2020.08.27
Өнгөрсөн долдугаар сарын 8-ны өдөр урд айлынхаа хашаанд тоглож байсан 2 настай охиныг нохой хазаж, 9 оёдол тавиулах хэмжээний гэмтээсэн билээ. Гэвч эмчийн дүгнэлтээр шархыг "хөнгөн" хэмээн үзсэн тул цагдаагийн байгууллагаас ноходын эзэнд 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл л оногдуулсан юм. Уг шийдвэрт бяцхан охины ар гэрийнхэн гомдолтой байгаагаа илэрхийлж, манай сайтад мэдээлэл өгч байсан юм.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас дээрх гомдлыг шалгасан материалыг дахин хянаад “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгээгүй” хэмээн үзсэнээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэргийг дахин шалгаж байгаа аж.
2020.08.18
Цэцэрлэг, сургууль хааж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор бага насны хүүхдүүд осол гэмтэлд өртөх нь ихсэж байгаа билээ. Тэгвэл, өнгөрсөн долдугаар сарын 8-ны өдөр хашаанд тоглож байсан 2 настай хүүхдийг 2 нохой урж, дамжлан, хүнд гэмтэл учруулжээ. Харин Цагдаагийн байгууллагын зүгээс нохойгоо сул тавьсан эзэнд нь 100 мянган төгрөгөөр торгохоос өөр шийтгэл оногдуулаагүйд гэр бүлийнхэн нь гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. Бид энэ талаар хүүхдийн авга эгч Г.Батсайхантай холбогдож тодрууллаа.
-Хүүхэд хэзээ нохойд уруулсан бэ, яг юу болсон юм бэ?
-Би хүүхдийн авга эгч нь байгаа юм. Хоёр настай дүү маань манай аав ээж хоёртой цуг байдаг. Аав ээж маань настай хүмүүс л дээ. Тийм болохоор манай 11-р ангийн эмэгтэй дүү хардаг байсан юм. Гэтэл тэр охин маань намайг хөдөө яваад ирэхэд дүү нохойд уруулчихлаа гэсэн. Яасан гэсэн чинь хоёр нохой ураад, дамжлаад, бүр сэглэчихсэн байсан. Өнгөрсөн долдугаар сарын 8-нд юм л даа.
-Хажуу айлынхаа хашаанд тоглож байтал тэр айлын нохой хазсан гэсэн үг үү?
-Яг урд талынхаа айлын хашаанд тоглож байсан. Тэгээд хүүхдийг харж байсан охин маань 00 орох үеэр нь 2 нохой урчихсан юм билээ. Гэхдээ яг тэр айлын нохой бол биш. Өөр айлын нохой орж ирээд хазчихсан юм байна лээ. Эгч нь бол өөрөө хараагүй шүү дээ, хөдөө байсан. Гэхдээ тэрийг харсан гэрчүүд байгаа.
-Тус нохойны эздэд ямар хариуцлага, арга хэмжээ авахаар болсон бэ?
Нохойд уруулсных нь дараа бид эмнэлэг, эмчилгээ гээд тухайн хэргийг цагдаад даатгаад орхисон юм. Гэтэл өчигдөр аав залгаад:
“Миний хүүхээ, Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгоно гэнэ. Хөнгөн гэмтэлтэй гэж гарсан болохоор тэр нохойны эздүүдэд өөр ямар ч арга хэмжээ авахгүй юм байна” гэсэн. Тэгээд би яахаараа хөнгөн гэмтэлтэй гэж гардаг билээ гэхэд “Мэдэхгүй ээ. Эмч нь тийм дүгнэлт гаргасан байна” гэсэн.
Тэгээд байцаагч нь тэр 100 мянгыг улсад өгч байхаар танайх ав гээд байна гэж аав хэлсэн. Би юу яриад байгаа юм, арай ч дээ гээд өөрөө гэрчүүдээ аваад, 4 гэрчтэйгээ өчигдөр Чингэлтэй дүүргийн байцаагчтай нь очиж уулзсан.
Гэтэл байцаагч “Энэ хэрэг хөнгөн хэрэг болохоор ингээд хаагдаж байгаа юм. Би маргааш прокурорт энэ хэргийг хаалгах хүсэлтээ өгнө. Хөнгөн гэж гарсан учраас надад энэ хэргийг цааш нь явуулах ямар ч боломж байхгүй, энд миний буруу байхгүй” гэсэн. Тэгээд бараг л та нар юу ч үгүй үлдэж байхаар энэ 100 мянган төгрөгийг ав гэж байгаа юм.
Энэ үеэр манай нөгөө гэрч бүсгүй байцаагчид хандан “Танд харамсалтай санагдахгүй байна уу. Хоёрхон настай хүүхэд ийм болчихоод байхад” гэхэд би хуулийнхаа дагуу л ажиллаж байна гэж хэлсэн.
-Хүүхдийн биеийн байдал одоо ямархуу байна. Гэрээрээ эмчлүүлж байна уу эсвэл ГССҮТ-д байгаа юу?
-Хүүхэд одоо гэрт байгаа. Долдугаар сарын 8-нд уруулаад сар гаруй болчихсон болохоор эмнэлгээсээ гарсан. Одоо бол шархнууд нь гайгүй эдгэж байгаа. Харин бөөрөн дээрх шарх нь л идээлээд байна.
Х.Үүрийнтуяа