“Хүнс сервис” ХХК нь жигнэж хэрчсэн 14 төрлийн бэлэн гурилаа сургууль, цэцэрлэг, нийтийн хоолны газрууд болон сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлдэг.
“Алтан тариа”, “Улаанбаатар гурил”, “Өег” зэрэг компаниас түүхий эдээ авч, зориулалтын агуулахдаа нөөцлөн, иргэдэд хямд, чанартай, баталгаатай, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнгүй, хадгалалтын хугацаа уртасгагч бодисгүй гурил үйлдвэрлэж байна.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон гэдгийг “Хүнс сервис” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Саранчимэг хэллээ.
Цаашид тус компани болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгжийг хөрөнгө оруулалтын зээлд аль болох хамруулж байвал таван жилийн дотор дотоодын зах зээлээ бүрэн хангаж, улмаар экспортод гаргах боломжтой гэж үздэгээ илэрхийллээ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгч 1,800 гаруй аж ахуйн нэгж 675 тэрбум төгрөгийн зээл авсан байна.
Хүнс, хөдөө аж ахуйн 19 төрлийн үйлдвэрлэлд шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжид импортын гаалийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж байгаа юм.