Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам Оросын Холбооны Улсын Е.Д.Стасовагийн нэрэмжит «Интердом» олон улсын боловсролын төвтэй орос хэлний мэргэжилтэн багш ажиллуулах тухай гэрээг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгууллаа.
Орос хэлийг гадаад хүнд заах мэргэжилтэй, энэ чиглэлээр туршлага хуримтлуулсан 6 орос багш Монгол Улсад нэг жилийн хугацаатай ажиллах бөгөөд багш нарыг ОХУ-ын Гэгээрлийн яам сонгон шалгаруулсан.
Тэд 2020 оны есдүгээр сарын 1-ээс эхлэн Баянхонгор аймгийн Баянлиг сумын ерөнхий боловсролын сургууль, Дорнод аймгийн ерөнхий боловсролын лаборатори «Хан-Уул» цогцолбор сургууль, Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны ерөнхий боловсролын сургууль, Хэнтий аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль болон ерөнхий боловсролын лаборатори «Тэмүүжин» цогцолбор сургуульд хичээлээ цахимаар заана. Цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорио тавигдвал манай улсад хүрэлцэн ирж, дээрх сургуулийн сурагчдад танхимын сургалт явуулах юм.
Орос мэргэжилтэн багш нарыг Монгол Улсад ажиллах хугацаанд «Интердом» олон улсын боловсролын төвөөс цалинжуулах бол байрны зардлыг нь тухайн сургуулиуд хариуцна.
Эх сурвалж: БШУЯ