Ubn.mn сайтын бэлтгэн хүргэдэг FACELOOK булан өнөөдрөөс эхлэн видео контенттой болж байна. Тэгвэл энэ удаагийн дугаарын онцлох зочноор "Фантастик" продакшны жүжигчин Э.Алдарыг урьж оролцууллаа. Тэрбээр яг одоо үзэгчдийн хүртээл болоод буй Зура III "Цэвэрлэгээ" киноны эх оронч залуугийн дүр болох Бямбаа /Бэмби/-ийн дүрийг чадварлагаар бүтээсэн юм.
Жүжигчин Э.Алдар нь 1985 оны арваннэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр бага насандаа аав, ээж гэр бүлийн хамт Украйнд суралцаж байсан бөгөөд дунд ангидаа Нийслэл Улаанбаатар хотод ирж суурьшжээ.
Тэрбээр 2007 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн байдаг. Гэхдээ тэрбээр 2006 онд III курсийн оюутан байхдаа хамгийн анх "Хайрыг хайрла" УСК-ны Тулгын дүрийг бүтээж байжээ.
Тэрбээр хүүхэд байхдаа жүжигчин мэргэжлээр суралцах тухай огт боддоггүй байсан гэх ба харин олон улсын харилцаа мэргэжлээр гадаад оронд суралцаж, гадаадад амьдрах шийдвэр гаргаж байсан. Гэвч 9-р ангийнхаа урлагийн үзлэгээр маш сонирхолтой үйл явдал түүнд тохиолдсон тул жүжигчин мэргэжлийг сонгох боломж бий гэдгээ ойлгож байсан гэдэг.
Жүжигчин Э.Алдар хошин урлагийн "Өнгөт инээд", "Х-түц", "Захиалгат инээд" зэрэг хамтлагуудад арын бүжигчнээр ажиллаж байсан төдийгүй "Boomtown" хамтлагийн гишүүн байсан. "Boomtown" хамтлагт Г.Ган-Очир, Б.Тамир, Н.Баярбат, С.Тэмүүжин нар багтдаг бөгөөд 2006 онд бүтээсэн "Охин чамтай" дуу нь хит болж, тухайн үеийн охидын шүтээн болж байжээ.
Жүжигчин Э.Алдар 2007-2016 оныг хүртэл "Маск" продакшнд ажилласан бөгөөд энэ хугацаанд маш олон содон, сонирхолтой дүрийг бүтээж Монголчуудын хайр хүндлэлийг хүлээсэн юм. /Маск продакшн-д харъяалалтай ч хэдийнээ найзуудтайгаа нийлж, Фантастик продакшныг байгуулаад уран бүтээлдээ анхаарч байжээ/
Тэрбээр цэргийн алба хааж байгаагүй хэдий ч мэргэжлийнхээ ачаар олон олон баатрын дүрийг бүтээсэн байдаг. Тэр дундаа "Маш нууц-2", "Байтаг богд" кинонд түүхэн дүр бүтээсэн нь түүний сэтгэлд тодоос тод үлдсэн гэдэг.
Жүжигчин Э.Алдарыг хамгийн их эвдэж, маш өөрөөр харуулсан дүр бол 2019 онд үзэгчдийг байлдан дагуулж байсан "37-р Точка" киноны Шизогийн дүр юм. Тиймдээ ч тэрбээр Шизогийн дүрдээ хамгийн их хайртай гэдэг.
Түүний бас нэгэн хайр татсан дүр бол гол дүрийн 2 жүжигчнээс бүтсэн "Алдар+Жерри" цуврал юм. Тэрбээр энэхүү дүрээрээ олон хосуудад гэр бүлийн нандин харилцаа бас хосуудын хамгийн их анхаарах ёстой асуудлыг хөндөж, гаргаж байдаг.
Жүжигчин Э.Алдар зөвхөн дуулж, бүжиглэх бас жүжиглэх авьяастай нэгэн биш. Тэрбээр чадварлаг хөтлөгч, хүүхдийн сэтгэлзүйч, ярилцагч гэдгээ батлан харуулсан. Өөрөөр хэлбэл, C1 телевизийн бэлтгэн хүргэж байсан "Гайхамшигт жижигхэн хүмүүс" шоу нэвтрүүлгийн хөтлөгч юм. Тэрбээр энэхүү нэвтрүүлгээрээ Монголын бяцхан багачуудын нууцлаг авьяас, хүүхдүүдийн ертөнцийг үзэх үзэл зэргийг ярилцлагын аргаар чадварлагаар гаргаж байсан юм.
Жүжигчин Э.Алдарын хоёр дахь гэр бол Фантастик продакшн. Тэрбээр 2008 оноос эхлэн өнөөдрийг хүртэл "Fantastic production"-д жүжигчин, найруулагч, зохиолчоор ажиллаж байгаа юм.
Жүжигчин Э.Алдар айл гэрийн ноён нуруу, хоёр хөөрхөн охины аав. Түүний гэргийг Б.Хулан гэдэг бөгөөд түүний том охиныг А.Есүнгоо гэдэг. Тэрбээр том охиныхоо нэрийг өөрөө өгсөн гэх бөгөөд 9-ийн тоог бэлгэдсэн гэдэг. Харин бага охиныг нь А.Одлуна гэдэг бөгөөд ээж нь нэрийг нь өгчээ.
Жүжигчин Э.Алдар 2019 онд "37-р Точка" киноны Шизогийн дүрийг бүтээснээс хойш 6 жилийн дараа дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээжээ. Энэхүү дүр бол яг одоо бүх кино театрын дэлгэцнээ гарч буй Зура III "Цэвэрлэгээ" УСК-ны Бямбаа буюу Бэмбигийн дүр юм. Түүний бүтээсэн дүр нь эх оронч залуусын нэг бөгөөд бусад сонирхолтой үйл явдлыг зангилааг уншигч танд үлдээх нь зүйн хэрэг.
Видео контентыг тун удахгүй UBN.MN пэйж хуудсаар хүлээн авч үзээрэй.