Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Айрагны баяр”-ыг Зүүн Азийн хэмжээнд зохион байгуулж хүрээг нь тэлэхээр ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 2 секунд

Монгол Улс “Хөхүүрийн айраг исгэх уламлжлал, холбогдох зан үйл”-ийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн авснаас хойш зохиогдож буй анхны Айрагны баяр өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган аймгийн Сайхан сумын нутагт боллоо. Айрагны баярт БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С. Клечески нарын зочид, төлөөлөгч оролцлоо.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Өнөөдөр зохион байгуулагдаж байгаа айрагны баяр нь наадам гэхээсээ илүү аялал жуулчлалын томоохон үйл явдал юм. Монголынхоо уламлжлал, ёс заншил тэр дундаа цагаан идээнд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бид эрэлхийлж байгаа. Тиймээс энэхүү айрагны баяр нь энгийн нэгэн баяр бус. Харин цаашид гадаадын жуулчдыг татах, өв соёл уламжлалаа дэлхийд сурталчилан таниулах олон боломж нээгдэнэ гэж бид харж байна. Түүнчлэн Монгол улсын хэмжээнд хөхүүрийн айраг бэлтгэдэг 238 өвлөн уламжлагч байдаг. “Айрагны баяр”-ыг уламжлал болгон зохион байгуулахын нэг ач холбогдол нь өвлөн уламжлагчийн тоог нэмэгдүүлэх, залуу үедээ хөхүүрийн айраг исгэх, бэлдэх арга ухааныг өвлүүлэхэд нэн чухал ач холбогдолтой юм. “Айрагны баяр”-ыг зөвхөн Монгол улсын хэмжээнд бус Зүүн Азийн хэмжээнд зохион байгуулж хүрээг нь тэлэхээр холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа” гэв.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С. Клечески “Би өнөөдөр энэхүү “Айрагны баяр”-т ирсэндээ их баяртай байна. Надад айраг их таалагддаг. Тиймээс айргийг дэлхий нийтэд сурталчилах, таниулах, дэлхийн брэнд болгох ажилд гар бие оролцож, чадах бүхнээ хийх болно” гэсэн юм.

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030”-д Монгол Улс тогтвортой нүүдлийн соёл, аялал жуулчлалын төв болох томоохон зорилт тавьсан. Айраг, цагаан идээ гэх мэт монгол уламжлалд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг эрэлхийлж байна.

Булган, Дундговь, Архангай, Өвөрхангай, Төв гэсэн таван аймаг айргаараа алдартай. БОАЖЯ аялал жуучлалын чиглэлээр томоохон сургалтын төв байгуулж, энэ төвөөр айраг исгэх сургалт зохион байгуулах, үндэсний сургагч багш нарыг бэлтгэхээр зэхэж байгаа юм. Энэ ажлыг Булган аймгаас эхлүүлж, хөхүүрийн айргийн соёлын өргөөг Булган аймагт байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж БОАЖЯ-наас мэдээлэв. 

"1000 инженер" төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөрийн анхны төгсөгчид хос дипломоо гардан авлаа
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэмийн дулаан, бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэмийн дулаан, бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.