Прокурорын байгууллагын залуус санаачлан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай, сагсны иж бүрэн талбайг байгуулж өчигдөр /2020.08.19/ Хорооны засаг дарга болон бяцхан хүүхдүүдэд хүлээлгэн өглөө.
Энэхүү хүүхдийн талбайг өнгөрсөн зун Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх тогтоол усанд живж харамсалтайгаар хорвоог орхисон тус хорооны дөрвөн хүүгийн гэгээн дурсгалд зориулж бүтээсэн бөгөөд талбай байгуулахад шаардагдах 24 сая төгрөгийг Прокурорын байгууллагын прокурор, захиргаа үйлчилгээний нийт ажилтнууд хандив цуглуулж хүүхдийн эрүүл ахуйн стандартад нийцсэн спорт амралтын иж бүрэн талбайг ийнхүү байгуулжээ.
Энэхүү арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Хишигжаргал, Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл, тус дүүргийн 9-р хорооны засаг дарга С.Уянгазул, тус хорооны иргэд, прокурорын байгууллагын прокурор, ажилтнууд оролцлоо.
Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл "Прокурорын байгууллагын прокурор, ажилтнууд цалингаа хуримтлуулж дүүргийн нутаг дэвсгэрт тоглоомын талбай байгуулж өгсөнд баярлаж байна. Өнгөрсөн зун та бүхэн санаж байгаа байх манай дүүргийн 4 хүүхэд усанд эндсэн харамсалтай үйл явдал болсон. Тэдгээр хүүхдүүдийн нэг нь 9-р хороонд амьдардаг байсан. Энэ үйл явдал нь хүүхдүүдийн тоглох, чөлөөт цагаа өнгөрөөх нөхцөл байдалд анхаарах цаг болсоныг сануулж, төрийн болон төрийн бус байгууллагууд анхаарал хандуулж эхэлсэн. Тэр дундаа төрийн тусгай албан хаагчид санаачлага гаргаж Дэнжийн мянгын гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай байгуулж өгсөн явдалд үнэхээр баяртай байна. Нийт прокуроруудад чин сэтгэлийн талархал илэрхийлж 90 жилийн ойн баярын мэнд хүргэе." гэв.
Чингэлтэй дүүргийн 9-р хорооны Засаг дарга С.Уянгазул "Манай Чингэлтэй дүүргийн 9-р хороо нь 7000 гаруй хүн амтай, 0-18 насны 3000 гаруй хүүхэд бий. Хүүхдүүдийн тоглох орчин гэр хороололд үнэхээр хэцүү. Улсын Ерөнхий прокурорын газрын залуу прокурор, ажилтнууд санаачлага гаргаж бидэнд тоглоомын талбай байгуулж өгөх санал тавихад маш их баяртай хүлээж авсан. Бидний зүгээс зураг төслийг нь гарган өгч богино хугацаанд хийж өнөөдөр ийм сайхан тоглоомын талбайтай болсондоо маш их баяртай байна." гэлээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ууганбаатар "Сэтгэгдэл маш өндөр байна. Прокурорын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь энэхүү арга хэмжээ болж байна. Залуу ажилтан, албан хаагчдын санал санаачлагаар Чингэлтэй дүүргийн 9-р хороонд хүүхдийн тоглоомын талбайг байгуулж, хороонд нь хүлээлгэн өгч, хүүхдүүдтэй хамт баяраа тэмдэглэж байгаад баяртай байна. Прокурорын байгууллагын зүгээс цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд хүмүүнлэгийн олон ажил зохион байгуулж ажиллах болно." гэв.
УЕПГ-ын бичиг хэргийн эрхлэгч Э.Батпүрэв "Улсын Ерөнхий прокурорын газрын залуу ажилтнууд нэгдэн энэхүү санаачлагыг 2020 оны 7-р сард гаргасан. Гэр хороололд тоглоомын талбай байхгүйн улмаас хүүхдүүдийн амь нас нь эрсэдсэн тохиолдолд ч гарсан. Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойн босгон дээр тоглоомын талбайгаа байгуулсандаа баяртай байна. Энэ дашрамд сайн үйлсийн арга хэмжээнд нэгдсэн нийт прокурор, ажилтнууддаа баярласнаа илэрхийлье." гэв.
Хоосон талбайг хоёр сарын хугацаанд тохижуулж, хүүхдүүдэд аюулгүй орчинг бүрдүүлж, гэр хороололд тоглоомын талбайг байгуулж өгсөнд тус хорооны хүүхэд багачууд болон эцэг эхчүүд прокурорын байгууллагын нийт прокурор, ажилтан албан хаагчдад талархал илэрхийлсэн юм.