Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Айлын том хүүхдүүд ЦАГИЙН ЯДУУРАЛД өртөж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 43 секунд

Айлын том хүүхдүүд эцэг, эхийн эзгүйд дүү нараа саатуулах, хооллох, тоглуулах, өмнөөс нь буруутан болж загнуулж зодуулах, томчуудын гарын үзүүрт зарагдах зэргээр хүүхэд насаа золиосолж байна. "Би ингэж өссөн, миний ах эгч ингэж өсөөд буруутаагүй. Өөр яах юм" гэх мэтээр энэ байдлыг зөвтгөнө. Харин яавал том хүүхдэд хүүхэд насны жаргалыг нь мэдрүүлж байх, яаж тэдний сэтгэл санааг гэмтээхгүй өсгөх талаар асуудал дэвшүүлж байгаа нийгмийн хэсэг цөөн байна.

Тухайлбал, "Монголд 12-оос дээш насны охид асрахуй, гэрийн ажилд дайчлагддаг. Энэ нь тэднийг цагийн ядууралд оруулж байгаа талаар "Монфемнет" үндэсний сүлжээний гүйцэтгэх захирал Д.Энхжаргал ярьжээ.

-Охидууд 3-5 насандаа гэрийн ажил хийж эхэлдэг -

Тэрбээр гуравдугаар сарын 5-нд "Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх-2024" үндэсний чуулганд оролцох үеэр "Биднийг бага байхад айлын том хүүхдүүд дүү нараа өсгөдөг байсан. Яг үүн шиг. Өнөө үед цаг хугацаа гэдэг хүний үнэт капитал болчихсон. Гэвч бага насны охид асрахуйн хөдөлмөрт дайчлагдаад ирэхээр цагийн ядууралд орж байна. Энэ нь боловсролыг тэгш хүртэх боломжийг нь хаах гэх мэтчилэн урт хугацааны сөрөг нөлөөг авчрах үр дагавартай" гэдгийг онцолсон нь анхаарал татав.

Товчхондоо асрахуйн эдийн засагт гэр бүл, ахуйн хүрээнд өдөр тутам хийгддэг, үнэлэгддэггүй, цалин хөлсгүй асран халамжлах хөдөлмөр багтдаг аж. Тиймдээ ч гэр бүл доторх хүүхдийн хөдөлмөр эрхлэлт хөндөх ёстой асуудлын нэг болжээ. Ингээд тайлан судалгаанаас дурдъя. 2022 онд Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаанд оролцсон нийт 1217 хүүхдийн 79.2 хувь нь 6-8 насандаа гэрийн ажил, хийж эхэлдэг бол 16.8 хувь нь 12 болон түүнээс дээш насандаа, 4 орчим хувь нь 3-5 насандаа гэрийн ажил хийж эхэлсэн гэжээ.

Ингэхдээ гэрийн ажилд хоногт 7-8 цаг зарцуулдаг хүүхдийн 90 хувь нь, гэрийн ажилд 9 цаг зарцуулдаг хүүхдийн 80 хувь нь голчлон ЕБС-д сурдаг 15-17 насны эмэгтэй хүүхэд байна.

"Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа"-г хийсэн судлаач Б.Нямжав "Айлын том охидын хувьд эцэг, эхийн үүргийг гүйцэтгэж байна. Дүү нараа хардаг, гэр орны ажлаа хийдэг. Эцэг эх нь завгүй ажилдаа явчихдаг. Өглөө хичээлдээ явж ирээд л эцэг эцэг эхээ иртэл орой 23:00- 24:00 цаг хүрээд орондоо орох хүртэл гэрийн ажил хийж байна. Судалгаагаар ярилцлагад орсон охидын 90 орчим хувь нь өрх гэрийн ажилд маш их цаг зарцуулдаг болохыг хэлсэн" гэв.

Өөр нэг судалгаагаар айлын том хүүхдүүд өөрт нь маш их дарамт, үүрэг ирж байна гэсэн мэдрэмж авдаг тул стресстсэнээсээ болоод дүүгээ буруутан болгож харах нь олон. Түүнээс гадна ах, эгч нар дүүтэйгээ үлдэх үедээ бүх эрх мэдлийг гартаа авахыг хичээдэг ч дүү нар нь үл тоомсорлох хандлага гаргадаг. Энэ нь тэдний хооронд маргаан үүсгэж, бүр хоорондоо зодолдож ч магадгүй байдалд хүргэх нь олонтаа.

