Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.25) хуралдаан гишүүдийн 58.8 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр Боловсролын зээлийн сангийн төсвийн талаар, хорио цээрийн дэглэмийн үеийн хичээл сургуулийн хуваарь, сургалтын хөтөлбөрийн өөрчлөлттэй холбоотойгоор эцэг, эхчүүдэд тулгарах хүндрэл, ачааллыг тооцсон эсэх, тэдгээрийг шийдвэрлэх гарц, шийдлийн талаар С.Чинзориг гишүүн асууж, хариулт авлаа.
Боловсролын зээлийн сангийн санхүүжилт 2020 оны төсөвт 76 тэрбум төгрөгөөр батлагдсан ч хэрэгжилтийн явцад цар тахал гарсан. Үүнээс үүдэн 33 тэрбум төгрөг болж буурсан, одоогийн байдлаар 10 орчим тэрбум төгрөгийн зарцуулалттай байгаа гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр мэдээлэв.
Өнгөрсөн хичээлийн жилд нийт 156 мянган оюутны 13 мянга нь Боловсролын зээлийн сангаас зээл авах хүсэлт ирүүлсэн гэв. Эдгээрийг шүүж үзээд голч оноо тэргүүтэй бусад шалгуур үзүүлэлтийг хангаж буй хүсэлтүүдийг шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа хэдий ч төсвийн тодотголын төсөлд тус сангийн санхүүжилт буурсан гэдгийг хэллээ.
Нөгөө талаар, хувийн их, дээд сургуулиуд энэ сангаас зээл авахын тулд оюутнуудынхаа дүнг зохиомлоор өсгөх, танил талын хүрээллээр асуудлаа шийдэх гэсэн сөрөг оролдлогууд гаргаж байгааг мөн дуулгасан. Салбарын яам боловсролын чанар дээр суурилах бодлого баримталж байгаа, цаашид тус санг Хөгжлийн сан болгох нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв.
Хичээл, сургуулийг эхлүүлэхтэй холбоотой шийдвэрийг УОК гаргасны хүрээнд салбарын яам холбогдох бэлтгэлийг ханган ажиллаж байгаа юм байна. Төв суурин газрууд, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн горимын дагуу 3 өдөр танхимаар, 2 өдөр цахимаар хичээллэнэ. Тухайлбал, хүн хоорондын зай 1.5-2 метр байх гэх шаардлагын хүрээнд нэг ангид 15-25 хүүхэдтэй хичээллэх зохицуулалт хийгдсэн. Энэхүү өөрчлөлтөөс үүдэн төвийн сургуулиуд нэлээд ачаалалтай байх бөгөөд энэ дэглэм түр хугацаанд үргэлжилнэ хэмээн салбарын яамнаас үзэж, бэлтгэл хангаад байгаа гэв. Сум, орон нутаг, багийн сургуулиуд 5 өдөр танхимын сургалт явуулна. Өнгөрсөн хичээлийн жилийн хоёр улирлын сургалт цахимаар явсан бөгөөд үүнээс үүдэн хоцрогдол үүссэн гэж холбогдох байгууллагууд үзээд 2020-2021 оны хичээлийн жилийн эхний улиралд тэдгээрийг танхимаар бататгах, давтах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэв.
Корона вируст цар тахлын халдвар бүртгэгдсэн улс орнуудаас 56 улс нь танхимын сургалтаа эхлүүлээд байгааг Г.Ганбаяр дэд сайд энэ үеэр дурдсан. Манай улс хосломол байдлаар үргэлжлүүлэхээр шийдвэрлээд байгаа гэлээ. Түүнчлэн хичээл орох хуваарийн өөрчлөлтөөс үүдэн эцэг, эхчүүдэд хүндрэл үүсэх тул Засгийн газрын түвшинд тэдгээрт цахимаар ажиллах боломжийг олгох, “Цалинтай ээж” хөтөлбөрийг “Цалинтай эцэг, эх” болгон өөрчилж, аль өндөр орлоготой нь ажил хөдөлмөрөө эрхлэх сонголтыг гэр бүлийн хүрээнд сонгох бололцоог бүрдүүлэх зэрэг саналыг гаргаад байгаа гэлээ.
Мөн их, дээд төдийгүй ерөнхий боловсролын хувийн сургуулиудын сургалтын төлбөрийн нөхцөл байдлыг талаар салбарын яамнаас ямар зохицуулалт хийж байгааг С.Чинзориг гишүүн лавлалаа. Улсын их, дээд сургуулийн төлбөр нэмэгдээгүй. Харин хувийн их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудад сургалтын төлбөрөө улирал, сараар авах зохицуулалт хийх чиглэлийг салбарын сайдаас өгөөд байгаа аж. Бизнесийн харилцаа, өрсөлдөөн байдаг тул төрөөс хатуу зохицуулалт хийх аргагүй учраас эцэг, эхчүүд сургуультай хийж буй гэрээндээ нарийвчилсан зохицуулалтыг тусгах байдлаар шийдвэрлэх гарц бий гэдгийг БШУ-ны Дэд сайд Г.Ганбаяр хэллээ.