тус газрын гутал засварчин Ц.Симотой ярилцлаа. 

Биднийг ярилцаж байх үеэр тав, зургаан үйлчлүүлэгч орж ирэн гутлаа засуулчихаад явсан юм. Тэдний ярьж байгаагаар зарим нь оюутан үеэсээ  л мэддэг, найдвартай , гоё энергитэй газар гэнэ.

Та хэд дэх жилдээ гутал засч байна вэ?

-Миний хоёр ах энд ажилладаг байсан юм. Манай ах энд ажиллаад 45 жил болсон. Одоо 70 гараад настай болчихсон болохоор хааяа л ирж ажилладаг.  Одоо би ганцаараа ажиллаж байгаа. 
Би эндээ ажиллаж байгаад 1996-2012 он хүртэл тусдаа нэгдүгээр хороололд 16 жил ажилласан. Тэгээд манай ах настай болчихсон болохоор би эндээ буцаад ирсэн. Ер нь бол гутал засаад 25 жил болж байна. 1995 оноос эхэлж гутал зассан. 

Манай энэ газар яг их сургуулийн хажууд болохоор хүн болгоны нүдэнд их өртдөг, хүн болгон л мэддэг юм шиг санагддаг.  Ер нь үйлчлүүлэгчдийн ихэнх нь  мэддэг хүмүүс байдаг. Өнөөдөр арван  хүн орж ирлээ гэхэд найм нь энэ газрыг аягүй сайн мэддэг, зорьж ирдэг хүмүүс байдаг. Тэгээд орж ирээд л “за би холоос зорьж ирлээ шүү гээд” л хэлдэг.  Эмээ нар чинь таягаа тулаад л хүрээд ирнэ шүү дээ. Хүүхдүүд нь гэрийн гадаа гуталчинд янзлуулчих гэхэд үгүй ээ заавал их сургуулийн тэнд очиж янзлуулна , тэнд л янзлуулсаар байгаад сурчихсан гэдэг. 

Та орж ирсэн үйлчлүүлэгчдээ хэр таньдаг вэ?

-Ер нь л танина шүү. Өнөөдөр таван хүн орж ирлээ гэхэд бараг дөрвийг нь танина. Өмнө нь ямар нэг хэмжээгээр харж байсан, зүс мэддэг хүмүүс байдаг. Заримдаа гудамжаар явж байхад хүмүүс сайн байна уу гээд мэндэлдэг. Би яг сайн санахгүй ч ямар ч байсан гутлаа л янзлуулсан хүн байна даа гэж бодоод явдаг. 

Би гудамжаар явж байхдаа, эсвэл цонхоор харж зогсохдоо өөрийн мэдэлгүй хүмүүсийн гутал руу хардаг болчихсон байна лээ. Бүр сурчихсан.  Өө энэ хүний гутал ийм болчихжээ, ингэж янзлахаар болжээ гэх зэргээр байнга л гутал хардаг болчихсон. Мэргэжлийн онцлог л юм байлгүй дээ. Зарим үсчингүүд хүний үс хараад яваад байдаг шиг  би хүний гутал хараад л яваад байдаг. 

-Коронавирус үйл ажиллагаанд нь хэр нөлөөлсөн бэ? 

-Өвчин гараагүй байхад ер нь хүмүүс гайгүй орж ирдэг байсан. 1 сараас хойш оюутнууд амарчихсан, энэ хавийн байгууллагууд ихэнх нь амарчихсан байсан. Тэгээд ер нь хүн багатай болсон. Одоо хичээл сургууль орох гээд арай л гайгүй  хөл хөдөлгөөнтэй болж байна. Манай энд орон сууц цөөхөн. Тийм болохоор ихэнх үйлчлүүлэгчид холоос зорьж ирдэг. Орж ирсэн хүн болгон залуу байхдаа, оюутан байхдаа гутлаа энд л янзлуулдаг байлаа гээд л ярьдаг. Төрийн ордны хүмүүс ч гэсэн их орж ирдэг. Жолооч нар нь даргынхаа гутлыг барьчихсан орж ирэх үе зөндөө бий. 

-Хэнээс гутал засаж сурч байв? 

-Ахаасаа сурсан. Манай ах бараг насаараа гутал зассан болохоор ахаасаа л их зүйлийг сурсан даа. 

-Ингэхэд та аль нутгийн хүн бэ?

-Би Улаанбаатарт төрсөн. Одоо 46 настай. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 

-Өдөрт ойролцоогоор хэдэн төгрөгний орлого олдог вэ?