- Ахыг ах шиг нь байлгамаар байгаа бол тэдэнд эрх мэдлийг нь өг -

Сэтгэл зүйч Р.Бадамцэцэг "Ажлаасаа ирээд том хүүхэд нь гэрээ цэвэрлээгүй бол загнах нь буруу. Том хүүхдийн гэр бүлд байх үүрэг оролцоо байлгүй яах вэ. Гэхдээ 100 хувь таны үүргийг орлохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайн хүүхдэд ч гэсэн өөрийн гэсэн хөгжил насны онцлог гэж бий. Магадгүй тэр хүүхэд сэтгэлзүйн дарамтад орохыг үгүйсгэхгүй. Монголын зүйр цэцэн үгэнд "Ахыг алд хүндэл дүүг дэлэм хүндэл" гэдэг үг байдаг. Гэтэл өнөөдрийн 21 дүгээр зуунд дээрх үг урвуу хамааралтай болчихсон. Гэр бүлийн харилцааг хэвийн байлгахын тулд ах, эгч, дүүгийн хүндлэлийг бий болгож тэднийг өөр өөрсдийнх нь байр сууринд л байлгах нь эцэг эхийн ухамсрын асуудал.

Дүүгийн эрх мэдэл, ах, эгчийн хүндлэл дор байх ёстой. Тэгэхгүйгээр дүүд нь эрх мэдлийг өгч ахынх нь эрх мэдлийг өөрсдөө хязгаарлачихаад чи эгч /ах шиг байсангүй гэж загнадаг.

Хэрэв ахыг ах шиг байлгах гээд байгаа бол эрх мэдлийг нь өг. Эрх мэдлийг нь өгөлгүй, өөрийнх нь үгийг хэн ч биш болгосон учраас дүү нь ах, эгчийнхээ үгэнд орохгүй. Ингээд айлын том хүүхэд сэтгэл гутралд орж өөрийгөө голон энэ гэр бүлд хэн ч биш юм байна гэж бодно. Том болоод би, би гэсэн бусдын шийдвэрийг үл хүндэтгэдэг хүн болно. Нэг бол өөрийгөө бүх дүрд байх ёстой гэж бодон хүндлэлийг нэхдэг хүн болно. Бага хүүхэд ах/эгчийн хүндлэлээс хамгийн эхлээд өөрөөсөө ахмад хүнийг хүндлэх эрх мэдлийг хүндлэх төлөвшил суудаг. Эрх мэдлийг хүндэлнэ гэдэг нь ирээдүйд дүрэм журамд захирагдах эрх тэгш байх хуулийг хүндэлж үздэг хүн болж төлөвшинө гэсэн үг.

Өнөөдрийн цаг үед хүүхдийнхээ онцлогт нь тулгуурлаж харилцахгүй бол таны байсан нийгэм, өнөөдрийн нийгэм хоёр эрс өөр. Хоёр зууны хоорондын ялгаа ба цаг үеийн өөрчлөлт их бий.

Тийм учраас ойлголтын зөрүү үүсдэг. Хүүхэд “Гэр бүлийнхэн намайг ойлгодоггүй”, аав, ээж нь “Хүүхэд маань миний хүссэнээр байсангүй” гээд л зөрчил гардаг. 20 зууны хүмүүс л 21 зууны хүүхдийг хүмүүжүүлэх гээд байгаад л гол асуудлууд байна. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ зайлшгүй хэрэглэх ёстой арга гэвэл AA буюу алдааг нь биш, амжилтыг нь, ЗЗ буюу загнахгүй, залхаахгүй байх гэсэн аргууд байна" гэв.

- Сайдын тушаал цаасан дээрээ мөнхрөв -

ХҮЭК-ын судлаачид "5-11 насныхан ч өдөрт 9 болон түүнээс илүү цагийг гэрийн ажилд зарцуулах нь хөдөлмөрийн тэвшичгүй хэлбэр гэж дүгнэжээ. Уг нь НҮБ-ын хүүхдийн сан, олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран хүүхдийн гэрийн ажилд оролцох цагийн хязгаарыг 2020 онд тодорхойлсон. Ингэхдээ хүүхдийн насыг 5-11, 12-14, 15-17 гэж ангилаад бага, дунд насны хүүхдүүд гэрийн ажилд өдөрт 3 цаг өсвөр насны хүүхдүүдийн хувьд цагийн хязгаар тавиагүй.

Хүүхдэд ажлын дадал, бие даах чадвар олгох зорилгоор гэрийн ажилд оролцуулж болно. Гэхдээ энэ нь хүүхдийн сурч боловсрох хөгжих боломжийг хязгаарлах ёсгүй гэдгийг эцэг, эхчүүд ойлгоосой.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 123 дугаар тушаалын хавсралтаар 13 настай хүүхэд хичээлтэй үедээ гэрийн ажилд өдөрт 1, долоо хоногт 5 цаг зарцуулж болно гэж заасан нь эрхзүйн хувьд ахиц дэвшил гэж албаныхан үзэж байгаа ч бодит байдал дээр ямар байгааг дээрх судалгаанаас харж болохоор байна.

ЗӨВЛӨМЖ: Шар усны үерээс сэргийлж гэр, хашаа, саравчаа үерийн усны зам, гуу жалганд бүү бариарай
ЗӨВЛӨМЖ: Шар усны үерээс сэргийлж гэр, хашаа, саравчаа үерийн усны зам, гуу жалганд бүү бариарай
 
Маргааш Улаанбаатарт үүлэрхэг. Хур тунадас орохгүй
Маргааш Улаанбаатарт үүлэрхэг. Хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.