Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХАРЬЦУУЛАЛТ: Залуу гэр бүлийн дийлэнх нь аав, ээжээсээ бууз, ууцны мах зэргээ авдаг тул 400-500 мянган төгрөг зарцуулж, ахмадууд 2-2,5 сая төгрөг зарцуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 27 секунд

Монголчууд бид эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн үүх түүх, өв соёлоо өнөөг хүртэл ёсчлон дагасаар ирсэн. Тиймдээ ч сар шинийн баяраа ёслол төгөлдөр угтаж, энх мэндийн хадгаа дэлгэн, элгэн садантайгаа золгодог уламжлалтай. Өөрөөр хэлбэл удаан уулзаагүй ах дүү, хамаатан садантайгаа уулзах боломжийг олгодог энэхүү баяр нь хоёрыг уулзуулж, холыг учруулж буй тул хүн бүр л уламжлалаа дээдлэн, тавгийн идээгээ засаж, айл хотлоороо сар шинийнхээ баярыг угтацгаадаг.

Гэвч "Цаг цагаараа байдаггүй, цалхилдаг хөхөөрөө байдаггүй" гэдэгчлэн цаг үе өөрчлөгдөж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж яваа залуус сар шинийн баярт төдийлөн ач холбогдол өгөхөө больж, ёс төдий өнгөрүүлэх болжээ. Харин ахмад настан, азай буурлууд маань уламжлал болсон сар шинийн баяраа элбэг, дэлбэг угтахаар бишгүйдээ их хичээнэ. Тиймээс бид энэ удаа сар шинийн баяраа угтан авахаар зэхэж буй айл өрхүүд хичнээн төгрөгийн зардал гаргаж буйг нас насны онцлогоор буюу тэр дундаа ЗАЛУУ ГЭР БҮЛ, ДУНДАЖ НАСНЫ ГЭР БҮЛ, АХМАД НАСТАН-ы төлөөлөл болсон гурван айлыг сонгон жишээ татан, дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Нийслэл хотод амьдарч буй эдгээр гурван өрх сар шинийн баярын бэлтгэлээ хэдийнээ базааж эхлэсэн бөгөөд өрхийн дундаж зардлыг зөвхөн хоол хүнс болон тавгийн идээ, ууц, гарын бэлэг зэргийг тооцоолов. Ингэхдээ тухайн айл өрхүүдийн сар шинийн баяр зориулан авсан дээл хувцас, гэр ахуйн эд эдлэлийг багтаагаагүй болно. Мөн орон нутгийн айл өрхийн төсөв харьцангуй өөр тул зөвхөн нийслэл хотын 3 өрхийг сонгон жишээ болгосон нь энэ юм.

ЗАЛУУ ГЭР БҮЛ,

  • Нийслэл хотын ... дүүрэгт оршин суух иргэн Б-ын гэр бүл. 2-4 насны 4 хүүхэдтэй залуу айл. Өрхийн эзэн ганцаараа ажилладаг бөгөөд сард дунджаар 1,8 сая төгрөгийн цалин авдаг. Гэр бүлийн хүн нь хүүхдүүдээ хардаг...

Энэхүү айл нь сар шинийн баярын бэлтгэлд ойролцоогоор 400-500 мянган төгрөг зарцуулдаг байна. Тодруулбал,

  • Бууз, мах зэргийг эцэг, эхээсээ авдаг.
  • Тавгийн идээнд 10 ширхэг хэвийн боов, 3 кг товчин чихэр, сүү, жижиг ааруул зэрэгт-100-150 мянган төгрөг зарцуулсан.
  • Ахмад настан, аав ээж, зайлшгүй очих ёстой хамаатан садандаа золгох мөнгө -300-350 мянган төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

Сүүлийн жилүүдэд залуу хосууд сар шинийн баярт төдийлөн ач холбогдол өгөхгүйгээр хоёр талын гэр бүлээсээ зарим хэрэгтэй хүнсээ цуглуулдаг болсон. Үүний нэг тод жишээ нь ч энэ айл. Залуу гэр бүлүүд тавгийн идээ, чихэр боовонд төдийлөн зардал гаргадаггүй харин ахмад настнууддаа очиж золгох золголтын мөнгөнд их төсөв зарцуулдаг байна. Түүнчлэн залуу гэр бүлийн дийлэнх нь зочид хүлээн авах нь бага бөгөөд аав, ээж ах дүүсээ урих нь элбэг аж.

