Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Баттөр: “Клеопатра“ жүжгийн Марк Антонигийн дүрээр 13 жилийн дараа дахин тайзнаа гарч ирж байгаадаа баяртай байна

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
13 минут 21 секунд

Монголын тайзны урлагт шинэ өнгө төрх бүтээхээр хүч төрөн гарч буй отгон театр болох "Монгол театр"-ын уран бүтээлчид энэ сарын 28-наас эхлэн дэлхийн түүхэн, сонгодог жүжиг болох "Клеопатра" жүжгийг үзэгчдийн хүртээл болгох гэж буй. Тэгвэл Ubn.mn сайт энэ удаагийн ярилцлагынхаа зочноор тус жүжгийн гол дүр Марк Антонигийн дүрийг бүтээж буй жүжигчин, СТА П.Баттөрийг урин оролцууллаа.

-Ярилцлагын маань урилгыг хүлээн авсанд баярлалаа. Таны хувьд хэдэн жилийн дараа дахин тайзан дээр гарах гэж байна. Удахгүй тоглогдох гэж буй түүхэн сэдэвт "Клеопатра" жүжигт тоглох гэж байгаа гэсэн шүү дээ?

-Луу жилийн босгон дээр үзэгчидтэйгээ тайзны уран бүтээлээр уулзах гэж байна. Миний хувьд сургуулиа төгсөөд 2008 онд УДЭТ-т тэнцэж хэсэг хугацаанд ажиллаад гарч байсан. Мэдэх хүн нь мэдэх байх. Харин тайзны уран бүтээлээс хөндийрөөд 13 жил болсон байна. Уран бүтээлч хүнийхээ хувьд эргээд тайзан дээрээ гарна даа гэж бодоод яг тайзаа санаж байтал манай УДЭТ-ын найруулагч, Клеопатра жүжгийн найруулагч А.Чингүн маань надад энэ жүжгийн гол дүрд тоглох санал тавьсан.

“Клеопатра хатны дурлалт залуу Марк Антонигийн дүрд таныг л хараад байна” гэхээр нь төлөвлөсөн байсан 2, 3 дэлгэцийн уран бүтээлээ түр хугацаанд хойш нь тавиад тайзан дээрээ эргэн гарч байна. Энэхүү томоохон зохиолыг Монголд анх удаа тавьж буй тул маш хичээнгүйлэн ажиллаж байгаа.

Гол дүр, Клеопатрад жүжигчин Н.Баярмаа маань, Юлий Цезарьт түмнээ Хасар Жагаа хэмээн хүндлэгддэг АЖ Б.Жаргалсайхан ах маань тоглож байна.

Үзэгчид театрт сэтгэлийн таашаал мэдрэх гэж ирдэг учир үзэгчдээ үргэлж хүндэлнэ

-Таны хэлдгээр яг сар шинийн дараа маш том тэр дундаа дэлхийн сонгодог уран бүтээл үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жүжгийн гол онцлог нь таны бодлоор яг юу вэ?

-Дэлхийн олон оронд энэхүү жүжгийг үзэгчдэд хүргэж байсан гэдэг. Гэхдээ Монголд анх удаа энэ зохиолыг барьж авч, мэргэжлээрээ олон жил ажилласан мундаг хамт олон нэгдээд үзэгчдэд хүргэх гэж байгаагаараа онцлог гэж би харж байгаа.

2500 жилийн өмнө амьдарч байсан эдгээр түүхэн хүмүүсийн амьдралыг харуулсан олон зохиол, уран сайхны кино ч бий. Тиймээс уран бүтээлч хүний хувьд маш том хариуцлага хүлээлгэж байна гэж бодож байгаа. Дээр нь өөрийгөө дахин сорьж байна.

Театрын уран бүтээл нь жүжигчин хүнээс маш өндөр ур чадвар, өндөр хариуцлага, мэдрэмж шаарддаг. Түүнээс гадна тайзны урлагийн хамгийн сайхан зүйл нь амьд харилцааг бий болгож байдаг. Дэлгэцийн уран бүтээлийн хувьд алдсан бол яг тухайн моментдоо алдаагаа засаад явчихдаг. Харин тайзан дээрх жүжиг бол алдах эрхгүй, өвдөх эрхгүй байхыг шаарддаг.

Түүнээс гадна үзэгчид сэтгэлийн таашаал авах гэж, сайхан уран бүтээл үзэх гэж театрт ирж байгаа. Тиймээс үзэгчдээ хүндэлж, сайхан мэдрэмж өгөхийн төлөө хичээж ажиллаж байна. Миний хувьд олон жил спортоор хичээллэсэн. Бие бялдрын хувьд үргэлж бэлэн байдалд байх ёстой. Үзэгчид гоё, сайхан мэдрэмж авахаар ирж байхад ямар ч бэлтгэлгүй сууж байж болохгүй.

