Хүүхэд бол энэ ертөнцийн хамгийн нандин, хамгийн энхрий бодгаль. Тийм ч учраас эцэг эхчүүд маань үр хүүхдээ нүдний цөцгий мэт хайрлаж, аюул осол бүрээс өмгөөлөн хамгаалдаг. Гэвч зарим тохиолдолд та бидний санамсар болгоомжгүйгээс үүдэн хүүхэд ямар нэгэн байдлаар гэмтэх тохиолдол гардаг. Тэгвэл Ubn.mn сайт энэ удаагийн ярилцлагынхаа зочноор ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын эмч, АУ-ны доктор Б.Отгонсүрэнг урьж, хүүхдийн хоол боловсруулах эрхтэн системийн гэмтлийн талаар ярилцлаа.
Хүүхдүүдийн хамгийн их залгидаг зүйл бол ТОВЧИН ЗАЙ. Хэрэв гадагшлахгүй удвал хүүхдийн ходоодыг шархлуулж, цоолох эрсдэлтэй
-Хүүхэд бол маш эмзэг. Байнгын асаргаа, анхаарал халамж шаардлагатай байдаг. Гэвч зарим тохиолдолд бага насны хүүхдүүд ямар нэг гаднын биетийг залгих, улмаар эмнэлгийн тусламж авах шаардлага гардаг шүү дээ. Тэгэхээр ихэвчлэн ямар тохиолдол бүртгэгддэг юм бол?
-Хүүхэд ямар нэг гаднын биет залгисан тохиолдолд заавал эмнэлгийн тусламж авахгүй байх боломж байдаг. Өөрөөр хэлбэл хоол боловсруулах замаар гадагшлах тохиолдол бий. Харин зарим тохиолдолд зайлшгүй эмнэлгийн тусламж авдаг бөгөөд энэ үед дурангаар болон бүр хүнд тохиолдолд мэс заслын аргаар гаднын биетийг авах тохиолдол байдаг. Үүнийг олон улсаас зөвшөөрсөн, удирдамж, зааврын дагуу хийж гүйцэтгэдэг.
Ингэхдээ тухайн хүүхэд ямар төрлийн гаднын биет залгисан байгаагаас шалтгаалан нас, биеийн онцлогоос хамаарч тохирох эмчилгээг хийдэг. Жишээлбэл,
Дэлхийд төдийгүй манай улсад ТОВЧИН болон ХУРУУ ЗАЙ залгисан тохиолдол хамгийн их байдаг. Гэтэл зай нь чийгтэй орчинд орохоор ион болж цахилгаан цэнэг үүсгэж, хүчил шүлт нь задраад улаан хоолойн хана, ходоодны нугалуурын хана, нарийн гэдэсний хананд наалддаг. Үүний улмаас хүүхдийн ходоод шархалж, цаашлаад цоорох ч эрсдэлтэй. Тийм ч учраас хүүхэд тань товчин болон хуруу зай залгисан бол яаралтай эмнэлэгт хандаж, дурангийн аргаар авхуулах шаардлагатай.
Зарим олон улсын удирдамжид 1,5 см диаметртэй товчин зайг залгисан тохиолдолд хоол боловсруулах замаар өөрөө гарах боломжтой учраас хүүхдэд наркоз хийж, амьсгалыг нь зогсоогоод, хиймэл амьсгаа хийж байгаад тохирсон дурангаар нь ажилбар хийж авах шаардлагагүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл хоол боловсруулах замаар гарах боломжтой учраас хүлээх тактиктай байдаг.
Гэхдээ манай ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмч нарын багийн туршлагаар бага насны хүүхэд 1,5 см зай залгисан тохиолдолд ходоодны нугалуураас гарч чадахгүй саатаж, улмаар ходоодыг шархлуулдаг учир авах нь зөв гэж үзэж, өөрсдийн батлуулсан удирдамжийн дагуу ажилладаг.
-Товчин зай ихэвчлэн янз бүрийн аятай, дуутай, хөдөлгөөнтэй тоглоомуудад ажиглагддаг?
-Тийм. Мөн ихэвчлэн зурагт, гэрлийн удирдлага, биеийн жин хэмжигчид байдаг. Ялангуяа биеийн жин хэмжүүрт ашигладаг зай нь 2,2 см байдаг. Ийм хэмжээтэй товч залгисан тохиолдолд улаан хоолой, ходоодонд тээглэж, цоорох аюултай.