ДУНДАЖ НАСНЫ ГЭР БҮЛ,

  • Нийслэл хотын ... дүүрэгт амьдардаг 40 орчим насны иргэн М-ын гэр бүл. Эхнэр бариа зүйн төвд бариач хийдэг, нөхөр хувиараа такси үйлчилгээнд явдаг. Өрхийн дундаж орлого ойролцоогоор 2 сая төгрөг.

Энэхүү айл нь сар шинийн баярын бэлтгэлд ойролцоогоор 1,5 сая төгрөг зарцуулахаар байна. Тодруулбал,

  • Бууз- /мах, гурил, сонгино зэргээ худалдан авсан/- 250 мянган төгрөг
  • Тавгийн идээ /хэвийн боов, тавгийн чихэр/ -150-180 мянган төгрөг
  • Өвчүү /Орон нутгаас өвчүү авсан/- 200 мянган төгрөг
  • Бусад чихэр жимс, хүнсний зүйлс- 200-300 мянган төгрөг төсөвлөсөн
  • Золголтын мөнгө- 100-150 мянган төгрөг төсөвлөсөн
  • Бэлэг- 300-400 мянган төгрөг төсөвлөсөн байна.

Дундаж эргэм насны айл өрхүүд сар шинийн баяраар бусдын л адил бэлтгэлээ базаадаг. Ингэхдээ ах дүү, хамаатан садандаа тохируулан сар шинэдээ бэлддэг байна. Түүнчлэн ҮСХ-оос Туулай жилийн босгон дээр гаргасан статистик мэдээллээр нэг айл дунджаар 1,2 сая төгрөгөөр сар шинийн баяраа угтаж авах тооцоолол гарч байсан бол энэ жил бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн тул айл өрхүүд ойролцоогоор 1-1,5 сая төгрөгийн зардал гаргах боломжтой юм.

АХМАД НАСТАН

  • Нийслэл хотын ... дүүрэгт амьдардаг ахмад настан Д-ийн гэр бүл. Охин, зээтэйгээ хамт амьдардаг. Сар шинийн баярын бэлтгэлээ тэтгэвэр болон охиныхоо дэмжлэгтэйгээр бэлдсэн.

Энэхүү айл нь сар шинийн баярын бэлтгэлд ойролцоогоор 2,3-2,5 сая төгрөг зарцуулахаар байна. Тодруулбал,

  • Бууз- 350 мянган төгрөг
  • Тавгийн идээ /хэвийн боов, тавгийн чихэр/ -200-270 мянган төгрөг
  • Өвчүү- 200 мянган төгрөг
  • Өвчүүгээ чануулах- 50 мянган төгрөг
  • Бэлэг- 1 сая төгрөг
  • Цагаан идээ /гүзээн тос, өрөм, сүү/- 150-200 мянган төгрөг
  • Бусад чихэр жимс, хүнсний зүйлс- 300-400 мянган төгрөг хэмээн тооцжээ.

Мөн энэ жил нийслэл хотод шинэлж буй Ахмад настан Б-ын гэр бүл сар шинийн баярт зориулан 2,5 сая төгрөг зарцуулахаар бэлтгэлээ базааж байна. Тухайлбал,

  • Бууз, банш- 200 мянган төгрөг
  • Ааруулан тавгийн идээ- 400 мянган төгрөг
  • Тавгийн идээ- 200-250 мянган төгрөг
  • Бэлэг- 1 сая төгрөг
  • Ууц- 300 мянган төгрөг
  • Бусад чихэр жимс, хүнсний зүйлс- 400-500 мянган төгрөг зарцуулна гэв.

Ахмад настны гэр бүлд сар шинийн баяраар зочид гийчид их ирдэг тул түүнийгээ дагаад сар шинийн бэлтгэлээ базаадаг. Тиймдээ ч сар шинэ тэмдэглэхэд дунджаар 2-2,5 сая төгрөг зарцуулах нь энүүхэнд аж.