Манай багш Гарын 5 хуруу киноны Шагдар буюу Лайхансүрэнгийн Лхасүрэн багш маань бидэнд “Үзэгчид сэтгэлийн таашаал авах гэж л ирдэг юм шүү. Зүрхээрээ, оюунаараа, чихээрээ, нүдээрээ мэдрэх гэж ирдэг. Тийм болохоор та нар минь үргэлж үзэгчдийг хүндэлж, үргэлж үзэгчдэд зориулсан сайхан уран бүтээл хийж байгаарай. Хамгийн нэгдүгээрт үзэгчдээ тавьж байгаарай” гэж хэлдэг байсан юм. Тийм ч учраас энэхүү уран бүтээл маань сайхан болно гэдэгт итгэлтэй байна.

-Саяхан та АЖ Б.Жаргалсайхан мөн жүжигчин Н.Баярмаа та 3-ын постер зураг цацагдсан. Хүмүүс ч бас тасалбарыг хэрхэн хаанаас авах вэ гээд асуусан байсан. Үүнд мэдээлэл өгвөл?

-Тасалбарыг ticket.mn сайтаар худалдаалж байгаа. Хүмүүс ч бас их асуусан байсан. Аль болох эрт захиалбал хамгийн гоё суудлуудыг авч болох юм байна лээ. Бүр хосоороо VIP суудал захиалаад, ая тухтай үзэх ч боломжтой юм билээ.

Фантастик продакшны Зура-3 МУСК-д нэгэн дүр бүтээсэн

-Тайзны уран бүтээлээс гадна дэлгэцийн уран бүтээлийн олз арвин байна уу?

-Уран бүтээлийн арвин их олзтой байна. Өнгөрсөн онд зураг авалт нь дууссан, энэ онд дараалаад нээлтээ хийх олон сайхан уран бүтээл байна. Мөн дараа дараагийн төлөвлөгөө ч гарсан байгаа.

Тухайлбал, энэ хоёрдугаар сарын 28-нд сонгодог түүхэн жүжиг болох "Клеопатра" жүжиг маань нээлтээ хийнэ. Түүний араас дөрөвдүгээр сард өнгөрсөн онд тоглосон Фантастик продакшны "Зура-3" МУСК маань нээлтээ хийх гэж байна. Мөн тавдугаар сард Автрали, Унгар, Англи 3 улсын хамтарсан "1242 Gateway to the West" буюу "Барууны хаалган дээр" кино маань нээлтээ хийнэ. Түүнээс гадна Эхний анги нь гарчихсан байгаа "Гүртэн" МУСК-ныхоо дараагийн ангийн зураг авалтад оролцоно. Ер нь уран бүтээлийн олз омог арвин байна.

-Зура-3 кинонд ямар дүр бүтээж байгаа юм бэ. Хүмүүс мэдээгүй байх?

-Тийм шүү. Уг нь Зура-2 кинонд тоглох санал тавьж байсан ч ажил маань амжаагүй юм. Харин 3 дээр нь тагнуулын хурандаагийн дүр бүтээсэн. Үзэгчдэд сонирхолтой юм болов уу гээд жаахан шифи өгье.

-Ингэхэд танай удамд эсвэл гэр бүлд тань урлагийн хүн бий юу. Та яагаад жүжигчин болох сонголтыг хийсэн юм бэ?

-Манай удамд урлагийн хүн нэг ч байхгүй ээ. Би хүүхэд байхдаа ч өөрийгөө жүжигчин болно гэж боддоггүй байсан. Харин компанийн захирал болно гэж мөрөөддөг байлаа. Жаахан байхдаа нэг алтан шаргал өнгөтэй костюм өмсчхөөд, нагац ахынхаа ажлын дипломат цүнхийг барьчхаад л би дарга болно гээд л явдаг байсан юм. Дээр нь усанд шумбагч болно гэж боддог байлаа. Түүнээс гадна багаасаа зураг зурах сонирхолтой байсан, хөгжим ч их сонсдог байлаа. Ингээд харахаар дотоод ертөнц нь зураг зурах, дуу хөгжим сонсох зэрэг урлагийн мэдрэмж их байсан юм шиг байна лээ.

Тэгээд л 9-р ангиа төгсөөд “Ер нь би яагаад жүжигчин болж болохгүй гэж” бодоод 10-р ангидаа аав ээж хоёртоо "Би жүжигчин болно, урлагийн амьдрал сонгоно" гэж хэлээд л тэр сонголтдоо үнэнч үлдсэн. Гэхдээ би 10 жилээ төгсөөд шууд СУИС-руу ороогүй юм. Хэсэг хугацаанд ажиллаж байгаад сургалтынхаа төлбөрийг олсныхоо дараа СУИС-д шалгалт өгөөд тэнцэж байлаа. Тэгээд л миний амьдрал тэр цагаас хойш урлагтай салшгүй холбоотой болсон доо.