Улаан хоолой нь өөрөө голтын эрхтэн. Гэтэл голтын эрхтэнд зүрх, гол судас, уушги зэрэг амин чухал эрхтнүүд багтдаг. Хэрэв улаан хоолойд тээглээд цоорсон тохиолдолд үрэвсэл үүсэж, амь насанд ч аюул учруулдаг. Тиймээс 2,2 см зайг яаралтай авах шаардлагатай байдаг.
2 ба түүнээс дээш тооны соронз, мөн соронз+металлыг хамтад нь залгисан бол заавал эмнэлгийн байгууллагаар авхуулах хэрэгтэй
-Товчин зайнаас гадна өөр ямар төрлийн гаднын биет залгивал хүүхдэд маш том эрсдэлтэй вэ?
-Сүүлийн үед хамгийн их анхаарал татаж байгаа зүйл бол СОРОНЗ. 1 ширхэг соронз бол асуудалгүй, хоол боловсруулах замаар дамжаад өөрөө гадагшилчихна. Харин 2 ба түүнээс дээш соронз залгисан тохиолдолд зайлшгүй эмнэлгийн тусламж үзүүлнэ.
Жишээлбэл, 2 ба түүнээс дээш соронз залгисан тохиолдолд 1 нь гүрвэлзэх явцдаа улаан хоолойн доод хэсгийн хананд наалдчихна, нөгөө нь ходоодны хананд наалдана гэж бодъё. Энэ тохиолдолд 2 соронз дундаа хана үүсгэн бие биеэ татаж, наалдах эрсдэлтэй учир тухайн наалдсан хэсгээ цоолно гэсэн үг. Тийм учраас 2 буюу түүнээс дээш соронзыг заавал авдаг.
Мөн би өнөө өглөөхөн олон улсын удирдамжид ямар шинэчлэл орсон талаар судалтал, "1 СОРОНЗ + МЕТАЛЛ" гээд заачихсан байна лээ. Үнэхээр соронз болон ямар нэг төмрийн хольцтой зүйлийг хамтад нь залгисан тохиолдолд дээрх жишээтэй адил хоорондоо наалдах тул заавал авах ёстой юм байна.
-Соронз залгисан тохиолдолд ихэвчлэн ямар аргаар авч, хүүхдийн аюулгүй байдлыг хангадаг юм бол?
-Болж өгвөл мэс заслын аргыг ашигладаггүй. Дурангийн аргаар нэг талаас нь зулгааж, амжилттай авч байсан тохиолдол цөөнгүй бий. Үнэхээр дурангийн аргаар авах боломжгүй тохиолдолд мэс заслын тасаг нээлттэй мэс засал хийж, хүүхдийн амь насыг аварч байсан тохиолдол бий.
Монгол ээжүүд маань авдраа цоожилдог байсан нь маш ухаалаг шийдвэр
-Өмнө хэлсэнчлэн эцэг, эхчүүд маань хүүхдэдээ заавал хараа хяналт тавих шаардлагатай шүү дээ. Тэгэхээр ээж, аавууд маань маш хариуцлагатай байх хэрэгтэй байна?
-Мэдээж хүүхдийг аюулгүй орчинд өсгөх хэрэгтэй. Ямар нэг аюултай зүйл байвал хүүхдийн гар хүрэхгүй газар тавих нь зөв. Хурц үзүүртэй зүйл болон хүүхдийн залгиж болох юу л байна бүгдийг нь цоожтой саванд хийж нуух шаардлагатай.
Хүүхэд бол маш их хөдөлгөөнтэй. Хаана ч юу ч нуусан олоод, тагийг нь нээгээд, залгиж хордоод, золгүй байдлаар амь насаа алдсан тохиолдол цөөнгүй бий. Мөн эрүүл мэндээрээ хохирсон тохиолдлууд ч байдаг. Тиймээс дээр үед манай Монголчууд, ялангуяа ээжүүд маань авдраа цоожтой байлгадаг байсан нь маш ухаалаг шийдвэр байсан гэж би хувьдаа боддог юм.
