Уйгурын загвар өмсөгч залуу Мердан Гаппар энэ оны нэгдүгээр сард мансууруулах бодис хэрэглэсэний улмаас 16 сарын хоригдох ял аван Шинжаан руу цөлөгджээ.
Түүнээс хойш 18 хоногийн дараа орон дээр гавлагдан хоригдож буй бичлэгээ гэр бүлийнхэндээ илгээсэн нь наймдугаар сарын эхээр ВВС-д цацагдсан билээ. Тус бичлэгээс гадна гэр бүлдээ илгээсэн зурвасуудад нэг өрөөнд 50-60 хүнийг хамт 18 хоног хоригдож байгаа, толгойдоо шуудай углах ёстой байдаг гэх зэрэг шоронгоос илүүтэйгээр тарчлан зовдог байдалд хоригдож буйгаа дурдсан байна. Тус зурвасаас хойш Гаппар сураггүй байгаа бөгөөд бичлэг цацсаны улмаас шийтгэл авсан байх хэмээн гэр бүлийнхэн нь дүгнэж байгаа юм.
Энэ талаар тодруулга авахаар ВВС-ээс хэд хэдэн асуултуудыг Хятадын эрх баригчид руу илгээсэн ба 14 хоногийн дараа Шинжааны засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдэл илгээсэн байна. Үүнд дурдснаар “БНХАУ-ын хорих ангийн тухай хуулийн 37-р зүйлд зааснаар хоригдлуудыг нүүлгэн шилжүүлэхэд засгийн газар туслах ёстой гэсэн байдаг. Үүний дагуу Мердан Гаппарыг шилжүүлэх явцад тэрээр өөрийгөө гэмтээх үйлдэл гаргаж, цагдаа нарын эсрэг дайрч эхэлсэн. Түүний сэтгэл санааны тогтворгүй байдлыг тогтворжтол цагдаа нар зохих ёстой арга хэмжээг авсан. Мөн эрүүл мэндийн ажилчид түүний температурыг шалгахаар ороход Гаппар ажилчдыг хэл амаар дорожилж, зодсон. Тиймээс түүнийг сэтгэл санааны хувьд эрүүд биш хэмээн үзэж цагдаа нар түүнд арга хэмжээ авсан.” хэмээн БНХАУ-ын тал хохирогчийг буруутгасан юм.
Гэвч түүний авга ах Абдулхаким Гаппар энэ мэдэгдлийг худлаа хэмээн үзэж байгаа бөгөөд “би түүнийг хэнээс ч илүү мэднэ, тэр өөрийгөө гэмтээх гэх мэтийн үйлдлийг хийсэн гэж бодохгүй байна, Хятадууд л түүнд ийм зүйл хийгээд одоо хийсэн үйлдэлдээ ямар нэг шалтаг хайж байна хэмээн би бодож байна. Хэрвээ дүүг минь амьд, эрүүл саруул байгааг нь л харуулахгүй бол би тэдний хийсэн мэдэгдэлд хэзээ ч итгэхгүй.” гэжээ.
Эх сурвалж: ВВС