Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган өчигдөр өндөрлөлөө. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганыг хааж хэлсэн үгэндээ засаглалын гажуудлыг арилгах, хулгайч, хууль зөрчигчдийг илрүүлэн, шүүн шийтгэх их өөрчлөлтөд тэмүүлсэн хөдөлгөөн идэвхжсэн цаг үед явааг онцлоод, иргэдийг бухимдуулж буй гурван зүйлийн нэг нь шударга бус байдалд хариуцлага тооцох явдал гэдгийг судалгааны дүн харуулсан гэв.
Тэрбээр "Ард түмнийхээ боломжийг хулгайлдаг авлига, албан тушаалын гэмт хэрэг, баялгийн хулгайн бусармаг үйлдлүүд алхам тутамдаа илчлэгдэж байгаа ч хариуцлага тооцохгүй байна гэж ард түмэн бухимдаж байна. Улсын Их Хурлаас байгуулсан Хянан шалгах түр хорооноос “нүүрсний” хулгайн асуудлаар хоёр удаагийн нээлттэй сонсгол явуулж, 412 гэрчийг дуудан оролцуулж, ард түмний мэдэх эрхийг хангасан. Гэм буруутай нь баримтаар нотлогдсон бол парламентын нээлттэй хяналтын сонсголд дуудагдан оролцдог жишиг тогтож, тэр хэрээр ард түмэн төрөөс шударга ёсыг шаардаж, тэр шаардлага нь чуулганы танхимд хууль болон батлагдаж, хулгай луйвар тав алхахгүй баригдах ил тод, хариуцлагатай засаглал бүрдэж байна. Гэвч хариуцлага тооцох асуудал муу байна. Гэм буруутанд хариуцлага тооцох, ял шийтгэл оноох, цагаатгах боломж Улсын Их Хурал, Хянан шалгах түр хороонд байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо уг асуудалд анхаарч, ард түмний шаардлагад хариулт өгөх хэрэгтэй" гэсэн юм.
УИХ-ын Хянан шалгах түр хорооноос төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой зарим компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсголд 574 гэрчийг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэнээс 71.8 хувь нь буюу 412 гэрч сонсголд оролцож тайлбар, мэдээлэл өгчээ. Түр хороо 60 дэд сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэх судалж, гэмт хэргийн шинжтэй асуудлыг хуулийн дагуу шалгуулахаар 9177 хуудас, 28.96 GB багтаамж бүхий мэдээллийг Улсын Ерөнхий Прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлээд байна. Мөн нээлттэй сонсголд гэрчээр дуудагдсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй хүн, хуулийн этгээдэд хариуцлага тооцуулах тухай албан тоотыг цагдаагийн байгууллагад илгээжээ.