Угаалгын нунтаг, белизна зэрэг нь органик уусгагч учир хоолой, амыг түлэхгүй юм аа гэхэд тархи, элэг зэрэг амин чухал эрхтнүүдийг уусгах аюултай
-Хүүхдүүд гаднын биет залгихаас гадна ямар нэг ахуйн хэрэглээний бодис уух, залгих тохиолдол бишгүй гардаг шүү дээ. Энэ ч бас хүүхдийн эрүүл мэндэд аюултай байх?
-Тэгэлгүй яахав. Жишээлбэл,
Ээжүүд маань ариун цэврийн өрөө, ванны өрөөнд химийн бодисоо тавьчихдаг шүү дээ. Өөрсдөө хүүхдийнхээ гарыг хүрэхгүй газар тавьчихсан л гэж боддог. Гэтэл яаж ийж байгаад авчихдаг эсхүл арай том ах эгч нар нь авч өгөөд л уучихсан тохиолдол байдаг. Тиймээс ванны өрөөндөө цоожтой шүүгээ хийж яагаад болохгүй гэж. Химийн бодис бүхий зүйлсээ хийгээд цоожилчихвол аюул багатай шүү дээ.
Мөн БЕЛИЗНА уучихдаг. Хэдий тэр нь хоолой, амыг түлэхгүй юм аа гэхэд органик уусгагч учир ходоод гэдсээр шимэгдээд тархи, элэг зэрэг амин чухал эрхтнүүдийг уусгана шүү дээ. Ингээд амь насаа алдах, хордох, маш хүнд гэмтэл учрах зэрэг асуудалтай. Тиймээс заавал ийм аюулаас сэргийлэх шаардлагатай.
Бас би өнөөдөр нэгэн шинэ мэдээллийг олон улсын сайтаас олж уншлаа.
Олон улсад хүүхдийн памперсны дотор болон бусад төрлийн полмерыг залгих тохиолдол гардаг болж. Хэрэв үүнийг залгивал ходоонд нь орон тэлж, түгжрэл үүсгэх эрсдэлтэй
Сүүлийн үед бага насны хүүхдүүд хөөдөг полимер буюу хөөдөг нийлэг зүйлийг залгих тохиолдол их гардаг болжээ. Жишээлбэл, чийг сордог полимерууд, цонхны завсар хийдэг полимеруудыг идсэн тохиолдол гарч. Угтаа бол үүнийг идэж болохгүй шүү дээ. Учир нь тухайн зүйл нь 100-200 дахин томорч хөөдөг юм байна. Хэрэв ходоод гэдсэнд орсон тохиолдолд хөөгөөд ирэхээр түгжрэл үүсгэдэг. Түгжрэл үүссэн тохиолдолд яаралтай мэс засалд орно.
Мөн 3 мм полимер залгисан тохиолдолд яаралтай дурангийн аргаар авна. Үүнд памперсны дотор талын чийг шингээгч орж байна, түүнтэй төстэй ахуйн хэрэглээнд ашигладаг бусад зүйл багтдаг. Тиймээс ийм төрлийн зүйлсийг хүртэл аюулгүй хаях хэрэгтэй.
Химийн түлэгдлээс үүдэн улаан хоолой маш хүнд сорвижвол бүдүүн гэдсээр орлуулах мэс ажилбар хийхэд ч хүрдэг
-Мөн зарим нэг хүчтэй бодисоос үүдэн химийн түлэгдэл үүсдэг гэдэг мэдээлэл харсан юм. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-Олон жилийн өмнө ОХУ-аас орж ирдэг уксусны иссенс буюу 100 мл-тэй 70 хувийн уксус байсан юм. Түүнийг уувал амь насаа ч алдах эрсдэлтэй байдаг байсан. Тиймээс тухайн үед энэ бодисыг хил гаалиар оруулж ирэхээс татгалзаж, дахин оруулж ирээгүй юм. Түүнээс хойш Оросууд өөрсдөө 500 мл-тэй 5 хувьтай болгон сулруулж гаргасан байдаг. Энэ нь уусан ч ходоод гэдсийг түлж, цоолох нь бага байдаг.
Хэрэв улаан хоолой химийн хүчтэй бодисоос болж түлэгдвэл сорвижчихдог. Улаан хоолой нь өөрөө хоолыг ходоодонд оруулах үүрэгтэй шүү дээ. Гэтэл сорвижчихсон үед улаан хоолой нарийхан болчихдог. Өөрөөр хэлбэл хиймлээр "нарийнтах" гэдэг өвчин гараад ирж байна гэсэн үг.
