Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 63 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82.3 хувьтай байв. Тухайлбал, 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан тул хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд болон дэд ажлын хэсгүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн 2024 онд таван зорилтын хүрээнд 147 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал,
Сургууль, цэцэрлэг, спорт заал, дотуур байрны 158 төсөл хэрэгжиж байна
2023 онд нийслэлд 13 сургууль, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, ашиглалтад орж, ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадал 8880 суудал, цэцэрлэгийн хүчин чадал 240 ороор нэмэгджээ. Мөн 18 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 20 цэцэрлэгийн барилга худалдан авснаар хүчин чадал 5265 ороор нэмэгдсэн байна.
Энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэлд сургууль, цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, спорт заал, дотуур байрыг хамруулсан 158 төсөл, арга хэмжээ хэрэгжиж буй. Үүнээс энэ онд 48 цэцэрлэг, 27 сургууль, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулснаар цэцэрлэг 8270 ор, сургууль 17,240 суудлаар хүчин чадал нь нэмэгдэх юм.