Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭН ЮУ ХЭЛЭВ: Метроны асуудлаар Х.Баттулга, Н.Энхбаяр, М.Энхсайхан нар юу хэлэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 27 секунд

Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарлагдсан нь өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Олон жил дуншсан метро байгуулах ажил ийнхүү нэг алхам урагшилж, хүлээлт үүсгэсэн эхлэл тавигдав. Метро байгуулах ажил амар биш. Асуудал, бэрхшээл ихтэй ч ач холбогдол өндөртэй чухал ажил. Эл ажлын эхлэл тавигдаж, тендер зарлагдсантай холбоотойгоор Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарын байр суурийг хүргэж байна.

Х.Баттулга: Метро эхлүүлж байгаад баярлалаа. Метро барих цаг нь ирсэн. Одоо эхлүүлээд баригдаасай гэж хүсэж байна

-Түгжрэлийн шийдэл бол метро. Өөр шийдэл байхгүй. Богд уулыг тойрсон 110 км автозамын транс байгаа. Энэ трансын дагуу метрогоо барих хэрэгтэй. Дэд бүтэц талдаа бол хурдны замууд баригдана. Улаанбаатар хот хамгийн бохир гээд ярьдаг. Богд уулыг тойрсон 110 км автозамын транс дээр дэд бүтцээ хийгээд, дагуул хотуудаа байгуулчихвал Богд уул дэлхий дээрх хамгийн том ногоон байгууламж буюу цэцэрлэг болчихно. Метро эхлүүлж байгаад баярлалаа. Метро барих цаг нь ирсэн. Одоо эхлүүлээд баригдаасай гэж хүсэж байна.

Н.Энхбаяр: Улаанбаатарын хөгжилд метро зайлшгүй хэрэгтэй. Цаг алдалгүй энийг хийж хэрэгжүүлэх ёстой

-Түгжрэлийн асуудал Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайханы асуудал биш. Монголын асуудал. Энэ хоёроос болоод түгжрэл гараад ирчихсэн юм биш. Хүн амын өсөлт энэ асуудлыг гаргаж ирсэн. 2000 онд намайг Ерөнхий сайдаар томилогдох үед ДНБ 1,2 их наяд төгрөг байсан. Харин өнөөдөр 70 их наяд төгрөг болж 60 гаруй дахин өссөн байна. Одоо Улаанбаатар хотод метро барих бүрэн бололцоо байна. Улаанбаатарын хөгжилд метро зайлшгүй хэрэгтэй. Цаг алдалгүй энийг хийж хэрэгжүүлэх ёстой. Хотын зүүн, баруун замыг холбосон метро гарцаагүй хийх ёстой ажил. Би нэг түүх ярья. БНСУ-ын хөгжлийг түргэсгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Пак Чин Хэ гэдэг Ерөнхийлөгч байдаг. Тэр хүн Бусан, Сөүлийн хооронд хурдны галт тэрэг явуулдаг болох ажлыг эхлүүлсэн. Анх энэ талаар ярьж эхлэхэд нь солонгосчууд хэдхэн машин явдаг, ямар ч хэрэггүй гээд маш их шүүмжилсэн байгаа юм. Мөнгө байхгүй, зорчих хүн ч байхгүй гэж. Гэтэл одоо Бусан Сөүлийн галт тэрэг зорчигчдоо багтаахгүй хэмжээнд оччихсон. Тэр замыг тавьснаар БНСУ хөгжсөн гэж ярьдаг юм байна лээ. Тэгэхээр метро гэдэг нь хотын хөгжлийн хурдасгуур болчхож байгаа юм. Тийм учраас Х.Нямбаатар дарга, Б.Дэлгэрсайхан сайд хоёр тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд зоригтой байх хэрэгтэй. Болгоомжлоод ажлыг хойшлуулна гэдэг хамгийн том алдаа. Метро бол алдаа биш. Хийхгүй байж алдаа гаргаснаас хийгээд урагшлуул гэж зөвлөмөөр байна. Намайг "Мянганы зам" төслийг эхлүүлж байхад хүмүүс итгэхгүй шүүмжилж байсан. Мянгуужингийн үлгэр гээд та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед зайлшгүй хийх ёстой ажил гээд зүтгэсэн. Тэрэнтэй адилхан зайлшгүй хийх ёстой ажил гээд зүтгэх хэрэгтэй.

М.Энхсайхан: Дэлхийд Африк тив, Азиас Монголд л метро алга. Метро гэдэг бол хөгжлийн үзүүлэлт

-Намайг Ерөнхий сайд байх үеийн эдийн засаг өнөөгийн эдийн засаг хоёрыг харьцуулшгүй. Тэр үед нэг хүнд ногдох ДНБ 400-600 доллар байсан. Нэн ядуу орны тоонд багтдаг байсан. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг нэг хүнд ногдох ДНБ 5800. Бид дунд орлогоос дээш гарчихсан түвшинд байгаа. Тэр үед том мега төсөл бодох чадал үнэндээ байгаагүй. Өнөөдөр бий болчихсон. Метро байгуулсан улс орнуудын газрын зураг харсан. Дэлхийд Африк тив, Азиас Монголд л метро алга. Метро гэдэг бол хөгжлийн үзүүлэлт. Мега төсөл учраас маш олон хүндрэлүүд байгаа. Тэрийг 100 хувь олж харж, эрсдэлийг бага байлгах гэж оролдох хэрэгтэй. Хэн нэгэн нь энэ ажлыг эхлүүлж л таарна. Тэгэхээр нэг нэгэндээ дэгээ тавихын оронд зөв мега төслүүдийг нь дэмжиж, гарч болзошгүй алдаанаас нь сэргийлж зөвлөлдөж явбал амжилтад хүрнэ.

МУГТ Э.Цэндбаатарын 10 дахь тулаан ирэх сарын эхээр Флоридад болно
МУГТ Э.Цэндбаатарын 10 дахь тулаан ирэх сарын эхээр Флоридад болно
 
Т.НЯМ-ОЧИР: ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалт судалгаанаас үзэхэд карентилах нөхцөл үүсээгүй тул сурагчдын амралт, хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт орохгүй
Т.НЯМ-ОЧИР: ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалт судалгаанаас үзэхэд карентилах нөхцөл үүсээгүй тул сурагчдын амралт, хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.