Ер нь гайгүй шүү. Коронавирусээс өмнө бол орлого маань өөрийнхөө хэрэглээнд хангалттай хүрчихдэг байсан. Сүүлд л өвчнөөс болж хэсэг орлого буурсан. Тэрнээс ер нь бол хангалттай хүрчихдэг.

-Оюутнуудтай их ойр байдаг байх даа? 

-Зарим хүмүүс гутлаа янзлуулчихаад төлбөрөө асуудаг. Тэгээд хэлэхээр мөнгө нь хүрэхгүй сайн хэлж чаддаггүй. Настай хүмүүс бол хэлчихдэг юм билээ. Өө эмээд нь тэдэн төгрөг л байна гээд. Харин зарим залуу оюутнууд хэлж чаддаггүй. Түрийвчээ шавхаад байдаг. Тэгээд би тэрийг нь харчихдаг юм. Тэгээд шавхаж шавхаж  мөнгөө өгөхөөр нь би эргээд 1000 юм уу 2000 төгрөг  буцаагаад өгчихдөг. Миний дүү автобусандаа суугаарай гээд. Тэд нар баярлалаа гээд л их баярлаад гардаг. Энэ нь надад ч сайхан байдаг.  

-Зарим оюутнууд орж ирээд асуудаг. Ахаа энийг ингээд янзлуулвал хэд вэ гээд. Тэгэхээр нь тэдэн төгрөг гэж хэлэхээр аан гээд л дугай болчихдог. Тэгэхээр нь яасан ахын дүү гээд асууна. Тэгэхээр байгаа нь л 6000 төгрөг байна гэнэ. Өө ах нь янзлаад өгчихье гээд л янзлаад өгдөг.  Тэгээд янзалж дуусчихаад нөгөө оюутнаасаа асууна шүү дээ. Ахын дүүд унааны мөнгө нь үлдсэн үү, ахаасаа авах уу гээд л. Оюутан хүүхдийг бас унааны мөнгөгүй болтол нь хоослох хэцүү шүү дээ. 

-Харин зарим оюутнууд орж ирээд үнэнээ хэлчихдэг юм билээ.  Миний гутал ийм болчихлоо яах уу, надад байгаа нь л тэдэн төгрөг байна. Би дараа ирэхдээ үлдсэнийг нь таньд авчраад өгье гэдэг. Тэгэхээр нь би дараа ирэхдээ мөнгө авчирч өгөөд хэрэггүй ээ, зүгээр л дараа ирж гутлаа янзлуулаарай гэдэг. Дараа авна гэж хэлдэггүй. Тэгэхгүй бол зарим хүмүүс дараа мөнгө өгөх ёстой гэдэг бодлоор дахиж ирдэггүй, алга болчихдог юм. Тийм болохоор би ч бас үйлчлүүлэгчдээ дахин авчрахын тулд дараа мөнгөө авчирч өгөөрэй гэж хэлдэггүй. 

Та өөрөө үйлчлүүлэгчдээ дахин дахин ирэх шалтгааныг нь  их сайн гаргаж өгдөг байх нь. 

-Тэгэлгүй яахав. Сайн чанартай янзлаад өгөх сайхан.Заримдаа алдаа гаргадаг үе бий. Олон үйлчлүүлэгч ороод ирвэл яараад гутлынхаа засварыг хольж солиод засах тохиолдол гарна. Тэгээд алдаа гаргаснаа анзааралгүй явуулчхаар нөгөө хүн маань 2 эсвэл 3 хоноод эргээд ирдэг. Тэгээд би өө уучлаарай, би алдаа гаргачихжээ, би одоо чанартай, үнэгүй засаад өгье гэдэг. 

-Хүмүүс хэр бухимдаж ирдэг вэ?

-Ер нь л тэгэж ирэх хүн ховор. Гэхдээ хааяа ирдэг. Зассан зүйл чинь ийм болчихлоо гээд уурлана. Тийм хүмүүсийг аль болохоор тайвнаар хүлээн авч, тайвшруулж хэлж ойлгуулаад дахин засч өгдөг. 

-Дээр үеийн оюутнууд их ирдэг юм шиг байна. 

-Зарим хүмүүс энэ хавиар явахдаа автобуснаас бууж ирдэг. Орж ирээд “энэ газар байгаад л байгаа юмуу, за энэ их удаж байнаа тэ, ямар өөрчдлөгддөггүй газар вэ, оюутан байхдаа орж ирдэг байлаа” гэж ярьдаг хүмүүс олон. Зарим нь бүүр холоос ганцхан, жижигхэн зүйл оюулах гээд хүртэл хүрээд ирдэг. 

