Өнгөрөгч онд олон нийтийн зүгээс багагүй санал, шүүмжлэлийг дагуулан байж УИХ-ын босго давж батлагдсан хууль бол Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль юм. Эл хуулийг батлах явцад хэд хэдэн өөрчлөлт орсон байдаг. Тэгвэл түгжрэлийг бууруулах хуульд тусгагдсан зарим чухал заалтуудыг та бүхэнд хүргэж байна.
-Такси үйлчилгээ эрхлэгчид тусгай зөвшөөрөл авч, үйлчилгээ үзүүлнэ-
Тус хуулийн заалтууд нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйлчлэх юм. Такси үйлчилгээ эрхлэгчид нь Зөвшөөрлийн тухай хуульд заасанчлан тусгай зөвшөөрлийн дагуу үйлчилгээ эрхлэх боломжтой. Такси үйлчилгээнд Нийслэлийн тээврийн асуудал хариуцсан байгууллага нь хяналт тавих аж.
-Нийтийн тээврийг хөгжүүлэх сантай болно-
Нийтийн тээврийг хөгжүүлэх сантай байхаар тусгажээ. Тус сан нь замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий зорилготой сан аж. Тус сангийн хөрөнгийг автобусны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн хэрэгсэлд техник, хэрэгсэл, зураг, дуу-дүрсний бичлэгийн болон хэмжилт-хяналтын төхөөрөмж суурилуулах, тоноглох болон авто зогсоол /автопарк/ барихад зарцуулах аж. Мөн энэ чиглэлд ажиллах хүний нөөцийг сургаж дадлагажуулах бөгөөд холбогдолтой эрдэм шинжилгээ судалгааны ажлуудыг ч мөн адил санхүүжүүлэх боломжтой юм.
Тус сангийн орлогыг хэд хэдэн эх үүсвэрээс бүрдүүлэх юм. Тухайлбал, шинээр олгох автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар худалдан борлуулсны орлого, нийтийн тээврийн хэрэгслийн авто зогсоол дахь барилга байгууламжийг хүн, хуулийн этгээдэд төлбөртэй ашиглуулсны орлого гэх мэт.
-Улсын дугаар олголтод хязгаарлалт тогтооно-
Мөн улсын дугаар олгохтой холбоотой заалт орсон. Тодруулбал, хуулийн есдүгээр зүйлд "Нийслэлийн тээврийн хэрэгслийн өсөлт, авто замын сүлжээний нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг харгалзан нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаарлалт тогтооно" хэмээн заажээ.
-Нийгмийн зайлшгүй хэрэгцээ шаардлагад үндэслэн газар чөлөөлөлтийг хийнэ-
Нийгмийн зайлшгүй хэрэгцээ шаардлагад үндэслэн газар чөлөөлөлтийг хийнэ. Зайлшгүй хэрэгцээ гэдэгт боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнээс гадна спорт, харилцаа холбоо, эрчим хүч, дулаан хангамж болон гэр хорооллыг орон сууцжуулах, хот тохижилт багтаж буй аж. Газар албадан чөлөөлөх шийдвэрийг Хотын дарга гаргана. Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн иргэнийг ажлын байраар хангах, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтад хамруулах ажлыг зохион байгуулж болно хэмээн хуульд тусгажээ.
Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөд нөхөх олговрын дараах хэлбэрийн аль нэгийг ашиглах юм. Үүнд:
-Газрыг газраар дүйцүүлэн олгох;
-Газрыг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр дүйцүүлэн олгох;
-Газрыг нөхөх олговрын мөнгөн зардлаар худалдан авах болон боломжит бусад аргаар дүйцүүлэн олгох юм.
-Дэд төвүүдийг эхний ээлжинд орон сууцжуулна-
Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дэд төвийн байршилд гэр хорооллыг тэргүүн ээлжид орон сууцжуулна. Төрөөс дэмжлэг үзүүлнэ.