УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.01.18/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч энэ сарын 19-н буюу маргааш 13.30 цаг хүртэл хойшилсон.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3-т Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах: "Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Сануулахад, З.Энхболд нарт Монгол Улсын хилээр гарахыг хориглосон арга хэмжээ аваад байгаа юм.