энэ байршил миний мэдэхээр яг 70 жил болж байна. Энд хуучин гэр хороолол байсан. Энд тоглож өссөн хүүхдүүд чинь  хааяа над дээр орж ирдэг. Бүр 70, 80 хүрчихсэн хүмүүс хүртэл орж ирээд хараад л байдаг. Тэгэхээр нь та яасан энд байсан юм уу гэхээр “тиймээ би энд багадаа байлаа, ээж аавын гутлыг янзлуулах гээд л наашаа гүйдэг байсан гэдэг. Энэ ёстой удаж байна шүү. Ах нь харчихаад л явдаг юм уу гээд орж ирлээ” гэдэг.

-Та ямар үед орлого сайтай байдаг вэ?

-Ер нь орлого гайгүй шүү. Харин орлого  тааруухан үе гэвэл 6 сараас 8 сарын 10-д хүртэл тааруухан байдаг. Оюутнууд амарчихдаг, албан газруудын ээлжийн амралт гээд хүмүүс хөдөө орон нутаг руу ихээр яваад өгдөг. Зуны амралт л жаахан тааруухан байдаг.  Бусад үед ер нь гайгүй шүү. 

-Гутал засварын материалаа хаанаас авдаг вэ? 

-Миний таньдаг нэг ах байдаг юм. Хойноос бакал зэргийг олон жил авчирсан хүн бий.Тэр хүнээс ихэнхдээ авдаг. Хааяа урт цагаан дээрээс очиж авна. 

-Бусад гутал засварын хүмүүстэйгээ хэр ойр дотно байдаг вэ?

-Хуучин бол бараг бүгдийг нь таньдаг, мэддэг байсан. Сүүлийн үед зарим нь хийхээ больсон, хаалгаа барьсан гээд одоо таньдаг хүн их цөөхөн болсон. 

Таны ажлын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Би ганц жил өөр ажил хийж үзсэн юм. Нэг компанид жолооч хийж байсан. Өөрөө олон жил ганцаараа өөрийгөө мэдээд ажилласан болохоор гэнэт хүний дор ажиллах их хэцүү санагдсан. Дээрээс нь цалин нь тогтмол болохоор сар болгон цалингаа хүлээнэ. Тэгээд болиод буцаад өөрийнхөө ажлыг хийсэн. Энэ ажил надад их амар байдаг. Бүр багаасаа хийж сурсан, гаршчихсан. Загнах хүн байхгүй. Цагийн хуваарийн хувьд ч гэсэн чөлөөтэй. Тэр нь надад их амар байдаг. 

-Ажлаа хийж байх үед нь санаанаас ер гардаггүй үйл явдал тохиолдож байв уу? тэр дурсамжаасаа хуваалцаач? 

-10 жилийн өмнө болж байсан нэг явдал ерөөсөө санаанаас гардаггүй юм. Тэр үед нэгэн зэрэг нэлээн олон хүн ороод ирчихсэн байсан. Бараг 7,8 хүн гутлаа хүлээгээд оочирлоод сууж байсан. Тэр үед нэг эгч 5,6 гутал авчирчихсан янзлуулсан. Тэгээд бүх гутлыг нь янзлаад өгсөн. Тэгсэн тэр эгч аягүй олон хүн сууж байхад хүүеэээ ямар гоё зассан юм бэ, ямар мундаг юм бээ гээд л нөгөө засуулсан гутлаа дээшээ өргөөд л бараг цоллоод л  яриад байсан./инээв/ Тэнд байсан хүмүүс миний гутлыг яг ингэж янзална шүү гээд л бүгд л тэгэж байсан. Тэр эгч анх удаа ирсэн юм. Хүнээс дуулаад ирсэн гэсэн. Ёстой гоё болсон байна гээд байнга амандаа хэлээд л, нөхрийнхөө гутлыг авчирч засуулнаа гээд л байсан. Тэр үед надад бүр маш гоё санагдаж байсан. Би уг нь өөрийнхөө л ажлыг хийсэн тэгэхэд тэр хүн тэгэж гоё хүлээж авсан нь намайг маш их урамшуулсан. 
Тэгээд тэр эгч хэд болсон бэ гэхэд нь 6 гутал 58 мянган төгрөг болсон гэсэн. Тэгсэн надад 80 мянган төгрөг өгөөд ёстой гоё зассан, мундаг байна гоё янзалсан хүний хөдөлмөрийг үнэлж байна. Би зөндөө их баярлаж байна гэсэн. Тэгээд л та дараа ирээрэй гэхэд ирэлгүй яахав байнга ирнэ гээл явсан. Энэ үйл явдал хамгийн тод үлдсэн. 

