Монгол түмний уламжлалт сар шинийн баяр хэдийнээ ойртжээ. Тиймдээ ч Монголчууд идээний дээд болгон хавсай юугаар тавгаа засаж, ирсэн зочдоо хүндэтгэн угтдаг уламжлалтай. Тэгвэл сар шинийн баярыг угтан уламжлалт хэвийн боов ямар үнэтэй байгааг мөн нутаг нутгийн онцлогийг шингээсэн ямар хэвийн боов худалдаанд гарч буй талаарх сурвалжилгаа "Шинэ зуун айл" худалдааны төвөөс бэлтгэн хүргэж байна.
"Шинэ зуун айл" худалдааны төв
Сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн худалдаа "Шинэ зуун айл" худалдааны төвд гарч буй. Иймдээ ч тус үзэсгэлэнг зорих иргэдийн цуваа тасрахгүйн дээр иргэд хэвийн боовоо аль хэдийнээ худалдан авч эхэлжээ.
21 аймаг, 9 дүүргийн ЖДҮ эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ түмэн олондоо өөрийн гар дээрээс, хямдралтай үнээр борлуулж буй тул иргэд ч ам сайтай байгаа нь илт. Ubn сайтын сурвалжлах баг хэвийн боовны тасагт очиход нутаг нутгийн онцлог бүхий амтлаг хэвийн боовнуудаар идээ засан, иргэдэд амтлуулж байв.
Баянхонгорын амтат ЗҮСМЭЛ ХАВСАЙ
Бидний хамгийн эхний зочилсон лангуу бол Баянхонгор аймгаас ирж оролцож буй "Есөн-Эрдэнэ" цехийн бүтээгдэхүүн байв. Тус цех нь Баянхонгор аймгийн уламжлал болсон ЗҮСМЭЛ ХАВСАЙ болон ул боовыг үзэсгэлэнд зориулан авч иржээ. Энэхүү боовыг нутаг нутгийн иргэд өөр, өөр нэршлээр нэрлэдэг бөгөөд үнийн хувьд 1 кг нь 20,000 төгрөгөөр худалдаалагддаг аж.
Өөрөөр хэлбэл 1 кг нь 3 хавсайтай тэнцэх бөгөөд хэмжээ нь том тул 3 үе өрөөд л энгийн ул боовыг 5 үе өрсөнтэй тэнцдэг байна. Түүнчлэн амт чанар сайтайн дээр хатах нь бага гэж тус цехийн эрхлэгч Г.Дэнсмаа бидэнд ярилаа.
Үргэлжлүүлэн бид сүүлийн үед хамгийн их сонирхол татаж буй СҮЛЖМЭЛ боов үйлдвэрлэгчтэй уулзаж мэдээлэл авахад,
Засахад хялбар СҮЛЖМЭЛ БООВ
"СҮЛЖМЭЛ БООВ нь амт чанар сайтай. бөөрөнхий хэлбэртэй тул ул боов шиг өрөхгүйгээр дээр дээр нь давхарлаад идээгээ засаж болдгоороо илүү онцлогтой. Амт чанар сайтай, шар тос, сахар, давсаар амталсан гэдгээрээ онцлог. Үнийн хувьд 3 ширхэг нь 60,000 төгрөг, 5 ширхэг нь 100,000 төгрөгөөр худалдаалагдаж байна" хэмээсэн юм.
Увсын өвөрмөц МУШГИА БООВ
Мөн өөр нэгэн нутгийн онцлогтой хавсай нь Увс аймгийн Зүүнхангай сумын МУШГИА ХЭВИЙН БООВ байв. Энэ хэвийн боов нь гаднаасаа мушгиа боорцог шиг харагдах ч хэмжээгээрээ хавь илүү том, ул боовны хэмжээтэй ижил байдаг аж. Үнийн хувьд 1 ширхэг нь 5,000 төгрөгөөр худалдаалагдаж буй гэнэ.
Түмний дуртай ГҮРМЭЛ БООВ
Дээрх хэвийн боовнуудаас гадна иргэдийн нийтлэг хэрэглэдэг хэвийн боов бол яах аргагүй ГҮРМЭЛ. Гүрмэл нь идэхэд амттай, жижиг жижиг болгон хүүхдэд өгөхөд ч тохиромжтой тул худалдан авагч ихтэй байдаг. Түүнээс гадна тус үзэсгэлэн худалдаанд олон төрлийн амт чанартай гүрмэл худалдаанд гарч байсан бөгөөд үнийн хувьд 4500-5000 төгрөгийн хооронд байв.
Мөн иргэдийн идэх дуртай хэвийн боовны үнэ мөн адил 4500-5500 төгрөгөөр худалдаалагдаж байсан бөгөөд иргэд амт чанарыг нь шалгаж, худалдан авалт хийж буйгаараа ихээхэн онцлогтой байв. Түүнээс гадна иргэдийн худалдан авалт ч сайн байгааг худалдаа эрхлэгчид хэлж байсан төдийгүй нэг тавгийн идээний буюу дунджаар 5-аар 5 үе өрөх тавгийн идээний хэвийн боовыг ойролцоогоор 112,500 төгрөгөөс 175,000 төгрөгөөр худалдан авах боломжтой аж.