Айл бүр сар шинийн бэлтгэлээ базаахын тулд харилцан адилгүй зардал гаргадаг. Гэвч сүүлийн үед иргэдийн дунд нийтлэг ажиглагдаж буй зүйл нь сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй, үр хүүхэд ач зээ нараа тойруулан цомхон тэмдэглэх хэрэгтэй гэх сэтгэгдлийг илэрхийлж буй. Угтаа залуу гэр бүлийн тухайд энэхүү баярыг ёс төдий тэмдэглэх нь зөв ч өвгөд хөгшдийн маань удаан хүлээдэг баяр тул хараахан хүндэтгэлгүй хандаж чаддаггүйг өвгөд, хөгшид маань хэлцгээж байв.

Сонирхуулахад, Тавгийн идээ засах ёсон гэж бий.

Залуу гэр бүл 3 үе, 60-80 насны ахмадууд 5 үе, 80-10 насны өвгөд 7 үе, 100-аас дээш насны буурай 9 үеэр тавгийн идээ засдаг уламжлалтай

Тухайлбал өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаагаас мөн үр ач, гуч, дөчөө үзсэн зэргээс хамааран элээсэн улаа нөхөхийн билэгдэл болгож, ул боовоор тавгийн идээ засдаг байна. Энэ нь элээсэн улаа нөхөж, засаж, дахин ул буюу нас дуудаж байгааг илтгэдэг аж.

Залуу гэр бүлүүд тавгийнхаа суурийг таваар засаж, дээшээ гурван үе өрнө. Учир нь, үр хүүхэд төрүүлсэн хүн нэг үеэ, ач зээгээ үзвэл хоёр үеэ, түүнийхээ хүүхдийг үзвэл гурван үеэ үзсэн хэмээн бэлгэддэг тул жаргал, зовлон, жаргалыг бэлгэдэн гурван үе таваг засдаг байна. Мөн 60-80 нас хүртэл насалсан хүн таваар таван үе, 80-100 нас хүртэл таваар долоон үеэс дээш, 100-аас дээш насласан бол таваар есөн үе зассан тавгийн идээ тавьдаг уламжлалтай.

Цагаан сараар нэг өрхөөс гардаг дундаж зардал /2023 оны байдлаар/


"VISUAL TOIM: Монголчууд туулай жилийг 1.2 ИХ НАЯДААР угтаж, 2012 оноос хойш цагаан сард зориулж 1.1 тэрбум ам.доллар АЛДЖЭЭ" нийтлэлээс ашиглав

Үндэсний статистикийн хорооноос 2023 онд айл өрхүүд сар шинийн баярт зориулан хичнээн төгрөгийг зарцуулах тооцоо судалгааг гаргасан байдаг. Тодруулбал, 2013 онд нэг өрх дунджаар 574 мянган төгрөг зарцуулдаг байсан бол 2023 оны цагаан сарын урьдчилсан тооцооллоор нэг өрх 1.2 сая төгрөг зарцуулна гэх тооцоог гаргасан байдаг.

Мэдээж айл өрх бүрийн санхүүгийн зарцуулалт харьцангуй өөр. Зарим нь 1.2 сая төгрөгөөс илүү зарцуулж байхад нөгөө хэсэг нь санхүүгийн боломж бололцоондоо тааруулж, маш бага зардал гаргадаг гэсэн үг. Мөн цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэггүй залуу гэр бүлүүд болон ёслол төдий тэмдэглэдэг 30-39 насны айл өрхүүдийн цагаан сард зарцуулах зардал нь харьцангуй бага юм. Харин ахмад настнуудын хувьд зочид гийчид их ирдэг тул төдий чинээ бэлтгэх шаардлагатай болдог байна.

Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон гэх С.Батдөлийн хэргийг УДШ-ийн хяналтын шатны хуралдаанаар маргааш хэлэлцэхээр болжээ
Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон гэх С.Батдөлийн хэргийг УДШ-ийн хяналтын шатны хуралдаанаар маргааш хэлэлцэхээр болжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.