-Таныг ихэр гээд байдаг. Үнэн үү?

-Тэгэлгүй яахав. Хүүхэд байхдаа ихэртэйгээ хамт турник дээр суниагаад л бие биетэйгээ өрсөлдөөд л, тэвэг өшиглөж гүйгээд л. Ер нь одоо бодоход бидний хүүхэд нас маш завгүй, маш эрүүл, маш сайхан өнгөрсөн байна. Бас би өөрөө 2 хөөрхөн охинтой. Манай ихэр 3 сайхан хүүтэй. Манай ихэр урлагийн хүн биш хувиараа бизнес эрхэлдэг хүн бий.

-Тантай их төстэй юу?

-Бид хоёр 2 эсний ихэр болохоор царай төрхийн хувьд жаахан өөр. Манай ихэр давхраагүй, би давхраатай байхгүй юу. Би ихэр болж төрсөндөө маш их баярладаг. Юм л болохоор хамгийн түрүүнд ихэр рүүгээ ярина. Гэхдээ одоо уулзах нь бараг л өдрийн од шиг болчихсон. Хэн хэн нь тусдаа амьдралтай болчихсон болохоор хааяа л нэг уулзана, хааяа л ярина. Яахав төрсөн өдөр болохоор хамгийн түрүүнд ихэртээ баяр хүргэнэ. Ээждээ баяр хүргэнэ. Нийслэл хотод тийм л завгүй амьдарч байна даа.

"Тусгай салаа" кинонд тоглохоос өмнө "Хархны өгөөш"-д тоглочихсон байсан юм

-Таны багш Л.Лхасүрэн агсныг хүмүүс "Гарын 5 хуруу" киноны Шагдарын дүрээр илүүтэй мэддэг. Гэтэл таныг ч бас "Тусгай салаа" киноны Түвшин гэж одоог хүртэл хүмүүс дууддаг. Энэ киноны талаарх дурсамжаа эргээд нэг санавал?

-Ёстой л миний 2 дахь нэр маань болсон доо. Анх Түвшин гээд дуудахаар дасдаггүй байлаа. Гэтэл одоо бүр сурчихсан. Тусгай салаа киноны зураг авалт 2009 онд эхэлж байсан. Одоо бараг 15 жил болчихсон байна. Цаг хугацаа хурдан өнгөрсөн байна. Бас саяхан МҮОНТ-ээр дахин гарсан юм билээ. Хүмүүс яриад л байсан. Үнэхээр сайхан уран бүтээл болсон. Энэхүү уран бүтээлд орсондоо маш их баярладаг.

Тухайн үед би Драмын театрт ажиллаж байсан, тэгээд л кинондоо тоглосон. Тэр ч утгаараа ард түмнийхээ сэтгэлд хүрсэн сайхан уран бүтээлд оролцсондоо талархдаг.

Яахав хөгжилтэй зүйл их болсон. Тэр нь юу вэ гэхээр, Түвшингийн дүр өөрөө сульдаа байхгүй юу. Угтаа би тэр киноноос өмнө бэлтгэл хийдэг байсан. Гэтэл хүмүүс дараа нь "Хархны өгөөш" киног үзчихээд "Нөгөө сульдаа, хараа муутай Түвшин чинь "Хархны өгөөш" дээр баки болоод гараад ирчихсэн" байна шүү дээ гээд л ярьдаг юм. Угтаа "Хархны өгөөш" кино чинь миний тоглосон хамгийн анхны дэлгэцийн уран бүтээл байхгүй юу. "Тусгай салаа"-ны өмнө тоглосон байдаг юм.

Мэдээж уран бүтээлч хүний хувьд би Баттөрөөр л харагдахгүй байна гэдэг нь миний хамгийн том зорилго байхгүй юу. Үзэгчид бол яг л тэр дүрээр л хүлээж авна. Тэр дүрийг хайрлаж, тэр дүрээр тухайн жүжигчнийг төсөөлж, дотроо амьдруулаад байдаг юм. Түүнээс биш бодитоор нь харахаар хувь хүн байгаа шүү дээ.

-Ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Тун удахгүй Монгол түмний уламжлалт баяр Сар шинийн баяр болох гэж байна шүү дээ. Та үзэгч түмэндээ мэндчилгээ дэвшүүлээд ярилцлагаа өндөрлөе?

-Нийт Монголынхоо ард түмэнд сар шинийн мэнд дэвшүүлье. Ахмад настай азай буурлуудтайгаа мэндчилэх сайхан баяр шүү дээ. Мөн хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд гэдгийг дахин дахин хэлье. Та бүхэн минь үр хүүхдүүдийнхээ төлөө эрүүл мэнддээ хөрөнгө оруулахыг хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Маргааш Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Маргааш Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.