Хаврын улирал ирж байгаатай холбогдуулан ихэнх нутгаар цаг агаар дулаарч, гол мөрөн, нуур, жалганд хуримтлагдсан цас хайлж байна. Иймд ЦУОШГ-аас шар усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулсан юм.
Тодруулбал, "Энэ сарын 12, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн өмнөд хагаст дулаарч, цас эрчимтэй хайлж болзошгүй учир шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байна уу" гэлээ.
Мөн шар усны үер нь Монгол Алтайн нурууны голуудад жил бүрийн дөрөвдүгээр сарын дундуур, харин ус хурах талбай нь нэлээд өндөрт орших голуудад арай хожуу буюу дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын дундуур эхэлдэг юм. Шар усны үер болсноор бохир ус агаарт тодорхой хэмжээгээр уурших эсхүл хөрсөнд шингэснээр орчны бохирдлыг бий болгодог. Мөн орчны бохирдол нь шууд бус замаар хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлтэй байдаг байна.
Тэгвэл шар усны үерийн аюулаас хэрхэн сэргийлэх вэ,
- Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
- Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах
- Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
- Үерийн аюултай бүс нутгаас нүүх
- Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
- Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
- Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
- Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
- Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
- Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
- Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх
Г.Хонгорзул