-Бас нэг залуу хром ирж янзлуулсан. Би тэр өдөр тэр хромыг маш гоё янзлаад тослоод, лакдаад бэлдсэн. Сүүлдээ өөрөө харсан чинь нээрээ маш гоё болсон санагдаад,  ямар гоё болчихвоо гэж бодоод зургийг нь авсан. Тэр залуу ч тэр ямар гоё болоо вээ гээд л гайхсан. Үйлчлүүлэгчдээ баярлаж байхыг нь харах их сайхан байдаг юм байна. 

 Би тэгээд хааяа гоё болчихсон гуталнуудынхаа зургийг аваад гэртээ хариад  зургийг нь хараад л суучихна.  Сэтгэл баясаад сайхан байдаг шүү. Энэ л ажлаасаа аз жаргал мэдрэх гэдэг нь байх. 

-Тэр эгч тэгээд дахиж ирсэн үү?

-Өө ирэлгүй яахав. Байнга ирдэг. Заримдаа ирэхдээ надад тамхи, кофе, чихэр авчирч өгнө. Би нээх чихэр иддэггүй болохоор чихэрнүүдээ орж ирсэн оюутнууддаа өгчихдөг. Ах нь чихэр иддэггүй юмаа гээд л тараагаад өгчихдөг. 

-Цаашид та юуг төлөвлөж байна вэ? Эндээ ажилласаар л байх уу эсвэл өөр төлөвлөсөн зүйл байна уу? 

-Би цаашид хөдөлж чадах хүртлээ л эндээ ажиллана гэж боддог.

-Манай ах одоо 70 хүрчихсэн хааяа ирж ажиллаад байгаа юм чинь би бас тэр болтол ажиллаж чадах байх л гэж бодоод байгаа. Өвчин тусахгүй, эрүүл байвал ажилласаар л байх болно. Угаасаа хаяж чадахгүй. Заримдаа ийш тийшээ олон хоног, сараар явна. Тэгэхээр цавууны үнэрээ санаад байгаа юм чинь. Тэгээд ажил дээрээ ирээд цавууны үнэр авахаар гоё санагдаад л байдаг. Байнга цавуутай зууралдсаар байгаад сурчихсан.

Ажлаа хийх явцад учирдаг хүндрэлтэй зүйл нь юу вэ? Хэцүү зантай үйлчлүүлэгчидтэй хэр учирч байв? 

-Зарим хүмүүс анх удаа гутал засварт орж ирдэг юм шиг байгаа юм. Хараад янзлуулах дуртай байдаг. Тэгээд зарим нь надад зааж өгөөд, ингээд хийчих, тэгээд хийчих гэдэг. Тэгэж хэлэхээр нь гутлыг нь муу засчих гээд байдаг. Би өөрийнхөөрөө хийх гэхээр нөгөө хүн үгүй ээ ингээд засчих аа гэнэ. Тэгээд чинийхээр хийхээр муухай болчихно шдээ гэхээр хамаагүй ээ минийхээр хийчих гээд байдаг. Тийм хүмүүс хааяа тохиолддог. Тэгээд би уг нь чадахаараа ойлгуулаад хэлдэг. Зарим нь ойлгоод заза гээд суучихдаг, харин зарим нь өөрийнхөө зүтгэхээр хэцүү санагддаг. 

Цар тахлаас үүдэж Боловсролын зээлийн сангийн санхүүжилт 33 тэрбум болж буурчээ
Цар тахлаас үүдэж Боловсролын зээлийн сангийн санхүүжилт 33 тэрбум болж буурчээ
 
АГААРЫН ЧАНАР: Нийслэлийн 19 байршилд хэмжилт хийхэд 8 байршилд агаарын чанар сайн буюу ЦЭВЭР, 2 байршилд БОХИРДОЛТОЙ байна
АГААРЫН ЧАНАР: Нийслэлийн 19 байршилд хэмжилт хийхэд 8 байршилд агаарын чанар сайн буюу ЦЭВЭР, 2 байршилд БОХИРДОЛТОЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.