Түүнийг нь эмнэлгийн байгууллагаас бөгж болон дурангийн аргыг ашиглаж хэлбэн тэлэх байдлаар эмчилдэг. Харамсалтай нь маш гүнзгий сорви тохиолдолд хэлбэн тэлэх эмчилгээ зарим хүүхдэд үр дүнгээ өгдөггүй. Энэ тохиолдолд улаан хоолойг бүдүүн гэдсээр оруулах мэс засал хийдэг. Хэдий хүүхэд амьд үлдсэн ч биеийн анатоми, бүтэц нь өөр болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн эрүүл хүн болоход тун хүндрэлтэй.
Мөн дан ганц хүчил гэлтгүй шүлтэд ч мөн адил түлэгдэх тохиолдол байна. Тухайлбал, аккумляторын хүчлээ аяганд хийгээд эсхүл ундааны саванд хийчихдэг. Гэтэл түүнийг ундаа байна гэж бодоод л уучихна шүү дээ. Энэ бол маш хүндрэлтэй асуудал байдаг.
Угаалтуурын бөөгнөрсөн үс, тос тосон бөглөө арилгадаг химийн бодисыг хүүхэд уусан тохиолдол ч гарч байв
-Сэрэмжлүүлэг болгох үүднээс жишээ татаж болох уу?
-Хөдөө орон нутгаас нэг хүүхэд ирж байсан юм.
Аав, ээж нь үнээний фермд ажиллахаар нэг газар очсон юм байна. Гэтэл үнээ саадаг автомат саалтууртай. Түүнийхээ сав суулгыг ариутгадаг бодисоо хүүхдэдээ уулгачихсан байсан. Энэ бол маш хүнд тохиолдол. Энэ тохиолдолд өмнө дурдсан аргуудаа ашиглан эмчилж байсан.
Мөн сантехникийн бөглөө арилгадаг, угаалтуурын тос, тосон бөглөө, бөөгнөрсөн үс арилгадаг маш хүчтэй бодисыг хүүхэд уучихсан тохиолдол гарсан. Үүнийг уувал маш хүчтэй гэмтэнэ. Хэрэв энэ төрлийн бодисыг хэрэглэх гэж байвал нэг удаагийн савлагаатай бодис хэрэглэх хэрэгтэй.
Хэрэв үлдсэн тохиолдолд заавал цоожтой хайрцагт хийж, түлхүүрээ ганцхан ээж нь л мэддэг байх хэрэгтэй байна. Бид хүүхдүүдээ эрүүл, аюулгүй өсгөх хэрэгтэй байна.
Төмрийн бэлдмэл болон өвчин намдаагч эмийг их хэмжээгээр хэрэглэснээр амь насанд ч аюултай
-Өсвөр насныхан эмийг их хэмжээгээр хэрэглэх тохиолдол гардаг. Эмийн зохисгүй хэрэглээ ч бас маш их аюултай байх?
-Эм химийн хордлого гэж байдаг. Амь нас, эрүүл мэндэд тун халгаатай эмүүд олон байна. Жишээлбэл, Төмрийн бэлдмэл. Жирэмснээс хамгаалах эмийн сүүлийн хэд хоногт уух эм нь төмрийн бэлдмэл байдаг. Тэр нь амтлаг, чихэрлэг. Гэтэл түүнийг нь уугаад, амь насанд нь аюул учирч байсан. Мөн цус багадалтад уудаг төмрийг их хэмжээгээр уучихсан ч тохиолдол байна.
Өсвөр насныхны хувьд гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, муудалцах тохиолдолд их хэмжээгээр эм уух тохиолдол гардаг. Тухайлбал, үрэвслийн эсрэг эм, өвчин намдаах эмийг маш их уудаг. Энэ төрлийн эмийг их хэмжээгээр уувал ходоод гэдсэнд цус алдуулах, шарх үүсгэх эрсдэлтэй. Тиймээс анхаарал болгоомжтой байх хэрэгтэй байна. Хэдий зарим тохиолдолд яаж ч болохгүй хэцүү үе тулгардаг ч бид алдсанаасаа аварсан нь их шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.