УИХ-ын дарга Г.Занданшатарын 2020 оны долдугаар сарын 31-нд гаргасан захирамжийн дагуу УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 17-нд эхэлнэ.
Ээлжит бус чуулганаар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Мөн “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслөөс гадна Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэхээр төлөвлөжээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.
Үүнээс гадна “Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэхээр тогтоожээ.